Энэтхэгийн хиймэл дагуулын хэлтэрхийнүүд сансрын нисгэгчдэд аюул учруулж байгааг NASA мэдэгджээ

access_time 2019-04-03
remove_red_eye 127

Өнгөрсөн долоо хоногт Энэтхэг улс газраас хиймэл дагуул харваж устгах пуужинг амжилттай туршсанаа зарласан билээ. Ингэснээр тус улс АНУ, ОХУ, Хятадын дараа хиймэл дагуул устгах зэвсэгтэй дэлхийн дөрөв дэх улс болсноо бахархалтай мэдэгдэж байв.

Гэвч энэ туршилтын үеэр асар их хэмжээний хэлтэрхий тойрог замд үүссэн нь аюул дагуулж байгааг АНУ-ын засгийн газар анхааруулсан юм. Энэтхэгийн тал ашиглалтгүй болсон хиймэл дагуулыг пуужингаар харваж устгахдаа үүссэн бүх хэлтэрхий нь агаар мандалд унаж, сарнихаар тооцсон гэж тухайн үед мэдэгдэж байв.

Даваа гарагт NASA-гийн захирал Жим Бирденстин энэхүү туршилтын дараа тойрог замд 400 орчим ширхэг хаягдал хэлтэрхий үүссэн нь Олон Улсын Сансрын Станцад ажиллаж байгаа сансрын нисгэгчдэд аюул учруулж байгааг мэдэгджээ.

Үүссэн хэлтэрхийнүүдийн ихэнх хэсэг хөдөлгөөнийг нь газраас ажиглах боломжгүй жижиг хэмжээтэй хэрнээ аюул учруулахуйц том байгааг тэр баталсан байна.

“Одоогоор бид ажиглаж болохуйц хэмжээтэй буюу 10 см-ээс дээш овортой 60 хэсгийн хөдөлгөөнийг л хянаж чадаж байна” гэж Бирденстин NASA-гийн дотоод хурал дээр мэдэгджээ.

Энэтхэгийн устгагдсан хиймэл дагуул харьцангуй нам өндөрт буюу дэлхийн гадаргаас 300 км өндөрт аялж байсан юм. Олон Улсын Сансрын Станц болон бусад хиймэл дагуулуудын ихэнх нь үүнээс өндөрт байрладаг. Гэхдээ 24 ширхэг хэлтэрхий нь дэлхийгээс холдох чиглэлд буюу алслагдсан тойрог замд тархсан нь эрсдэл үүсгээд байгаа ажээ.

АНУ-ын зэвсэгт хүчин Олон Улсын Сансрын Станц болон бусад хиймэл дагуулуудад тойрог зам дахь хог хаягдлууд ямар эрсдэл учруулж болохыг байнга тооцоолон судалж байдаг.

Тэд 10 см-ээс дээш овор хэмжээтэй нийтдээ 23,000 биетийн хөдөлгөөнийг хянаж байдаг юм. Эдгээрээс хүний гараар үүссэн 10,000 ширхэг хог хаягдал байдгийн 3,000 нь зөвхөн Хятадын 2007 онд туршсан хиймэл дагуул устгах зэвсгийн нөлөөгөөр үүссэн байна.

Энэтхэгийн туршилтын дараа Олон Улсын Сансрын Станцын хог хаягдалтай мөргөлдөх эрсдэл 44 хувиар нэмэгдсэнийг Бирденстин мэдэгджээ.

Гэхдээ үүссэн хэлтэрхийнүүдийн ихэнх хэсэг цагийн уртад агаар мандалд орж устсанаар эрсдлийн хэмжээ буурах юм. Олон Улсын Сансрын Станц секундэд 7.8 км хурдтай аялж явдаг учраас тойрог замд үүссэн ямар ч өчүүхэн биет аюул учруулах эрсдэлтэй байдаг ажээ.

Эх сурвалж: The Guardian

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549