Кёкүшюзан Д.Батбаяр Хөнгөн атлетикийн дэлхийн аварга Ц.Раднаад 2 өрөө байр бэлэглэв

2019-04-04 599 0

 

Польшийн Торун хотод болсон хөнгөн атлетикийн мастеруудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс гурван алтан медаль хүртэж, дэлхийн рекордыг шинэчлэн тогтоосон Ц.Раднаад хүндэтгэл үзүүлэх ёслол өнөөдөр “Сакура” дунд сургуульд болов. Тус хүндэтгэлийн үйл ажиллагааг Д.Кёкүшюзан Батбаяр зохион байгуулсан бөгөөд “Сакура” дунд сургуулийн сурагчид Дэлхийн аварга тамирчнаа халуун дотноор хүлээн авлаа. Тодруулбал, Д.Кёкүшюзан Батбаяр “Хөрш заан” компанийнхаа барьж буй орон сууцны барилгаас хоёр өрөө байр бэлэглэх батламж гардуулж, ахмад тамирчны амжилтыг мялаалаа. Энэ арга хэмжээ тус барилгын талбайд болсон юм. Энэ үеэр сурагчид хамгийн хурдан өвөө, ахмад настан Ц.Раднаа гуайтай уралдах хүсэлт тавьсныг зөвшөөрч хурдаа сорьж, цугласан олныг хөгжөөв.

Дэлхийн аварга болж ард түмнээ баярлуулсан Ц.Раднаа тус баярт үйл явдлын үеэр “Миний амжилтыг өндөрөөр үнэлсэн Д.Кёкүшюзан Батбаярт маш их баярлаж байна. Эрүүл саруул биетэй, хөнгөн атлетикаар тасралтгүй хичээллэсэн минь спортын амжилт гаргахад нөлөөлсөн байх. Би өдий наслахдаа архи, тамхи хэрэглэж үзээгүй. Намайг эрүүл саруул төрүүлж өсгөсөн аав, ээждээ 85 насны өндөрлөгт хүрсэн энэ цагт баярлаж байна. Би спортоор 30 гаруй жил хичээллэж байгаа, биеийн тамирын багш мэргэжилтэй.

Бэлтгэлээ Улаанбаатарт базаагаад явсан. Бэлтгэл сайн хангагдсан байсан учраас 88 орны 500 гаруй тамирчинтай хүчээ сорьж, амжилт гаргасандаа баяртай байна. Их сайхан дэмжиж, огшоож байсан ард түмэндээ баярлалаа” хэмээн хэллээ.

Мөн ёслолын ажиллагааны үеэр Д.Батбаяр “85 насандаа дэлхийн рекордыг шинэчилж, Ц.Раднаа гуай монгол хүний бахархлыг сэргээлээ. Манай хамт олны сэтгэл, хөдөлмөр шингэсэн барилгаасаа хоёр өрөө байр бэлэглэж байна. Хүлээн авна уу. 85 настай хүн дэлхийн рекордыг шинэчилсэнд бид нар маш их бахархаж байна. Дэлхийн аварга тамирчиныг Сакура сургуулийн бяцхан сурагчид хүлээн авлаа. Үнэхээр баярлаж байна. Манай хамт олон багийн зүгээс Ц.Раднаа гуайд бэлтгэл сургуулилтаа хийх боломжтой цэвэр цэнгэг агаартай Ханбогд Резиденс хорооллын барилгаас 2 өрөө байр өгч байна. Манай “Хөрш заан” ХХК яармагт бүтээн байгуулалт хийгээд жишиг дүүрэг болгохын төлөө хүчин зүтгэж байна. Ийм сайхан үйл явдал болж байгаа учраас цаашдаа барилгын ажил цаг хугацаандаа, аваар осолгүй байх болтгуай хэмээн бэлэгшээж байна” хэмээн хэллээ.

Холбоотой мэдээ