Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо маргаашийн жагсаалд нэгдэхээ мэдэгдлээ

access_time 2019-04-04
remove_red_eye 274

Ардчилсан Намаас энэ сарын 5-ны өдөр бүх нийтийн эсэргүүцлийн жагсаал зохион байгуулах гэж байгаа талаараа өмнө нь мэдээлсэн. Энэхүү жагсаалыг Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос дэмжиж оролцохоо дуулгаж, мэдээлэл хийлээ.

Тус холбооноос УИХ-ын ээлжит сонгууль өнгөрөөд гурван жил өнгөрсөн ч амлалтаа биелүүлээгүй байгаа. Иймд эрх баригчдаас амлалтаа биелүүлэхийг өнөөдрөөс эхлэн шаардаж тэмцэнэ гэдгээ мэдэгдэв.

Энэ талаар тус холбооны тэргүүн С.Одончимэг хэлэхдээ, “Эдийн засаг өслөө гэж гэдэгт энэ өсөлт айл өрхүүдийн хаалгаар орсонгүй. Харин ч ядуурал нэмэгдэж байна. Мөн хүний эрхийн зөрчил маш их гарч байна. Энэ дээр хариуцлага тооцохыг шаардана. Ялангуяа хүүхэд хамгааллын асуудал дээр хүүхдийн эрхийн улсын байцаагч гэдэг албан тушаалыг бий болгосон. Тэр хүүхдийн эрхийн байцаагч нар хаана явна вэ. Тийм учраас Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо хүний эрх, хүүхэд эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэж, хяналт тавих болно.

МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт хүүхэд, эмэгтэйчүүдтэй холбоотой асуудлыг хэрхэн тусгасныг сонирхуулъя. Тухайлбал, эх, нялхсын эндэгдлийг бууруулна, тав хүртлэх насны хүүхдийн эмийн зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцдаг болгоно, бага насны хүүхдийн осол эндэгдлийг хоёр дахин бууруулна, хүүхдийн мөнгийг ялгаваргүй олгоно гэсэн заалтууд байна. Эдгээр заалт биелсэнгүй. Хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулна гэсэн ч хэрэгжсэнгүй” гэлээ.

Иймд МАН-ын энэ мөрийн хөтөлбөрт итгэж саналаа өгсөн ээжүүд, эмэгтэйчүүдийг дөрөвдүгээр сарын 5-ны жагсаалд нэгдэж, амлалтаа биелүүлэхийг шаардацгаая хэмээн уриаллаа.

Холбоотой мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549