“Эрдэнэт үйлдвэрийн Эрсдлийн сангаас 40 сая ам.долларыг гаргаж Стандарт банкны өрийг төлсөн”

access_time 2019-04-05
remove_red_eye 166

 

“Стандарт” банкнаас уг мөнгийг нэхэмжилсэн хоёр хувь албан бичгийг Монгол улсын Засгийн газар болоод “Монголын Зэс Корпораци” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшинд хаяглан ирүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.

“Стандарт” банкнаас ирүүлсэн бичигт “ “Эрдэнэт” үйлдвэрийг тав хоногийн дотор өрөө барагдуулахыг сануулсан. Хэрвээ өрөө төлөхгүй бол үйлдвэрийг битүүмжилнэ” гэж бичсэн гэдэг.

Тэгвэл “Стандарт” банкны энэхүү өрийг төлж барагдуулсан гэж Шадар сайд Ө.Энхтүвшин, “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн нар мэдэгдлээ. Ингэхдээ татвар төлөгчдийн 40 сая ам доллароор тус өрийг барагдуулсан байна.

Шадар сайд Ө.Энхтүвшин энэ талаар “Анх Жаст группийн Ерөнхий захирал Ш.Батхүү Өмнөд Африкийн “Стандарт” банктай 2009-2010 онд зээлийн гэрээ байгуулж, 2012 он хүртэл нийт 160.1 сая долларыг авсан байдаг юм билээ. Үүнийгээ хугацаандаа төлөөгүй учраас “Стандарт” банк 2013 оны долдугаар сард Лондонгийн Олон Улсын Арбитрын шүүхэд хандсан байгаа юм. Ингээд Лондонгийн Олон Улсын Арбитрын шүүх нийт 4 удаа хуралдаж шийдвэр гарагсан. “Стандарт” банк Эрдэнэт үйлдвэрээс 86.95 сая ам.долларыг нэхэмжилсэн. Яагаад Эрдэнэт үйлдвэрээс нэхэмжилсэн бэ гэхээр Эрдэнэт үйлдвэр нь батлан даагчаар оролцсон гэж хэлсэн учир шүүх түүнийг баталгаажуулсан байна. “Жаст”-ын Ш.Батхүү би бүх бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн гэж зөндөө ярьсан ч шүүх түүнийг нь хүлээж аваагүй.

Ингээд Арбитрын шүүхээс 51 сая ам.долларыг Эрдэнэт үйлдвэр төл гэсэн шийдвэр гаргасан. Монголын тал мэдээж энэ шийдвэрийг зөвшөөрөөгүй. Английн шүүхэд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Гэхдээ энэ их төвөгтэй юм билээ. Давж заалдах эрхээ олж авахын тулд 51 сая ам.долларыг Стандарт банкинд байрлуулсан байх ёстой юм билээ. Гэвч тухайн үед энэ мөнгийг төлөх боломж байгаагүй.

Гэтэл Стандарт банк Английн улсын дээд шүүхэд төлбөрөө хурдан төлүүлмээр байна гэж гомдол гаргасан байгаа юм. Дээд шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталсан. Ингэхдээ бүр хатуу шийдвэр гаргасан. Нэгэнт эцсийн шийдвэр учраас төлөхөөс аргагүй байдалд хүрч, Ерөнхий сайдын захирамжаар 2018 оны наймдугаар сард Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдсан. Бид хэд, хэдэн удаа хуралдаад төлөхгүй бол ямар нөхцөл байдал үүсэх вэ гэдгийг судаллаа.

Нэгдүгээрт, Эрдэнэт үйлдвэрт төлөх төлбөрийн гүйлгээг царцаах.

Хоёрдугаарт, Стандарт банкны өр төлбөрийн асуудлыг даруй шийдэхгүй бол гуравдах этгээдүүдийн хөрөнгийг зарах

Гуравдугаарт, Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудыг гадагш, дотогш гаргахгүй байх. Гадна талд байгаа хөрөнгүүдийг хурааж авах асуудал, эрсдэлүүд байсан.

Ингээд төлөх нь зүйтэй гэсэн шийдвэрийг ажлын хэсэг гаргасан. Улмаар Стандарт банктай гэрээ хэлцэл, яриа хийсний эцэст 40 сая ам.долларыг хүү торгуульгүйгээр төлөхөөр тогтсон. Улмаар Эрдэнэт үйлдвэрийн Эрсдэлийн сангаас гаргаж, шилжүүлсэн. Нөгөө талаас хүлээж авлаа гэсэн бичиг ирүүлсэн байна. Одоо ингээд гадна талдаа асуудлаа шийдлээ. Одоо дотооддоо ажиллаж, хууль хяналтын байгууллага буруутай этгээдүүдэд хариуцлага тооцох ёстой. Буруутай этгээдүүд хариуцлага тооцох асуудал хууль шүүхийн байгууллагаар шалгагдаад явж байна” гэсэн юм.

Ийнхүү 40 сая ам.долларыг төлснөөр “Стандарт” банкинд төлөх өр, төлбөр дуусч байгаа аж. “Эрдэнэт” үйлдвэрийн Эрсдлийн санг “Стандарт” банкны өр төлбөрийг төлж барагдуулахад зориулж байгуулсан байх магадлалтай байна.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549