Б.ЖАРГАЛСАЙХАН: МОНГОЛЧУУДАА, ГАЗРЫН ЗУРГАА ДАХИАД ЗУРЪЯ…

access_time 2019-04-11
remove_red_eye 265

 

1981 оны 6-р сард Уэлсийн ханхүү Чарльз Диана гүнжтэй гэрлэх ёслолыг үзэх гэж сая сая иргэд Букингемийн ордны гадаа бүхэл бүтэн сар хүлээж байв. Англичууд “Энэ хуримын ёслол эдийн засгийн хүндрэлтэй улс орны гутаранги иргэдийг хөгжөөсөн “СЭРГЭН МАНДАЛТ” байх болно гэж ярьж байлаа. Бүр шампанскаа бариад гудамжинд тулгаад л. Манайхаар бол 4 сая ам.долларын алмаз шигтгэсэн даашинз өмсөн баярхсан (Хэдэн зуун сая ам.долларын ашиг орлогоо англичууд цуглуулчихна) хурим яахаараа иргэдийн бахархлыг төрүүлэх болов. Үүнийг монголчууд ойлгохгүй байгаа юм.

Хамгийн нарийн тооцоотой гэгддэг Япончууд эзэн хаандаа хүндэтгэлтэй ханддаг, угсаа залгамжлах Нарухитогийн хаан ширээнд залрах ёслолыг тэсэн ядан хүлээж байгаагаа зарлав. Дэлхийн 196 орны нэр хүндтэй хаан, ерөнхий сайд, гүн боран, урлаг соёлын одод уригджээ. Бараг л Токиогийн олимпоосоо илүүд үзээд байх шиг. Америкчууд Ерөнхийлөгчийнхөө тангараг өргөх ёслолыг сая саяараа цуглан үзэж баяр хөөр болно. Тэдний нүдэнд улс орны ирээдүйд итгэх итгэл очтон бадарна.

Яагаад Англичуудын өмнөөс дэлхий нийтээрээ баярлаж, гашуудах ёстой юм бэ гэвэл хүн төрөлхтөн үргэлж гэрэл гэгээ рүү тэмүүлж явдаг. Энэ бүхний цаана Үндэсний бахархал, хүндэтгэл байгаа учраас Англи, Япончууд эзэн хаанаа шүтдэг. Америкчууд Ерөнхийлөгчөө тангараг өргөх болгонд “Сэргэн мандалт” гэж үздэг.

Монголчууд бидний бахархал юу юм бэ. Хэзээ сэргэдэг юм бэ, Эзэн Чингис хаанаас өөр юу байгаа юм бэ. Бид үндэсний бахархлаар цангаж байгааг 2008 оны олимп харуулсан. Монгол Улс үндэсний бахархалаа сэргээх, ирээдүйгээ гэрэл гэгээтэй харах цаг болсон. (Ирээдүйгээ гэрэл гэгээтэй харж чадахгүй учраас авлига аваад л, хулгай хийгээд л байгаа хэрэг. Залуус яасан гундуу алхана вэ) Ерөнхийлөгчийн засаглал, эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон хаан, дахин төрсөн зальжин хутагт хувилгаад биш ээ.

Сүүлийн 100 шахам жил жилд Монголчууд жигтэйхэн баярлаж, нэгдэн нягтарч байсан хэд хэдэн тохиолдол бий. Тухайлбал 1911 оны Манжийн дарлалаас чөлөөлөгдсөн, 1921 оны ардын хувьсгал ялсныг нотлон харуулж баталгаажуулсан 1924 оны анхны “Үндсэн хууль” байв. Кино энэ тэр дээр ч бий дээ. “Манайх чинь дэлхий дахин хүлээн зөвшөөрөгдсөн “Үндсэн хууль”-тай улс шиг улс” гэж.
Дараа нь буюу 1940 онд Үндсэн хуульд нэмэлт оруулахад ард иргэд жигтэйхэн баярласан юм билээ. Нөгөө айхтар хэлмэгдүүлэлт дууслаа, оросын нөлөө байхгүй болов, Монгол Улс “Үндсэн хууль”-даа эрх чөлөөгөө тунхагласан юм байна” гэсэн ойлголтыг өгсөн.

1960 оны Үндсэн хуулийн өөрчлөлт эх орны дайн, хамтрал, нэгдэлжих хөдөлгөөний дараа болжээ. Малаа 200 саяд хүргэ гэсэн “Эцэг” Сталингийн үүрэг даалгавар бүтэлгүйтсэн үе. 1960 оны Үндсэн Хуулийн өөрчлөлтийн дараа Сүхбаатарын талбай дээр Монголчууд туг бариад гараад ирсэн гэж Б.Чимэд гуайг ярьж байснийг санаж байна. Үндсэн хуулийн өөрчлөлт болгонд нам төрийн удирдлагууд Бодоо, Данзан, Бумцэнд, Х.Чойбалсан, Цэдэнбал нар ухуулга сурталчилгаа хийсэн, иргэдтэй уулзсан байдаг.

1992 оны Үндсэн хуулийн өөрчлөлт “Соц” нийгэм нуран унасныг тэмдэглэн үлдээж, өөр нийгэм рүү шилжих баримт бичиг байв. Үндсэн хуулийг улс орны хөгжлийн газрын зураг, төлөвлөгөө гэж ойлгодог. Харамсалтай нь газрын зургаараа бус гажуудлын зургаараа явцгаалаа даа.
Монголчуудын хувьд Үндсэн хууль бахархалт бичиг баримт, төлөвлөгөө, хөгжлийн газрын зураг мөн. Газрын зургийг яаж зурдаг юм гэхээр нөхцөл байдлыг явж үзээд, туршуулуудаар туршуулаад (Бусад орны туршлага гэсэн санаа шүү) хийдэг төлөвлөгөө юм. Ийм учраас Англи, Япон, Орос, АНУ шиг үндэсний “Сэргэн мандалт”-тай болъё. Ард түмэн “Энэ хөгжил, жолоодлогыг буруу гэж үзээд Үндсэн хуулиа өөрчиллөө” гэж баярлаг.

Үнэндээ бол Үндсэн хуулийн өөрчлөлт бол “Энэ тогтолцоо буруу байна” гэсэн засвар үйлчилгээ, замын чиглэл юм шүү. Г.Занданшатарын тэргүүлсэн УИХ-ыг монголчуудын оюун санаанд “СЭРГЭН МАНДАЛТ” хийж нийгмийн гажуудал завхарал, бүлэглэлийн гаж тогтолцоог “Үндсэн хууль”-д өөрчлөлт оруулах засчих болов уу гэж горьдоод явна. Тамхины хяналтын тухай хуулинд оруулах зүйл заалт шиг нууж биш өргөн олноороо хэлэлцэж, иргэдийн санаа бодлыг сонсож (Г.Занданшатар, Д.Лүндээжанцан, Н.Энхбаяр нарын ажил ч биш) бүх нийтээрээ хөдлөмөөр байгаа юм. Улс орны ажил юм шүү. “Үндсэн хууль”-даа өөрчлөлт оруулчихаад англичууд шиг, япончууд шиг шоугаа хийе л дээ. МАН олонхи байгаа дээр ийм алхам хийж чадахгүй бол дараа дараагийн парламент хийх бололцоо, нөхцөл бүрдэхэд тун хэцүү…

ЭХ СУРВАЛЖ:socialmedee.mn

 

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549