Туркмен улсад эмэгтэй жолооч нарыг шахаж хавчих нь төрийн бодлого болоод байна

access_time 2019-04-03
remove_red_eye 108

Дөрөвдүгээр сарын нэгний өдөр Туркменистан улсын төрийн төв хэвлэл “Алтан үе” сонинд эмэгтэй жолооч нарыг элэглэсэн шог зураг нийтлэгджээ.

Зураг дээр жолооны ард суугаа эмэгтэйн зүүсэн ээмэг “Нэвтрэхийг хориглоно”, “Ослын аюултай” зэрэг замын тэмдэгтэй байгаагаар дүрсэлсэн байна.

Энэ зураг нь тус улсад сүүлийн жилүүдэд эмэгтэй жолооч нарыг илэрхий хавчин гадуурхах болсны илрэл болжээ. Хэдийгээр хууль дүрмэнд эмэгтэйчүүдийг машин жолоодохыг хориглоогүй ч ийм бодлого хэрэгжиж байгааг олон зуун эмэгтэй баталж байна.

Засгийн газрын гаргасан хамгийн жижиг шийдвэр ч ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедовын зөвшөөрлөөр хэрэгждэг энэ улсад бүсгүйчүүдийн жолоо барих эрхийг хязгаарлах нууц бодлого хэрэгжиж байгаа бололтой.

Бүр 2016 оноос эхлэн эмэгтэйчүүд жолооны үнэмлэхтэй болоход хэцүү болж байгааг гэрчүүд мэдээлж байв. Үүнээс гадна хугацаа дууссан, хаяж гээсэн үнэмлэхээ сэргээлгэх бараг боломжгүй болсон байна.

Энэ оны хоёрдугаар сард нийслэл Ашхабад хотын гол замууд дээр цагдаа нар тусгай ажиллагаа явуулж, зөвхөн эмэгтэй жолооч нарын машиныг зогсоон үзлэг хийж байв.

Тухайн үед цагдаа нар жолооны үнэмлэхийг нь хурааж авах ямар нэг шалтаг гаргахыг хичээж байжээ. Энэ үеэр эмнэлгийн тусламжийн хайрцаггүй, нөөц дугуй шаардлага хангаагүй, замын анхааруулах тэмдэггүй зэрэг энгийн шалтгаануудаар өдөрт 120 орчим эмэгтэйн машиныг хурааж байсан юм.

Нэг тохиолдолд эмнэлгийн тусламжийн хайрцагт нь “аналгин” эм байгаагүй шалтгаанаар эмэгтэй жолооч үнэмлэхээ хураалгажээ.

Өөр нэг тохиолдолд нэг эмэгтэй үнэмлэхийг нь хураасан шалтгааныг тайлбарлуулахаар цагдаагийн офицерын араас дагаж буй дүрс бичлэгийг сошиал сүлжээнд тарааж байв.

Сүүлийн үед эмэгтэйчүүд төрийн албанд ажлын байраа хадгалахын тулд жолоо барих эрхээсээ татгалзах хэрэгтэй болж байгааг гэрчүүд мэдээлжээ. Тухайлбал Туркменистаны дотоод хэргийн яамны бүх эмэгтэй ажилчдын жолооны үнэмлэхийг нь хураан авч, хувийн хэрэгт нь хавсаргасныг нэрээ нууцалсан албан хаагч мэдээлж байв.

Туркмены хаан Бердымухамедовд эмэгтэй хүн жолоо барих таалагдахгүй байгааг дээрх үйл явдлуудаас мэдэж болох юм.

Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549