Д.БУМ-ОЧИР: ӨРГӨЛ БАРЬЦ АВНА ГЭДЭГ ҮЙЛИЙН ҮРИЙГ ТЭГШИЛЖ БАЙДАГ ҮЙЛ ЮМ. ТӨЛӨӨСТЭЙ УЧРААС ТҮҮНИЙГ ТӨЛЖ БАЙЖ ҮЙЛЭЭ ХИЙЛГЭХ ЁСТОЙ

access_time 2018-09-29
remove_red_eye 678

 

– Бидний буруу тийшээ явж буй материалист ухааныг зөв тийш нь залж аврахын тулд бөөгийн шашин XXI дүгээр зуунд дэлхий дахинд дахин сэргэж байгаа юм –

Сүүлийн үед тэнгэрээс унаад ирэв үү гэлтэй чадал чансаатай нь мэдэгдэхгүй бөө олноороо “төрөх” болж. Үүнийгээ дагаад иргэд бөө мөргөлийн зан үйлийн талаар үнэн худал нь эргэлзээтэй мэдээллүүдээр дарагдах болжээ. Тиймээс бид бөө мөргөлийн шашны зан үйл, мөн чанар хийгээд цаашдын чиг хандлагын талаар МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн Нийгэм соёлын антропологийн тэнхимийн эрхлэгч, Доктор, Профессор Д.Бум-Очирыг “GoGo Cafe” буландаа урьж ярилцлаа.

Тэрбээр Монголдоо бөө судлалын чиглэлээр мэргэшсэн тоотой хэдэн эрдэмтдийн нэг бөгөөд 1998-2000 онд Хэл бичгийн ухааны доктор, 2002-2006 онд Английн Кембрижийн Их Сургуульд Нийгэм-соёлын хүн судлалын чиглэлээр тус тус докторын зэрэг хамгаалжээ.

Профессор Д.Бум-Очир нь 1995 оноос эхлэн бөө судлалын чиглэлээр ажиллаж эхэлсэн бөгөөд “Монгол бөөгийн зан үйл: Аман яруу найргийн төрөл зүйлс”, “Мөнх тэнгэрийн шүтлэг тахилга: Сан тахилгын судруудын эх бичгийн судалгаа” зэрэг олон арван эрдэм шинжилгээний бүтээл туурвисан байна. Ингээд түүний ярилцлагыг та бүхэндээ хүргэж байна.

БИД ХҮН ТӨРӨЛХТНИЙ ҮНЭТ ЗҮЙЛҮҮДЭЭ МАРТААД ШИНЖЛЭХ УХААНААР ТОЛГОЙ ТАРХИА ХИЙГЭЭД МАТЕРИАЛИСТ СЭТГЭЛГЭЭГЭЭР ХАНДАЖ ЭХЭЛСЭН. ИЙНХҮҮ БИД БӨӨ МӨРГӨЛӨӨ МАРТСАНБ

-Чингис хааны үед төрийн хэрэг шийдвэрлэхэд гол оролцоотой байсан бөөгийн шашин өнөөдөр үнэ цэнээ алдсан юм шиг санагддаг. Гэтэл XXI зууныг бөөгийн зуун хэмээн “нэрийдэх” боллоо.

-Энэ асуултанд нэг өгүүлбэрээр хариулах боломжгүй. Магадгүй нэг ярилцлагаар ч хариулж амжихгүй байх. Харин би энэ талаар жаахан ч гэсэн ойлголт өгч хариулахыг хичээе. Сэтгүүлч та бүхэн энэ асуултын хариултыг эрэлхийлж яваа нь зөв.

Бөө мөргөл нь Монголын хувьд үндэсний гамшгийн хэмжээнд хүрсэн гэж боддог юм. Яагаад гамшиг болж байна вэ гэвэл ийм нэр хүндтэй уламжлал маань өнөөдөр газарт унаж үүний уршгаар хүмүүс үхэж, өвдөж, худал хэлж, бие биенээ шулж мөлжих болсон. Ийм байдалд хүрсэн нь энэ цагт амьдарч буй Монголчуудын буруу биш. Харин олон зууны түүхэнд бөө мөргөл төдийгүй Монголын соёл уламжлалаа ойлгож мэддэг, дээдлэн шүтдэг ард түмэн өдрөөс өдөрт цөөрсөөр байгаагийн илрэл. Бөө мөргөл нэр хүндээ алдсан хамгийн том шалтгаан нь бид бөө мөргөлөө ойлгож мэдэхээ байсанд л учир оршиж байна. Хэчнээн агуу зүйл байсан ч бид түүнийг мэдэхгүй л бол үл тоомсорлоно, муухай харьцана. Тиймээс бөө мөргөлийн хэргийг гаргаж, жинхэнэ мөн чанарыг илэрхийлж чадахгүй.

-Түүхчид XIII зууныг бөө мөргөлийн оргил үе байсан гэж тодорхойлдог?

-Түүхчлээд үзвэл зарим судлаачид бөө мөргөлийн хөгжлийн мандал үе нь XIII зуунд байсан гэж үздэг. Би бол үүнтэй тэр болгон санал нийлдэггүй. Гэхдээ яг манай нийгмийн хүрээнээс харах юм бол зөвтгөж болно. Өөрөөр хэлбэл Монгол хүн бөө мөргөлийг хүлээн авч зөв зүйтэйгээр өөрийнхөө амьдралдаа оруулж ирсэн тэр оргил үе нь XIII зуун мөн байж болно. Харин бөөгийн онгодынх нь хөгжлийн оргил үе байсан эсэх нь тусдаа хариулт.

Түүхэндээ бол мөн үеэс хойш бөө мөргөл тасралтгүй уруудах шатандаа орсон. Учир нь янз бүрийн шашны урсгалууд Монголд дэлгэрсэн нь тодорхой хэмжээгээр үүнд нөлөөлсөн. Улмаар манжийн дарлалд бөө мөргөл төдийгүй бид соёлынхоо өв уламжлалаа тодорхой хэмжээгээр алдсан. Дараа нь Богд хаант засгийн газар үүсч бурханы шашинд шахагдаж байсан бөө мөргөл коммунизмтай нүүр тулж улам л гадуурхагдах болсон. Коммунизм гэлтгүй XX зуун бол өрнө дахины Шинжлэх ухаан гэж нэрлэдэг тэр зүйлийг хамгийн дээд ухамсраа болгон залж бусад зүйлийг огоорон мартсан үе байсан. Ингээд бид хүн төрөлхтний үнэт зүйлүүдээ мартаад Шинжлэх ухаанаар толгой тархиа хийгээд материалист сэтгэлгээгээр хандаж эхэлсэн. Ийнхүү бид бөө мөргөлөө мартсан. Бөө нарыг хэлмэгдүүлж, бөөг үгүйсгэж эхэлсэн. Бөө үгүй болж, бөөг судалдаг хүн ч алга болсон.

Бөө мөргөл нь хэний ч мэдэхгүй сэдэв болон орхигдсон. Харин 1990 оноос бүх зүйл чөлөөтэй болж ирсэн. Тэр үед бид өөрсдийн гэсэн үнэт зүйлүүдээ хайж эхэлсэн. Үүнийгээ дагаад өнөөх хаалттай байсан бөө мөргөл сэргэж эхэлсэн. Мэдээж дөнгөж сэргэж байгаа учир эмх замбараагүй байдал үүссэн. Үүнийг зохицуулах нийгмийн хэм хэмжээ, мэдлэг, ойлголт, засаг захиргаа байхгүй учраас хүн бүр дор дороо бөө мөргөлийн тухай өөрийнхөөрөө ойлгож, тайлбарлаж дуртайгаа хийж дураараа дургих болсон.

-Тэгвэл бөөгийн шашны агуу нь юундаа орших вэ. Энэ талаарх таны тайлбарыг сонсъё?

-Маш өргөн сэдэв. Шинжлэх ухаан хүчтэй хөгжиж хүн бүр материалист сэтгэлгээтэй болсон цагаас хүн төрөлхтөн өөрийгөө болоод дэлхийг устгаж эхэлсэн. XX дугаар зуунд хүн төрөлхтний сэтгэлгээний ухамсар нь материалын шинжлэх ухаан болж ирсэн. Үүний улмаас хүмүүс өөрийн таван мэдрэхүйд харагдаж мэдрэгдэж байгаа бүхнээ ертөнц хэмээн ойлгож, харин харагдахгүй, мэдрэгдэхгүйгээ оргүй хоосон хэмээн үгүйсгэх болсон. Өөрөөр хэлбэл аливаа бүхний цаад мөн чанарыг олж мэдэлгүйгээр нэг л амьдарна гэх далбаан дор өнгөцхөн амьдрахыг эрмэлзэх болов. Улмаар байгалиа ч хайрлахаа больсон. Мөн бидний энэ амьдрал төгсгөл болсон ч цааш үргэлжилдэг, бидний хийсэн муу үйл дараа төрөлд үйлийн үр болон ирж хариугаа авдаг гэсэн тэр ухамсар үгүй болсон. Бид нэгэнтээ хүн төрөлхтний агуу мөн чанараа алдаж эхэлсэн учраас бөө мөргөл болоод шашныхаа хэр агуу вэ гэдгийг мартаж эхэлсэн. Яагаад агуу вэ гэхээр хүн гэдэг амьтан бол нэг талаас бие махбодь, нөгөө талаас сүнс нийлж байж буй болдог юм байна.

Бөө гэлтгүй шашин нь хүнийг сайн сайхан байлгаж зөв амьдруулж дараа төрөлд нь илүү зөв зохист оруулж илүү гэрэл гэгээтэй амьдралд аваачдагт оршино. Тийм учраас бөө мөргөл болоод бусад шашин нь бидний зөв амьдралын гол утга учир байжээ. Гэтэл бид амьдралынхаа утга учрыг мэдрэхээ больчихсон. Зөвхөн байр машинтай болохын төлөө амьдраад сурчихсан. Бид энэ амьдралд яах гэж төрдөг вэ гэхээр тодорхой хэмжээний үйлийн үрийг гүйцээх гэж төрдөг. Тэрийг гүйцээсний дараа бидний сүнс дараа дараагийн илүү дээд эрэмбийн амьдрал, илүү гэгээрлийн шатанд очихоор зорьдог. Бид түүнийгээ мартсан. Тиймээс бидний буруу тийшээ явж буй материалист ухааныг зөв тийш нь залж аврахын тулд бөөгийн шашин XXI дүгээр зуунд дэлхий дахинд дахин сэргэж байгаа юм.

-Материалист сэтгэлгээнд эзэмдүүлсэн биднийг бөө мөргөл хэрхэн аврах бол?

-Айл болгон бөөтэй болж байна гэдэг бол айл бүрийн асуудал биш. Удам болгоны тухай асуудал. Нэг удамд хэдэн айл өрх ч байж болно. Хэрвээ удам болгонд бөө төрвөл тухайн онгодын эргэн тойронд байгаа бүхэн тодорхой хэмжээгээр хүн үхмэгц сүнс нь үлддэг юм байна гэх итгэл үнэмшлийг өөрийн эрхгүй авна. Бөөд итгэнэ, ойлгоно, хүндэтгэж эхэлнэ. Би 1995 оноос бөө судалж байна. Тэр үед бөөгийн талаар итгэх хүн ховор байлаа. Одоо энэ итгэлийн талаар Монголд ярих ч шаардлагагүй болчихож. Өнөөдөр бөө мөргөл нь гамшгийн хэмжээнд байгаа мэт боловч үхсэний дараа амьдрал байдаг юм байна, байгальтай зүй бус харьцвал байгаль экологийн тэнцвэр алдагддаг юм байна гэх ухамсар хүмүүст бага багаар сэргэж эхэлж байна. Бидэнд энэ ухамсар бага багаар сэргэснээр ертөнцийн мөхөл хийгээд насыг нэмэх боломжтой болж байгаа юм.

-Та нэгэн сонинд бөөгийн шашин нь пирамид хэлбэрээр хөгжиж эхэлж байна гэж ярьсан байсан. Энэ талаар тодруулахгүй юу?

-Өнөөдөр бөөгийн шашин төгс шатандаа хөгжөөгүй байгаа шүү дээ. Харин 1990 оноос хойш хөгжиж эхэлж байгаа талаар би өмнө нь ярьсан. Бөө мөргөл нь миний ойлголтоор пирамид хэлбэрээр хөгждөг. Пирамидыг хамгийн доод сууринаас нь эхэлж барина. Ингэхийн тулд маш олон тооны чулуу хэрэгтэй. Түүнтэй адилтгавал бөө мөргөлийн хөгжлийн суурийг тавихын тулд маш олон бөө төрөх учиртай. Мэдээж тэнд тоо нь олон, чанарын хувьд асуудалтай байж таарна. Харин дээшлэх тусмаа тоо нь цөөрч чанар нь сайжирч эхэлнэ. Тэр бол пирамидын орой юм. Тиймээс өнөөдөр пирамидийн суурийг бүрдүүлэх олон тооны чанаргүй бөө олшрох магадлал их байгаа нь харагдаж байна. Иймийн тулд өнөөдрийн бөө мөргөл агуу биш. Харин пирамид баригдаж дууссаны дараа агуу нь тодорхой болно.

БҮХ УДАМ УГСАА БӨӨТЭЙ БАЙХ БОЛОЛЦООТОЙ. ХЭН Ч ХЭЗЭЭ Ч БӨӨГӨӨР ТОДОРЧ БОЛЗОШГҮЙ

-Бөөгийн удамгүй хэрнээ бөө болох тохиолдол цөөнгүй гарсаар байна. Бараг л таван хүн тутмын нэг нь бөө болж байна гэхэд хилсдэхгүй байх. Нэг талаар энэ нь туйлшрал ч юм шиг санагддаг.

-Үүний учир нь чи бидний өвөг дээдэс 3000 жилийн өмнө бөөгийн шашинтай байж бөөг шүтэж байсанд оршино. Тийм учраас чи ч би ч удамдаа бөөтэй байсан гэсэн үг. Бүх удам угсаа бөөтэй байх бололцоотой. Хэн ч хэзээ ч бөөгөөр тодорч болзошгүй. Бөө ихээр төрж байгаа нь солиорол биш.

-Бөө гэж хэнийг хэлэх вэ? Хүмүүст ойлгомжтой энгийн үгээр тайлбарлавал…

-Бөөг Монгол хэлэнд хоёр зүйлийг холбож байдаг элч төлөөлөгч буюу улаач хэмээн тодорхойлдог. Харин тэрхүү улаач нь хүний болоод сүнсний ертөнцийг хооронд нь холбож хэл дамжуулж байдаг л хүн. Адилтгавал бидний гар утас л гэсэн үг. Улаачийн биед буух дээд зэрэглэлийн онгод тэнгэр буюу сүнс нь маш ариун байдаг учраас бөөгийн бие болоод сэтгэл ариун байх ёстой. Хэрвээ ариун байж чадахгүй бол онгод тэнгэр бууж ирэхгүй.

-Тэгвэл онгод гэдэг нь?

-Бөөгийн сүнс онгод болдог. Тиймээс тухайн бөөгийн өвөг дээдсийн биед нэвтэрч байгаа сүнсийг онгод гэж нэрлэдэг.

Онгод, тэнгэр гэдэг тусдаа ойлголтууд уу?

-Тусдаа. Эрэмбээрээ ялгаатай. Онгод гэгээрэх тусмаа тэнгэрт гарна. Тэнгэрт гарахаараа тэдний нас мянга мянган жилээрээ тоологддог.

-Онгод биед орох үед улаач нь ухаан алдах тохиолдол гардаг. Энэ нь юутай холбоотой вэ?

-Нэг онгодоос “улаачаа ухаан алдуулахгүйгээр орж гарч болдоггүй юм уу” гэж асуухад “би наадахыг чинь унагаад байгаа юм биш, намайг ойртохоор л өөрөө унаад байна” гэж хариулж байсан. Тэгэхээр тухайн бөөгийн бие цэвэр ариун байх тусмаа төвөггүйхэн онгодоо хүлээн авч чадна гэсэн үг.

-Бөөгийн биед зөвхөн өвөг дээдсийн сүнс нь орж ирдэг үү?

-Ихэнхдээ овог удмын өвөг дээдсийн сүнснүүд орж ирдэг. Гэвч хүний бус янз бүрийн сүнснүүд буюу альбин тийрэн орж ирэх магадлалтай.

-Тэгвэл бөө өөрийн биедээ өвөг дээдсийн болоод өөр бусад сүнс бууж ирсэнийг хэрхэн ялгаж салгах вэ?

-Зарим онгод та нар үүнийг мэдэх боломжгүй гэдэг. Миний нэг таньдаг онгод “хэрвээ муу зүгийн сүнс орж ирвэл юм өгөхөд зүүн гараа сарвайдаг” гэж хэлж байсан. Хэрвээ би орж ирвэл баруун гараараа юм авна гэх зэргээр улаач, онгод хоёр бие биедээ “код” үүсгэж болно.

-Бөөгийн биед онгод бус муу зүгийн сүнс орчихлоо гэхэд ямар үр дагавар учруулах вэ?

-Муу зүгийн сүнснүүд нь бөөгийн хүчийг бага багаар авч хараал зэрэг муу юм хийлгэж эхэлдэг. Миний бодлоор тухайн биеийг маш цэвэр ариун байлгаж чадвал хар зүйл орж ирж чадахгүй. Үүн дээр нэмж хэлэхэд зөвхөн бөө гэлтгүй хүн бүр бие сэтгэлээ ариун байлгах хэрэгтэй. Тэгж чадвал ямар ч муу зүйлд хорлогдож чадахгүй, муу бүхнээ холуур тойрч чадна.

-Онгод орох үед тухайн бөөгийн сүнс нь хаачдаг вэ?

-Бөөгийн туршлага, чадвараас хамаараад тухайн хүний сүнс биеэс гарах юм уу хажууд нь байдаг. Эсвэл биеийнх нь аль нэг хэсэгт шахагдаад оршиж байх жишээтэй.

-Буддын шашинд үйлийн үрээр хүн дахин төрнө гэж номлодог байхад бөө мөргөлд хүн энэ ертөнцөд ганц л удаа амьдардаг хэмээх үзэл байдаг гэж уншсан юм байна. Үүний учрыг тайлбарлавал?

-Бөө хүний сүнс онгод болчихдог учраас дахин төрөхгүй байх магадлал өндөр. Гэхдээ энэ нь бөө мөргөлд хүний сүнс эргэж төрдөггүй гэсэн үг биш. Энэ бол зөвхөн бөө гэдэг хүний тухай ярьж байгаа тохиолдолд л хамаарна. Гэтэл сүүлийн үед онгодууд хүн болж төрөх хүсэлт тавих тохиолдол цөөнгүй гарч байгаа. Учир нь хүн болж төрснөөр сүнсний ертөнц дэх эрэмбээ ахиулах боломж өндөрсдөг байна.

Эх сурвалж: GOGO.MN 

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549