С.Чинзориг: Капитал банкинд НДС-аас байршуулсан 101 тэрбум төгрөгийн үлдэгдлийг Монголбанк төлнө

access_time 2019-04-09
remove_red_eye 253

 

“Капитал” банкийг татан буулгасантай холбогдуулан  ХНХ-ын сайд С.Чинзориг сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам Капитал банкнаас хичнээн төгрөг авах ёстой вэ?

-Капитал банкинд нийгмийн даатгалын сангаас болоод Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас мөнгө байршуулсан байдаг. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 7,2 тэрбум төгрөг байршуулснаас зургаан тэрбум төгрөгийг сүүлийн зургаан сард багтаан барагдуулсан. Одоо 1,2 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Нийгмийн даатгалын сангаас 2009 оноос эхэлж чөлөөт үлдэгдлийг Капитал банкинд байршуулж ирсэн. Энэ хөрөнгийн хэмжээ нэмэгдэж 280 тэрбум төгрөгт хүрээд байсан.

Би Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар томилогдсоноосоо хойш Капитал банкинд байршуулсан хөрөнгийг нилээдгүй багасгах зорилт тавьсан. Энэ хүрээнд 280 тэрбум төгрөг байсныг татаж, одоо 101 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй болсон байна.

Эхний ээлжинд иргэдийн хадгаламжийг барагдуулах арга хэмжээ авна. Дараагаар нь Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл болох энэхүү 101 тэрбум төгрөгийг ямар хугацаанд, ямар хуваарийн дагуу гаргах графикийг Монголбанктай хамтран гаргах байх.

-Сангуудад эрсдэл үүсэх үү?

-Сангуудад эрсдэл үүсэхгүй. Иргэдийн хадгаламжийг даатгалын сангаас барагдуулах хуультай. Эрсдлийг Монголбанк тогтоох эрхтэй. Иймд удахгүй Монголбанкны эрх хүлээн авагчтай уулзаж, Нийгмийн даатгалын сангийн эрсдлийг ямар хугацаанд гаргуулахыг асууна.

Бусад сангуудтай холбоотой асуудлыг би мэдэхгүй. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сантай холбоотой асуудал ийм байна.

-Эрсдэл үүссэн нөхцөлд мөнгөө арилжааны банкууд байршуулах уу?

-Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг арвижуулдаг, хуримтлал бий болгодог хууль эрх зүйн хоёрхон үндэслэл бий. Эхнийх нь засгийн газар үнэт цаас худалдан авах байдаг. Сүүлийн хоёр жил Засгийн газар дотоодын зах зэээлээс хөрөнгө урсгахгүй гээд дотооддоо бонд гаргахгүй байгаа. Иймд арилжааны банкинд байршуулах боломж бий.

-Буцаан авах гэдэг Капитал банкны эзэмшигчдээс авна гэсэн үг үү, эсвэл Монгол банкнаас буюу татвар төлөгчдийн мөнгөнөөс гаргах уу?

-Монголбанк тухайн банкны эрх хүлээн авагч учраас төлнө. Капитал банкны зарим хөрөнгийг борлуулах, худалдах гэх мэт ямар нэгэн аргаар эрх хүлээн авагч нь хохирлыг барагдуулна. Тиймээс Монголбанк ямар эх үүсвэрээс мөнгө босгох нь тодорхойгүй байна. Иймд Нийгмийн даатгалын сангийн 101 тэрбум төгрөгт ямар нэгэн эрсдэл, алдагдал хүлээн гэсэн ойлголт байхгүй гэдгийг хэлмээр байна.

-Төрийн сангийн мөнгөнүүдийг өөр ямар банкуудад байршуулж байгаа вэ?

-Намайг сайдаар томилогдоход жижиг арилжааны банкууд дээр байршиж байсан. Түүнээс хойш өөрчилж, Хаан, Төрийн банкинд нийгмийн даатгалын хөрөнгийг байршуулахаар ажилласан. Бусад сангийн үлдэгдэл дээр эрсдэл хүлээхгүй.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549