Монгол залуус Forbes-ийн “30 under 30 Asia 2019” жагсаалтад багтлаа

access_time 2019-04-03
remove_red_eye 257

 

“Forbes” сэтгүүлээс жил бүр уламжлал болгон гаргадаг салбар бүрт амжилттай ажиллаж буй Азийн 30 хүртэлх насны 30 залуугийн жагсаалтад Монголын гурван залуу бизнес эрхлэгч багтжээ. Энэхүү жагсаалтад Ази-Номхон далайн 23 орноос 2000 гаруй залуу нэр дэвшсэн бөгөөд тэднээс хийсэн ажил, амжилт бүтээлээрээ шалгарсан 300 залуугийн нэрийг зарласан байна. Ингэхдээ урлаг, спорт, эрүүл мэнд, нийгэм, технологи, худалдаа үйлчилгээ, мэдээллийн технологи гэх мэт салбаруудад хуваан, салбар бүрт манлайлж буй 30 залууг нэрлэжээ. Спортын салбарт гэхэд Японы талбайн теннисний залуу од Наоми Осака бичигдсэн байна.

“30 UNDER 30 ASIA 2019” ЖАГСААЛТАД БАГТСАН МОНГОЛ ЗАЛУУСЫГ ТАНИЛЦУУЛЪЯ.

“RVJ Capital Investment”-ийн дэд ерөнхийлөгч Р.Эрдэнэтулга /26 нас/

АНУ-д эдийн засгийн чиглэлээр сурч байхдаа тус улсын хамгийн том санхүүгийн байгууллагуудын нэг болох “Morgan Stanley”-д ажиллаж байжээ. Дээрх байгууллагад ажиллаж байхдаа Монгол Улсыг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хараат байдлаас гаргахад өөрийн хувь нэмрээ оруулахыг хүсэх болсон.

Эх орондоо эргэж ирээд Р.Эрдэнэтулга нь “RVJ Capital Investment” компанид ажиллах болж, өдгөө компанийхаа дэд ерөнхийлөгчөөр ажиллаж, ноолуурын үйлдвэр байгуулах, Улаанбаатарын шинэ нисэх онгоцны буудлын ойролцоох зочид буудлын барилгын ажил зэрэг томоохон хөрөнгө оруулалтын төслүүд дээр ажиллаж байгаа аж. Мөн шатрын спортын өндөр зэрэгтэй тэрбээр 2019 оны намар Харвардын Бизнесийн сургуульд магистрын зэргээ хамгаалахаар төлөвлөж байгаа аж.

“FARO Foundation Mongolia” ТББ-ын үүсгэн байгуулагч А.Бямбажаргал /28 нас/

Монгол Улсын хамгийн том гадаад хэлний бэлтгэлийн сүлжээ сургуулиудын нэг болох “Faro Education”-ийг 2014 онд үүсгэн байгуулсан. Хятадын Цинхуа Их Сургуулийг төгссөн А.Бямбажаргал нь олон нийтийн дижитал бичиг үсгийн боловсролыг дээшлүүлэх, мэдлэг олгох, сурталчлах зорилгоор “FARO Foundation Mongolia” ТББ-ыг мөн үүсгэн байгуулжээ. “Faro” гэдэг нь испани хэлнээ “гэрэлт цамхаг” гэсэн утгыг илэрхийлдэг бөгөөд улс эх орондоо дэлхийн хэмжээний боловсролыг түгээн дэлгэрүүлэх, хүмүүсийн сурч боловсрох замыг гэрэлтүүлэх гэсэн бэлгэдлээр ийм нэр өгсөн байна.

“Clean Energy Asia” компанийн Гүйцэтгэх захирал Э.Орчлон /29 нас/

Монгол Улсын эрчим хүч, шатахууны гадаад улсаас хараат байдлыг бууруулж нар, салхины нөөцийг ашиглан дотооддоо эрчим хүч үйлдвэрдлэх зорилгоор “Clean Energy” старт-апп компаниа 2012 онд байгуулжээ.

Тус компани 2017 онд цахилгаан холбооны “Newcom” групп болон Японы “SoftВank”-наас 128 сая ам.долларын хөрөнгө оруулалт авч, Өмнөговь аймагт 50 мвт-ын хүчин чадал бүхий салхин цахилгаан станц байгуулсан байна.

Эх сурвалж: FORBES

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549