ЦУСАН СУУЛГЫН НЯН 30 ХҮНД ИЛЭРЧЭЭ

2019-04-09 587 0

 

Нийслэлийн Баянзүрх дүүрэг дэхь SSM (Singapore school of Mongolia) сургуульд хоолны хордлогын дэгдэлт гарсан талаар өмнө нь мэдээлсэн.

Өчигдрийн байдлаар тус сургуулийн 73 хүнд лабораторийн шинжилгээ хийснээс 30 хүнд цусан суулгын нян илэрчээ.
Тухайн дэгдэлтийн хоолны хамаарлыг судлахад тахианы бүрмэл шницель, кимбаб буюу далайн байцаатай будаа, алим, шарсан төмс харьцангуй өндөр эрсдэлтэй гарсан байна. Өвчтөнүүдийн биеийн байдал сайжирч байна.

Одоогоор хоол, хүнсний шинжилгээг Мэргэжлийн хяналтын лабораторид хийж байна.

НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёл, хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш “Манай байгууллагаас “Үдийн цай” хөтөлбөрийн хяналт дээр төлөвлөгөөт болон урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийдэг. Энэ сургуульд манайхаас “Үдийн цай” хөтөлбөр хэрэгжүүлэх дотоод хяналт тавьж ажиллах талаар мэдэгдэл хүргүүлсэн. Сургуульд гарсан хордлого тахианы махнаас болсон уу, уснаас болсон уу гэдгийг лабораторийн шинжилгээгээр тогтооно.

Манай байгууллагаас сургуулийн үйл ажиллагааг түр зогсоосон. Гал тогоонд хэрэглэж байсан уснаас гурван дээж, хоолны 12 бүтээгдэхүүнээс 10, арчдас ес, агаар нэг, тахианы махнаас найман дээж, нийт 43 дээж авч Улсын мэргэжлийн хяналтын төв лаборатори болон Улсын мал эмнэлэг, ариун цэврийн лабораторид шинжилгээ хийлгүүлэхээр хүргүүлсэн. Одоогоор шинжилгээний хариу гараагүй байна” гэв.

Холбоотой мэдээ