Т.Чимгээгийн ээж Ц.Марууш: Суугаагаараа үүрэглэж, хөдөлж болохгүй, жинхэнэ там, эрүү шүүлт юм гэсэн

2019-04-05 994 0

С.Зориг агсны амийг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэн улмаар хорих ангид хоригдож байсан Т.Чимгээгийн ар гэрийнхэн түүнийг эрүү шүүлтэд орж байсан тухай мэдээллийг олон нийтэд өгсөн байдаг. Энэ нь ч баримтаар нотлогдсон бөгөөд тэднийг эрүүдэн шүүж буй бичлэгийг УИХ-ын гишүүдэд үзүүлээд байгаа билээ.

Харин Т.Чимгээ ээж Ц.Марууш болон төрсөн дүү Т.Өнөрмөнх нартаа энэхүү эрүү шүүлтийн тухай ярьж байсан гэх бөгөөд тэдний өгч байсан ярилцлагын хэсгээс онцлон хүргэж байна.

Ц.Марууш: Тэр, хүн мөчилж алаад шоронд орсон Амгаланбаатар чинь, Чимгээгийн нөхөр Бямбасүрэнтэй үеэл ах дүү нар. Амгаланбаатар шоронд орсноосоо хойш Чимгээ, Бямбасүрэн хоёр руу эргэж ир, мөнгө төгрөг хэрэгтэй байна гэж хэлүүлдэг л байсан юм билээ. Нэг нь хөхүүл хүүхэдтэй, нөгөө нь ажилтай, үргэлж эргэж тойроод байх боломж байгаагүй байх л даа. Тэгж байснаа л Амгаланбаатар маань Чимгээ рүү мессэж бичиж эхэлсэн юм билээ. “Чи С.Зоригийг алаа биз дээ. Чамайг хэргээ хүлээхгүй бол ална хядна, бариулна” гээд л эхэлсэн гэдэг.

Т.Өнөрмөнх: Маш хүнд дарамтад байсан гэдэг юм. Төв аймгийн хориход, эхлээд найман сар подвалын хонгилд ганцааранг хорьсон гэсэн. Өрөөнийх нь таазны 4 буланд аалзны шүлс хэрсэн, булан нь онгорхой, хаалганых нь доогуур зайтай, цементэн шалтай, дээр нь гишгэхэд шороо пургисан, хана нь хөгцтэй, чийг даасан, өдөр шөнө болж байгаа нь мэдэгдэхгүй, хонгилын өрөөнд, гадна орчинд юу болоод байгааг мэдэхгүй, балай хүн шиг болгочихсон гэдэг. Тэгэхэд нөгөө, хүн мөчилж алаад хоригдож байгаа Амгаланбаатар коридороор хорихын атаман шиг явдаг байсан гэх юм билээ. Гэхдээ “Хорин таван жилийн ялтай ялтанд шээх газар байна уу” гэж хашхичин, Чимгээгийн камерын онгорхой нүхээр хараад: “Чи муу энд байгаа юм уу!” гэж заналхийлсэн гэдэг. Тэгээд ч зогсоогүй маргааш нь шөнийн 03 цагт камер онгойлгож орж ирээд 10-15 минут хэл амаар доромжилж, хэргээ хүлээ гэж дарамталж байгаад явсан гэдэг. Маргааш өглөө нь байцаагч Бямбажав полиграфийн шинжилгээ авах гэж шинжээчтэйгээ ирэхэд нь, эгч минь урьд шөнө болсон явдлыг хэлсэн байгаа юм. Тэгэхэд байцаагч нь “тийм юм болоогүй” гэж гүтгэсэн гэдэг. Энэ өрөөнд найман сар хориод 2016 оны тавдугаар сард дээд өрөөнд оруулсан юм билээ. Ээж болон биднийг уулзахаар юм ярьж чадахгүй уйлаад, намайг энэ харгис харанхуй газраас салгаж аваач гэж гуйдаг байсан. Миний эгч чинь зүрх муу, нойр булчирхай нь өвддөг, бие муутай хүн л дээ.

Ц.МАРУУШ: -Өнгөрсөн оны есдүгээр сард Эмэгтэйчүүдийн төв хориход очиж охинтойгоо уулзсан. Нөхөр, хүүхдүүдтэй нь очиж гурав хоног уулзах ёстой байсан боловч, тог тасарсан гээд хоёр хонуулаад л хөөсөн. Хэдэн эмэгтэйтэй нэг дор байсан. Хийсэн хэрэгтэй хүн бол шийдчихсэн, хувь заяатайгаа эвлэрчихсэн байх юм гэнэ. Чимгээ маань хийсэн хэрэггүй болохоор их хүнд хэцүү юм гэж байсан. Бас ганцааранг нь хорьж байсан. Өглөө зургаан цагт босгоод орой 10 цаг хүртэл суулгачихдаг, хэвтүүлдэггүй хэцүү юм гэж байсан. Суугаагаараа үүрэглэж, хөдөлж болохгүй, жинхэнэ там-эрүү шүүлт юм гэсэн.

Гурван жил хүнд хэцүү нөхцөлд хоригдсон эмэгтэй хүн ямар олиг байхав дээ. Умгар өрөөнд, суугаа нөхцөлд байсаар байгаад нуруу нь дээшээ тэнийж чадахгүй, бөгтийж өвддөг, тахийсан, нойр булчирхай, ходоод нь өвддөг, зүрх нь өвдөөд зүүн гар нь даагдахгүй болсон, шөнө унтаж чадахаа больсон байна билээ. Гар дээр нь өссөн эмээгээ, хайртай охиноо алдчихаад байхад нь хүний ёсоор оршуулгад нь ч оролцуулаагүй болохоор сэтгэл нь хямралгүй яахав. Тэхэд, Тагнуулын ерөнхий газрын Бархасбадь гэж хүн “Нүгэл чинь нүдээрээ гарч байна даа” гэж тохуурхсан гэдэг. Миний охин шоронд үхвэл амийг нь Бархасбадь мэтийн хүн чанаргүй байцаагчдаас нэхнэ.

Миний охин Чимгээ эхний найман сар Төв аймгийн мөрдөнд хоригдож байхдаа эмэгтэй хүн, тийм хүнд нөхцөлд зовлон даадгийг бие, сэтгэлээрээ мэдэрсэн гэдэг юм. Анх хоригдохдоо өмсөж ирсэн хувцсыг нь сар гаруй солиулаагүй, бие засах 00-ын цаас, ариун цэврийн хэрэгсэл байхгүй, өрөөнд тавьсан хувиндаа бие засаад тэр муухай үнэртэйгээ холилдоод байдаг байсан юм билээ. Арга ядахдаа өгсөн хар цайгаар нь дотуур хувцсаа угааж өмсдөг байсан гэсэн. Өнөөдөр хорин нэгдүгээр зуунд, Ардчилсан Монголд эмэгтэй хүнийг ингэж хорьж тамлаж болдог юм уу. Одоо би бол энэ аймшигт хүмүүсийн гараас охиноо амьд мэнд салгаж авах сан гэдэг ганцхан бодолтой л явна. Хилс хэрэгт тамлагдаж байгаа охиныхоо төлөө өөрөөс шалтгаалах бүхнийг хийнэ.

Эх сурвалж: Factnews.mn

Холбоотой мэдээ