Жүжигчид, бизнесменүүд хэрхэн Ерөнхийлөгчөөр сонгогдож байна вэ?

2019-04-09 607 0

 

Доналд Трампыг эсэргүүцэгчид байнга популизмд түүнийг буруутган 2020 онд хариугаа авахаар найдаж буй. Саяхан ямар нэгэн улс төрийн туршлагагүй, ижил хүйстэн, хар арьст эмэгтэй Лори Лайтфул Чикаго хотын даргаар сонгогдсон нь тэрслүү улстөрчдийн эрэлт өндөр байгааг харууллаа.Ямар улсуудад бизнесмен, жүжигчид, хошин шогчид төрийн эрх авч байв, цаашид хаана засаглах вэ?

Чикаго хотыг ижил хүйстэн удирдана

“Намайг хотын даргаар сонгосноор та бүхэн түүхийг гартаа авлаа. Ямар арьстай, хэнийг хайрладагаар нь ялгаварлан гадуурхдаггүй хотын түүхийг бид эхлүүллээ” гэж Лори Лайтфул сонгогдсоныхоо дараа хотынхонд хандан хэлжээ.Сонгуулийн хоёрдугаар шатанд Лайтфулын төлөө сонгогчдын 74 хувь нь санал өгсөн юм. Тэрбээр холбооны тойргийн прокурорын туслахаар олон жил ажилласан бөгөөд улс төрийн гойд туршлагагүй нэгэн.

“Эцсийн бүлэгт бид ард иргэдийн сонирхлыг нөлөө бүхий гэх улстөрчдийн хэсгээс дээгүүр тавих боломжтой боллоо. Нийгмийн гарал үүсэл нь чикагочуудын амьдралд нөлөөлөхгүй боллоо” гэж шинэ мэр хэлээд Америкийн улс төрийн элит давхаргынхныг тулаанд дууджээ.Сонгуулийн дүн яаж ч гарсан дуулиан дагуулах нь эхнээсээ тодорхой байжээ.Хотын сонгуульд нэр дэвшигч хоёр дахь хүн нь бас л өнгөт арьст Тони Преквинкл гэдэг эмэгтэй байсан юм.

                          Чикаго хотын шинэ дарга Лори Лайтфул ялалтаа тэмдэглэж байна

 

Лайтфулын албан ёсны “эхнэр” Эни Эшлемантайгаа 16 жил хамтран амьдарч байна. Ижил хүйстнүүдийн гэрлэлтийг Чикагод хуулиар зөвшөөрдөг болонгуут тэд шууд бүртгүүлжээ. Хосууд Вивьен Лайтфул гэсэн өсвөрийн охинтой.

Гэхдээ Лайтфулын ялалт нь зөвхөн арьсны өнгө ч биш бас ижил хүйстнүүдийг дэмжсэн хэрэг болж байна. Шинэ дарга прокурорт ажилласнаараа хотынхон дунд нэр хүндтэй болжээ. Чикаго нь гэмт хэрэг, авлигаар Америктаа алдартай. Лайтфул гэмт хэрэг, албан тушаалаа урвуулан ашиглахтай амжилттай тэмцэж иржээ.

Вашингтоны намгийг хатаах

Сонирхолтой нь Лайтфулын амжилтыг Вашингтон харин ч Доналд Трампын хоёр дахь удаагаа сонгогдох магадлалтайг харуулсан хэрэг гэж үзэв. Сонгуулийн өмнөх кампанидаа этгээд тэрбумтан улс төрийн дээд хүрээтэй холбоогүй гэдгээ онцолж байлаа.

Ерөнхийлөгчийн гурван жилдээ АНУ-ын өнөөгийн тэргүүн улс төрийн элит давхаргад багтаж амжаагүй. Өөрөө ч түүнд эрмэлзэхгүй байгаа юм.

“Вашингтоны намгийг хатаах төлөвлөгөө нь бид захиргаанаас явсны дараа ч албан тушаалтнуудад лобби хийхийг хориглоход чиглэгдсэн. Гадаадын ашиг сонирхол болон албан тушаалтнуудын төлөөх лобби хийхийг бүх насаар нь хориглох асуудлыг бид тавина” гэж нэг биш удаа Трамп давтаж байсан юм..

Тэрслүү Ерөнхийлөгчийн өнөөгийн байдал , түүний сонгуульд нэрээ дэвшүүлсэн үеэс асар ялгаатай.Тэр үед бизнесмений шулуухан үг, шахан түрэлт, твиттерээр сонгогчтойгоо шууд харилцсан зэргийг бүдүүлэг доголдол гэж үзэж байсан. Харин одоо түүний чансаа тогтвортой. Популизм зөвхөн Америкт ч биш дэлхийд өсөн нэмэгдэж байгаа. Трампын өрсөлдөгчид хүртэл түүнийг дахин сонгогдох өндөр магадлалтай гэж үзэж байна.

“Би амжилттай бизнесменээс телевизийн од, АНУ-ын Ерөнхийлөгч болж чадсан хүн. Эхний оролдлогоороо л үүнийг хийсэн. Энэ нь би зүгээр нэг ухаантай хүн биш суутан, тэр дундаа тогтвортой суутан гэдгийг харуулж байна” хэмээн Трамп өөрийгөө үнэлжээ.

Дуулиант Ерөнхийлөгчийн чансаа 40 хувийн түвшинд байгаа. Ардчилагчид ирэх сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчээ тодорхойлж чадахгүй байгаа нөхцөлд Трамп хамгийн нэртэй улстөрч хэвээрээ л байна.

© РИА Новости / Антон Денисов Доналд Трампын дүрстэй Матрешка

 

“Хүний эрхийг би нулимна”

Филиппины Ерөнхийлөгч Родриго Дутертег Трамптай адилтгах нь олон. Тэрээр засгийн эрхэнд Трампаас хагас жилийн өмнө гарч ирсэн юм. Гэхдээ илүү улс төрийн туршлагатай, олон жил Давао хотын дэд тэргүүнээр ажиллаж байжээ.Мөн тэрээр Трамп шиг л бэлэн зэлэн үгтэй, уулзаж буй хүнийхээ тухай бодсоноо шууд хэлэн заримдаа хараадаг.

 

“Чи хүндэтгэл илэрхийлэх ёстой. Америк мундаг гэж гайхуулаад байх хэрэггүй. Бидний хаягаар хоосон асуудал хаяад хэрэггүй. Филиппин бол АНУ-ын колони биш. Чи бол гөлөг” гэж тэр АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обамаг доромжилж байлаа. Дараа нь уучлалт гуйсан ч Дутарте ам хэлээ барьж чаддаггүй, удалгүй шинэ хараал хэлж, дахиад л дуулиан дэгдээж байлаа.

” Пан Ги Мүн чамайг зөвхөн тэнэг гэж би хэлмээр байна. Би гэмт хэрэгтнүүдтэй тэмцэх кампаниа үргэлжлүүлнэ, надад тэдний эрх хамаагүй” гэж Дутарте тэр үеийн НҮБ-ын даргад хандаж байлаа.

Дэлхийн удирдагчид Филиппины засаг захиргааг хар тамхины наймаатай хийж байгаа арга барилынх нь төлөө ихээхэн шүүмжилдэг. Филиппинчуудад тэднийг шүүхгүйгээр хөнөөхийг зөвшөөрсөнд асуудал байгаа юм.

“Филиппинд гурван сая хар тамхичин байна. Тэднийг хөнөөсөн бол би баяртай байх болно. Хэрэв та нар тэднийг мэдэж байгаа бол тэднийг алцгаа, харин би та нарыг хуулийн өмнө хамгаална” гэж Дутарте нэг биш удаа хэлж байв. Түүнийхээ төлөө тэр Залхаан цээрлүүлэгч гэсэн хоч авсан юм.

Тус улсад хүмүүс алга болж эхлэв. Хожим тэдний ихэнхийг алдагдсан байхыг олсон юм. Ерөнхийлөгчийн засаглалын дөрвөн жилд хар тамхинаас үүдэлтэй хэргээр дөрвөөс 13 мянган хүн амиа алджээ. НҮБ эл хэргийг авч үзсэн бөгөөд хүний эрх зөрчихийг зогсоох бүх уриалгад нь тэр бүдүүлгээр хариу барьж байлаа.

“Хүний эрхийг би нулимна. Хэрэв хар тамхичин миний эх орныг сүйтгэж байгаа бол би түүнийг хөнөөнө. Хэрэв чи манай хүүхдүүдийг хөнөөж байгаа юм бол би чамайг устгана” гэж тэр хэлсэн байдаг.

Хүн ам нь тэрслүү үзэлт Ерөнхийлөгчөө дэмжиж байв. Трампынх шиг түүний чансаа одоо ч тогтвортой.

Доналд Трамп, Филиппины Ерөнхийлөгч Родриго Дутерте нар АСЕАН-ы саммит дээр, 2017 он

 

Ард түмний зарц

Украины Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шатанд жүжигчин, бизнесмен Владимир Зеленский шалгарсан нь тэрслүү үзэлтэй улстөрч Украинд ч эрэлттэй байгааг гэрчилж байна.

Украинчууд түүнийг “Ард түмний зарц” гэдэг олон ангит киноны Ерөнхийлөгчийн дүрээр хараад дасчихаж. Уг цувралд сургуулийн түүхийн багш Василий Голобородько хэрхэн төрийн тэргүүн болсон тухай өгүүлдэг. Зеленскийн бүтээсэн дүр нийгмийн дээд давхаргынхнаас холбоогоо таслан энгийн иргэдийн.хүчинд тулгуурлан олны дэмжлэгийг авч чаддаг. Харин жинхэнэ сонгуулийн явцад өрсөлдөгчид нь түүнийг мэргэжлийн улстөрч биш, популист гэж хичнээн муулсан ч олон нийтийн санаа бодолд нөлөөлсөнгүй. Хоёр долоо хоногийн дараа украинчууд одоогийн Ерөнхийлөгч Петр Порошенко, жүжигчин хоёрын нэгийг сонгоно. Олон нийтийн санал асуулгаар Зеленский одоогоор тасархай түрүүлж явна.

Владимир Зеленский сонгуулийнхаа штабт

 

Дөрөвдүгээр сарын 19-нд төлөвлөгдөөд байгаа Зеленский, Порошенко нарын халз мэтгэлцээн “Олимпийн” цэнгэлдэхэд явагдана. Украинчууд үзүүштэй шоу болно гэж найдан бооцоо тавьж эхэлжээ. Ихэнх нь мэтгэлцээнд жүжигчин ялна гэдэгт итгэлтэй байгаа гэнэ. Тэд үүнтэй холбоотойгоор Америкийн Ерөнхийлөгч агсан Рональд Рейганыг дурсах болсон байна.

Холливудын жүжигчин Рональд Рейган АНУ-ын Ерөнхийлөгчөөр найман жил ажилласан. Тэрээр радио, телевизээс эхлэн дараа нь кинонд тоглосон ч улсынхаа Ерөнхийлөгч болохыг хүүхэд ахуйгаасаа мөрөөдөж иржээ.

Үнэндээ хэвлэлийнхэн Зеленскийг Бразилийн циркийн алиалагч, хөтлөгч Тиририка хочтой Франсиско Эверардотой зэрэгцүүлэн үздэг. Тиририка гэдэг нь “ууртай” гэсэн утгатай аж. Бичиг үсэггүй алиалагч эр 2009 онд Үндэсний конгрессийн сонгуульд оролцож үнэмлэхүй ялалт байгуулсан юм.

Тиририкийн сонгуулийн гол уриа нь “Одоо байгаагаас дордоно гэж үгүй” гэсэн байв. Тэрбээр төрийн түшээд үнэн хэрэгтээ юу хийдгийг мэднэ гэж амалжээ. Зеленский мөн л элитийн дунд эмх журам тогтоохоор амласан байгаа. Гэхдээ үүний тулд тэр сонгуулийн хоёрдугаар шатанд ялах ёстой.

Холбоотой мэдээ