Индонез улс “луу” амьдардаг аралдаа жуулчин нэвтрүүлэхийг хориглоно

2019-04-04 438 0

2020 оны нэгдүгээр сараас эхлэн Индонез улсын засгийн газар Комодо аралд жуулчдыг нэвтрүүлэхийг түр хугацаанд хориглохоор шийджээ.

Аялал жуулчлалын чухал төвүүдийн нэг болсон Комодо арал дээр “Комодогийн луу” нэртэй эртний хэвлээр явагч амьдардаг юм.

Ховордоод байгаа уг махчин нь хазсан амьтнаа хордуулах чадвартай, нас биед хүрэхээрээ гурван метр урт болдог, доод тал нь 50 кг жин татдаг.

Арлыг хаах хугацаанд ургамал хөрсийг нь сэргээж, луунуудын идэш тэжээл болдог амьтдын тоо толгойг өсгөхөөр төлөвлөжээ.

Арлыг доод тал нь нэг жилийн хугацаанд хаах төлөвтэй байна. Сүүлийн үед Комодогийн лууг хулгайлж, зарах үзэгдэл гарах болсон нь арлыг хаах арга хэмжээг авахад хүргэсэн бололтой.

Өнгөрсөн сард Индонезийн цагдаа нар Жава арлын зүүн хэсэгт амьдардаг таван хүнийг Комодогийн лууг хулгайлж зарсан хэрэгт холбогдуулан баривчилжээ.

Тэд Фэйсбүүк сүлжээгээр нийт 41 лууг нэгийг нь 500 сая рупигаар ($35,000 орчим) зарсан байна. Өнөөдөр зэрлэг байгальд 5,000 орчим тоо толгой Комодогийн луу амьдарч байгаа бөгөөд устах аюултай амьтны бүртгэлд орсон юм.

Дөнгөж хорьдугаар зууны эхээр Европчуудын мэддэг болсон энэ амьтны талаар хийсэн судалгаа бага байдаг. Тухайлбал 2009 онд эрдэмтэд Комодогийн лууг хазсан амьтнаа хордуулдаг болохыг анх удаа мэдэж байжээ.

Эх сурвалж: The Guardian

Холбоотой мэдээ