Гэрээ хэрхэн гоё үнэртэй болгох вэ

access_time 2019-04-10
remove_red_eye 167

Хүн бүр өөрийн гэсэн үнэртэй байдгын адил айл бүр өөрийн гэсэн үнэртэй байдаг гэдэгтэй санал нийлэх үү? Зарим айлд ороход нээх тийм гоё үнэр угтдагдаа! Тэгвэл хэрхэн гоё үнэртэй гэртэй болох талаар хүргэж байна.

Эхлээд эвгүй үнэрийг дарцгаая!

Галын өрөөний үнэр

Ямар ч төрлийн хоол хийсэн гэрээр нэг үнэртэх нь бий. Хоолны үнэр хамгийн сайхан үнэрүүдийн нэг ч гэлээ байнга гэрээс үнэртвэл муухай биздээ. Тиймээс хоол хийж байх явцдаа агааржуулагчаа байнга ажиллуулж хэвшихийг зөвлөж байна. Мөн загас шарах, адууны мах чанах гэх мэт онцгой үнэртэй хоол хийхдээ үнэрийг удаан байлгахгүй арга хэмжээг аваарай. Жишээ нь та загасны махын үнэрийг хэрхэн дарах талаар ЭНЭ нийтлэлээс уншина уу.

Мөн галын өрөөний угаалтуураас эвгүй үнэр үнэртэх нь их. Ийм эвгүй үнэр гаргахыг хүсэхгүй байвал аяга, таваг дээрх хоолны үлдэгдлийг угаахаасаа өмнө хаяж хэвшээрэй. Мөн аяга, тавгаа угаасны дараа тогтмол тосгуураа арчиж цэвэрлэж хэвшээрэй. Байнга ус гоождог чийглэг газар нян, бактер үржих таатай нөхцөл болдог гэдгийг мартаж болохгүй.

Хөргөгч, шүүгээгээ тогтмол шалгах: Хэзээ үлдээснээ ч санадаггүй, хугацаа нь дуусаад удчихсан, муудчихсан, хөгц үүсчихсэн хүнс, бүтээгдэхүүн шургуулга, хөргөгчний тань буланд байгаа юм биш биз? Бүтээгдэхүүний хугацаа, хадгалах нөхцөлтэй сайтар танилцаж хадгалж байгаарай. Мөн хоол, хүнсээ цуглуулахдаа урт хугацаагаар бус богино хугацаагаар олон давтамжтай цуглуулах нь илүү эрүүл бөгөөд чанартай хоол хүнс хэрэглэх үндэс юм шүү.

Гал тогооны тавилгын булан тохойг сайтар цэвэрлэх: Бидний нүдэнд үл анзаарагдах зүйлс /хоолны үлдэгдэл, будаа, гурил, чихэр/ нарийн завсар, шкабын булан доогуур чигжээд орчихдог. Эдгээр зүйлсийг тогтмол арчиж цэвэрлэх нь эвгүй үнэр гарахаас урьдчилан сэргийлэх болно.

Угаалгын өрөөний үнэр

Хамгийн их чийг хуримтлагдаж байдаг газар бол мэдээж угаалгын өрөө. Зарим айлын хэт чийгнээс болж хөгц үүссэн ч байдаг. Тэгэхээр мэдээж хамгийн их анхаарч байх газар юм. Та Угаалгын өрөөгөө хэрхэн сайхан үнэртэй байлгах вэ? нийтлэлээс ус зайлуулах хоолой болон бусад зүйлстэй холбоотой эвгүй үнэрийг хэрхэн дарах талаар уншаарай.

Хэрхэн сайхан үнэртэй өрөөтэй болох вэ?

Үнэртүүлэгч хэрэглэх

Их цэвэрлэгээ болон тогтмол цэвэрлэгээний дараа зориулалтын үнэртүүлэгчийн хэрэглэж болно. Ялангуяа угаалгын болон ОО-ын өрөөнд зориулсан үнэртүүлэгч гадуур элбэг зарагддаг. Та өөрийн үнэрлэх мэдрэмж, мэдрэг байдалдаа тааруулан харшил өгөхөөргүй бүтээгдэхүүний сонгон хэрэглэж болно.

Харин зочны өрөө, унтлагын өрөөнд илүү тансаг савлагаа бүхий үнэртүүлэгч сонгох нь гэрийн тань үзэмжид зохицох болно.

Лаа асаах

Хуушуур, боорцог хайрах, төмс шарах гээд хэншүү их гаргасан үедээ бүх өрөөндөө лаа асаах нь хэншүүг арилгахад туслах болно. Мөн үнэртэй лаа нь таны гэрийг сайхан үнэртэй болгоно. Сүүлийн үед эфирийн тосны уусмалыг лаатай хослуулан хэрэглэх болсон. Энэ нь гэрийн тань үзэмжийг нэмж, сайхан үнэртэй болох бас нэгэн арга юм. Гэхдээ эфирийн тосыг сонгохдоо байгалийн гаралтай, үнэртэй ус агуулаагүй бүтээгдэхүүнийг сонгохыг зөвлөж байна.

Ганга

 

Арцны оронд ганга хэрэглэж болдгийг ихэнх хүмүүс мэдэх байх. Эмийн зориулалттай энэ бүтээгдэхүүн чийгийг өөртөө шингээж сайхан үнэр гаргадаг гэдгийг мэдэх үү? Одооноос угаалгын өрөөндөө ганга өлгөөрэй. Энэ нь эрүүл мэндийн хувьд ч маш сайн хөрөнгө оруулалт байх болно.

Агааржуулагч хэрэглэх

Энэ аргыг ихэнх хүмүүс хэрэглэдэг гэдэгт итгэлтэй байна. Тиймээс гол нь та хаана хэрэглэх, харшил үүсгэгч бодистой эсэхэд анхааран сонголтоо хийгээрэй.

Хувцасны дагширтссан үнэрийг дарах

Удаан хугацаанд өмсөөгүй хадгалсан хувцаснаас эвгүй үнэр үнэртэх нь бий. Угаагаад арилгаж болох ч анхнаасаа зөв хадгалбал иймэрхүү асуудал мэдээж үүсэхгүй. Хэрхэн зөв хадгалах вэ?

  • Угаагаад цэвэрхэн болгож хадгалах
  • Хувцсаа төрөл, төрлөөр нь хадгалах /Өмдийг цамцтай, дотуур хувцсыг оймстой холихгүй гэх мэт/
  • Хувцасны зориулалтын үнэртүүлэгч ашиглах /цаасан үнэртүүлэгч, цацдаг үнэртүүлэгч/
  • Хувцас хадгалж байгаа газраа дууссан үнэртэй усны сав хамт хийх
  • Боломжтой бол байнга салхи оруулж байх.

Цэцэг тарих

Амьд цэцэг ч байж болно. Гэхдээ агаар цэвэршүүлэх, хүчилтөрөгч түгээх ногоон ургамлыг гэртээ тарих нь илүү үр дүнтэй бөгөөд ашиг тустай мөн урт удаан хугацаанд хамт байна. Та гэрт хүчилтөрөгч бэлэглэх ургамлын талаар дараах нийтлэлээс илүү дэлгэрэнгүй уншаарай.

Цэвэр агаар бэлэглэдэг хамгийн супер ургамлууд

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549