“Монголын зэс корпораци”-ийнхан шүүх дээр дахин нэг ялагдал хүлээлээ

2019-04-09 340 0

 

 

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар “Алтайн гянт” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг өнөөдөр буюу 4 дүгээр сарын 8-ны өдөр хянан хэлэлцлээ.

Нэхэмжлэгч “Алтайн гянт” ХХК нь Ашигт малтмалын газрын даргын 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 615, 616 дугаар тушаалуудыг хүчингүй болгож, 12959А тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг сэргээх шаардлагыг шүүхэд гаргасан юм. Тус компани нь Багануурын уурхайн 468 сая тонны нөөцтэй хэсгийг эзэмшдэг. Эзэн нь Ц.Пүрэвтүвшин хэмээх 31 настай залуу бий. Уншигчид энэ залууг сайн мэддэг болсон бөгөөд Эрдэнэт үйлдвэр болон Монголросцветмет нэгдлийн 49 хувь, “Алтайн гянт” ХХК-ийн цорын ганц эзэмшигч нь Ц.Пүрэвтүвшин юм.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр хянан хэлэлцээд нэхэмжлэгч “Алтайн гянт” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг.

Харин Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдөр хянан хэлэлцээд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэж байсан юм.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн өнөөдрийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ гэж Улсын дээд шүүхийн хэвлэлийн албанаас мэдээллээ. Өөрөөр хэлбэл, “Монголын зэс корпораци”-ийнхан Эрдэнэтийн 49 хувиа алдаад байгаа ба энэ удаад дахин нэг хүнд цохилтонд орж, 468 сая тонны нүүрсний нөөцтэй талбайгаа “Багануур” ХК-д алдсаныг өнөөдрийн шүүхийн шийдвэр баталгаажууллаа.

 

Холбоотой мэдээ