Өмнөд Солонгосын цагдаа том хөрөнгөтнүүдийн үр хүүхдүүдийг хар тамхины хэрэгтэй холбогдуулан шалгаж эхэлжээ

access_time 2019-04-03
remove_red_eye 299

Өмнөд Солонгосын үндэсний хэмжээний томоохон компаниуд цөөн тооны хөрөнгөтөн гэр бүлүүдийн өмчлөлд байдаг. Ийм гэр бүлүүдийг чаебол хэмээн нэрлэдэг байна.

Тэгвэл саяхан Өмнөд Солонгосын цагдаа эдгээр хөрөнгөтнүүдийнхээ үр ач нарыг хар тамхины хэрэгтэй холбогдуулан шалгаж эхэлжээ. Тухайлбал SK, Hyundai группүүдийн үүсгэн байгуулагчдын ач нар хар тамхи хэрэглэдэг нь тогтоогдсон байна.

Даваа гарагт Инчеон хотын цагдаагийн газар SK группийн үүсгэн байгуулагчийн ач хүү Чэй Жон Гунийг марихуана худалдан авч хэрэглэсэн шалтгаанаар саатуулж, байцаажээ. 31 настай Чэй гэмт үйлдлээ хүлээн зөвшөөрсөн тул одоо цагдаа нар покуророос баривчлан хорих шийдвэр хүлээж байгаа гэнэ.

Чэй нь нийтдээ 15 удаа 27 настай Ли гэгчээс шингэрүүлсэн марихуана худалдан авснаа хүлээжээ. Тэр хар тамхинд нийтдээ долоон сая вон зарцуулсан гэнэ.

Телеграм мессенжэрээр Литэй холбогдож, төлбөрөө шилжүүлсний дараа шуудангаар бараагаа хүлээн авдаг байжээ. Чэй худалдаж авсан хар тамхиа ихэнхийг нь гэртээ хэрэглэсэн гэж мэдүүлсэн байна. Урьдчилсан шинжилгээгээр Чэйгийн цуснаас мансууруулах бодис илэрсэн тул Үндэсний Шүүх Эмнэлгийн газарт дээжийг явуулж, дэлгэрэнгүй хариу хүлээж байгаа гэнэ.

Одоо цагдаа нар Лигээс гадна өөр нэг хар тамхи борлуулагчийг хайж эхэлсэн байна. Чэй нь АНУ-д сургууль төгсөж ирээд одоо SK группийн нэг салбарт ажилладаг ажээ.

Хар тамхины наймаачин Лиг баривчлан шалгаж эхэлсний дараа түүний үйлчлүүлэгчид дотор Чэй байсныг илрүүлсэн байна. Түүнээс гадна Hyundai группийн үүсгэн байгуулагчийн ач хүү, 28 настай Чун Жу Юн мөн түүнээс хар тамхи худалдан авдаг байсныг тогтоожээ.

Одоогоор гадаадад байгаа өв залгамжлагчийг Өмнөд Солонгост ирмэгц нь байцаахаар төлөвлөсөн байна. Лигийн үйлчлүүлэгчдийн дотор Чэй, Чун нараас гадна өөр хэд хэдэн хөрөнгөтний үр хүүхдүүд байгааг тогтоож, шалгаж эхэлснээ цагдаагийн газар мэдээлжээ.

Эх сурвалж: Korea Times

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549