Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөшигийн хөндийд ажиллав

2022-02-19 14 0

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Хөшигийн хөндийд өрнөх бүтээн байгуулалтын зарим ажлын зураг төсөл, газрын байршилтай танилцлаа.

Хөшигийн хөндийд баригдах Засгийн газрын нэгдсэн цогцолбор, ИНЕГ-ын 600 айлын орон сууц барих, Эдийн засгийн чөлөөт бүс байгуулах зураг төсөл бэлэн болжээ. Тухайлбал, ИНЕГ-ын ажилтнуудын орон сууцыг дагаад 150 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг, ногоон байгууламж, авто зогсоол зэргийг цогцоор нь шийдсэн хотхон сүндэрлэх юм байна.

Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах, дагуул хот байгуулах бодлогын хүрээнд Хөшигийн хөндийд орон сууцны хороолол, эмнэлэг, сургууль, оюутны хотхон, үйлчилгээний төвүүдийг БНСУ, Казакстан, Сингапур улсын загвараар барихаар төлөвлөсөн. Энэ хүрээнд зөвлөх үйлчилгээ авч, зарим ажлынх нь зураг төслийг гаргасан байна.

Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг, Хөшигийн хөндийд байрлах шинэ нисэх онгоцны буудлын орчимд иргэд, аж ахуйн нэгж газар авсныг Ерөнхий сайд шүүмжилж, Засгийн газрын шийдвэр албажихаас өмнө иргэд яаж мэдэж, газар авсан байх вэ. Энэ бол цэвэр авлигатай холбоотой асуудал гээд Шадар сайд С.Амарсайханд судалж, шалгахыг үүрэг болголоо. Мөн Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргад хариуцлага тооцохыг, цаашид энд шинээр газар олгохгүй байхыг анхааруулсан юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ кабинетынхаа бүх сайд нартай хамт дээрх ажилтай танилцсан. Тэрбээр ЗГХЭГ-ын дарга байхдаа гурван удаа Хөшигийн хөндийд ажиллаж, зарим үүрэг даалгаврыг өгч байсан, өнөөдөр энэ ажлынхаа биелэлтийг шалгаж буй нь энэ юм.

Холбоотой мэдээ