Э.Маргад-Эрдэнэ хүүгийн шинжилгээний хариу “бөөрний эд, бөөрний хавдар байх магадлалтай” гэж гарсан гэв

2019-04-04 659 0

 

-“БӨӨРНИЙ ЭД, БӨӨРНИЙ ХАВДАР БАЙХ МАГАДЛАЛТАЙ” ГЭСЭН МАГАДЛАХ ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ ӨГСӨН –

Өнөөдөр “Бона Вита” лабораториос мэдээлэл хийлээ. Учир нь эмнэлгийн байгууллагын хариуцлагагүй байдлын улмаас зургаан настай Э.Маргад-Эрдэнэ хүү эрүүл мэндээрээ хохирсон. Хүү мэдрэлийн эсийн хорт хавдартай байсныг эмнэлэг, лаборатори бөөрний хорт хавдартай хэмээн буруу оношилсноос хугацаа алдсан асуудал үүссэн гэж ар гэрийнхэн нь мэдээлж байсан билээ.

Харин энэ талаар “Бона Вита” лабораториос хүүг бөөрний хорт хавдартай гэж буруу оношлоогүй гэсэн байр суурь илэрхийллээ. Эмгэг судлалын үндэсний төвийн шинжилгээний хариуд “бөөрний эд, бөөрний хавдар байх магадлалтай” гэсэн онош тогтоосны дагуу ижил магадлах шинжилгээний хариу өгсөн гэх тайлбар өгөв.

“Бона Вита” лабораторийн хуулийн зөвлөх Ж.Бямбажаргал хэлэхдээ:

-“Хүүгийн ар гэрийнхэн сэтгэл зүйн хувьд тогтворгүй, манай лабораторийг буруутгасан байдалтай бидэнд хандсан. Манай байгууллагын зүгээс хүүг эмчилж буй эмнэлгийн байгууллагаас тодруулж, зөвөөр ойлгуулахыг хүссэн. Ар гэрийнхэн нь ямар ч тайлбар хүлээн аваагүй. Манай лаборатори өвчний онош тогтоодоггүй. Шинжилгээний хариу гаргана. Эмгэг судлалын үндэсний төвөөс бөөрний хорт хавдар байх магадлалтай гэсэн оноштой дагалдах бичиг ирсэн. Биднийг зөвхөн эсрэг биеийн шинжилгээ хийж өгнө үү гэсэн хүсэлт явуулсан байдаг.

Тиймээс бид нэгэнт бөөрний хорт хавдартай гэсэн эд ирсэн учраас үүнд тохирсон эсрэг биеийн шинжилгээг хийхэд эд нь дууссан. Үүний дараа гаднын байгууллагаас зөвлөгөө авахад Бөөрний хорт хавдар байх магадлалтай. Дахин нарийвчилсан шинжилгээ хийхэд үлдэгдэл эд хүрэлцэхгүй” гэсэн хариу өгсөн. Тиймээс бөөрний хорт хавдар гэсэн онош, хариуг ирүүлээгүй ” гэв.

Холбоотой мэдээ