Африкаас АНУ-д ачигдаж ирсэн боолуудаас хамгийн сүүлд нас барсан хүний нэрийг шинэчлэн тодруулжээ

access_time 2019-04-03
remove_red_eye 148

Африкаас АНУ-д далайгаар ачигдаж ирсэн боолуудаас хамгийн сүүлд нас барсан хүнийг Ньюкэстл их сургуулийн эрдэмтэн олж тогтоожээ.

Рэдоши гэх нэртэй эмэгтэй 1860 онд баруун Африкаас ачигдаж ирээд 1937 он хүртэл Алабама мужид амьдарч байсныг судлаач Ханна Даркин түүхийн бичиг баримтууд дээр үндэслэн тогтоосон байна.

Үүнээс өмнө Африкт төрсөн хамгийн сүүлийн боолыг 1935 онд нас барсан гэж үздэг байсан юм.

Рэдоши 12 настайдаа одоогийн Бенин улсаас олзлогдож, эрэгтэй, эмэгтэй, хүүхэд нийлсэн 100 гаруй боолын хамт АНУ-д усан онгоцоор ирж байжээ.

Нэгдсэн Улсад ирмэгц нь түүнийг Алабамагийн нэгэн банкир худалдан авч, Сэлли Смит хэмээх нэр өгөөд өөрийн тариаланд ажиллуулж эхэлсэн байна.

Ирснээс нь хойш таван жилийн дараа боолчлолыг халсан ч тэр анх боолчлогдож эхэлсэн газартаа нөхөр, охины хамт амьдарч байжээ. Рэдошийн нөхөр мөн баруун Африкаас боолчлогдож ирсэн хүн байв.

Өнгөрсөн зуунаас АНУ-д сүүлчийн боолуудын хувь заяаг судалж эхлэхэд бичиг баримтуудад Рэдошийн нэр гардаг байсан ч түүнийг 90 орчим нас хүртлээ Алабамагийн Селмад амьдарч байсныг нь Даркин анх удаа баталсан байна.

Түүнийг нас барснаас хойш амьдарч байсан боолууд байдаг ч Рэдоши нь Африкаас шууд ачигдаж ирээд хамгийн сүүлд нас барсан боолд тооцогдож байгаа юм.

Африкт эцэг эхтэйгээ амар амгалан амьдарч байсан Рэдошиг нутгийн өөр овог аймгийнхан олзолж, боолын худалдаачдад зарж байжээ. Хэдийгээр боолын хүнд хэцүү амьдралыг туулсан ч Рэдоши өөрийн уламжлалт Африк соёлоо хадгалахыг хичээж, охиндоо төрөлх хэлээ зааж байсныг Данкин судалж мэдсэн байна.

Эх сурвалж: BBC

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549