Таны элэг эрүүл үү?

2019-04-02 1468 0

 

Элэг хүний хамгийн том шүүрлийн булчирхай бөгөөд ойролцоогоор 1,5 кг жинтэй. Цээжний баруун талд өрцний чанх доор байрлана. Элэг хоол боловсруулах, цусны эргэлтийг хангах, бодисын солилцоог зохицуулах, бие махбодийг хоргvйжvvлэх онцгой үүрэгтэй, өөрөөр хэлбэл биеийн химийг зохицуулагч лаборатори гэсэн үг юм.

Хэрэв элэг муудвал хvний бие бvхэлдээ суларч өвчилдөг.

Цөсний хүүдий нь жижгэвтэр лийр мэт хэлбэртэй хоол боловсруулах эрхтэн юм. Элэгний доор байрлаж, цөсний цорго болох олон тооны гуурсаар элэгтэй холбогддог. Элэгнээс ялгарсан цөс нь цөсний хүүдийд хуримтлагдан арван хоёр хуруу гэдэс рүү юүлэгддэг. Цөс нь хоол хүнсэн дэхь өөх тосыг задлах, уусамтгай болгох үүрэгтэй. Цөсөнд чулуу үүсч яваандаа хурц үрэвсэл болдог.

Элэгний өвчлөлтөөр Монгол Улс дэлхийд нэлээд дээгүүрт “толгой цохиж” явна. Монголчуудын бараг 70-80 хувь нь элэгний өвчтэй. Таван хүн тутмын нэг нь шарлаж байсан гэсэн судалгаа байдаг юм билээ. Нээрээ ч гэр бүлийнхнийх нь хэн нэг нь шарлаж үзээгүй хүнтэй айл олъё гэвэл өвснөөс зүү эрэхтэй адил болох биз ээ.

Эгчийгээ би элэгний өвчнөөр алдсан

Эгч маань уг нь бие сайтай, тарган цатгалан, амьдралд мах­руун, барагтай л бол ёо гэж дуугардаггүй хүн л дээ. Хэдэн жилийн өмнө түүнийг цөсний чулуутай байна авахуул гэж эмч хэлжээ. Цөсний хагалгаа байтугай шүдний эмнэлэгт ч очих дургүй эгч минь элдэв эм ууж өвчнөө намжаасаар өдий хүрчихэж. Ажил ихтэй байдгаасаа болоод ч тэр үү ”За нэг өдөр л тэр чулууг нь авахуулна” гээд л явдаг байлаа. Харин жилийн өмнөөс эгчийн маань бие гэнэтхэн муудаж, ядарч сульдах болсон юм. Тэгээд аль сайн гэсэн эмнэлгийн хаалгыг татаж үзэв.

Эмнэлэг болгон л өөр өөр онош тавина. Ямар эмчилгээ хийлгэх нь тодорхойгүй. Бие нь улам муудсаар байлаа. Арга ядаад урагшаа явлаа. Гэтэл элэгний хавдар нь эцсийн шатандаа орсон байна гэх нь тэр.

Хүний нутагт эгчийгээ нүд аниулчихгүй юмсан гэж бодогдов. Ирээд арга чарга байж магад гээд дахиад л орчин үеийн болон ардын эмнэлгээр баахан явлаа. Тусыг эс үзэв. Ингээд л би хайртай эгчээсээ хагацаж элэг эмтэрсэн хүн дээ. Ийм гашуун зовлонг Монголын олон олон хүн амссаар байна. Гэтэл элэгний өвчнөөс хүн өөрийгөө сэргийлж, бас тэр нь тийм эдгэдэггүй өвчин үү, гэтэл бас үгүй ажээ. Үүний гол буруутан хүмүүс бид өөрсдөө юм. Бид эрүүл мэнддээ дэндүү хайхрамжгүй ханддагаас харамсаад баршгүй аюулт өвчний үүр уурхай болдог байна.

Энэ дугаарынхаа хавтасны сэдвийг элэгний өвчлөлийн талаар бэлтгэлээ. Эрүүл энх, аз жаргал­тай, элэг бүтэн амьдрах боломж бидэнд бий юм шүү гэдгийг та бүхэндээ сануулахыг зорьсон билээ.

Элэг хамгийн чухал эрхтэн

Нас бие гүйцсэн эрүүл хүний элэг дунджаар 1200-1800 г жинтэй, хүний биеийн жингийн 2-3 хувийг эзэлдэг. Энэ эрхтэн хүний хамгийн том шүүрлийн булчирхай бөгөөд нэг ёсондоо хүний биеийн химийн урвалыг зохицуулагч лаборатори л гэсэн үг. Элэг хэрэв бодисын солилцооны үүргээ гүйцэтгэж чадахгүй бол бүх бие хороор дүүрч үхлийн ирмэгт хүрдэг. Элэг нь цусан дахь саха­рын хэмжээг хэвийн хэмжээнд байлгах, илүүдэл сахарыг гликоген болгон нөөцөлж хэрэгцээтэй цагт нь гаргаж зарцуулдаг. Хvрээлэн байгаа орчин болон хоол хvнс, ундны усаар дамжин хvний биед орж байгаа хvнд металл, химийн бодис, мөн нийлэг эм зэрэг нь элгэнд очоод задарч хоргvйждэг байна. Элэгнээс ялгарсан цөс нь цөсний хvvдийд хуримтлагдан нарийн гэдэс рvv юvлэгддэг. Цөс нь хоол хvнсэн дэх өөх тосыг задлах, уусамтгай болгох vvрэг­тэй.

Аваар ослоос болж элэгний тал нь ажиллахаа болилоо гэхэд үлдсэн хагас нь хүний биеийн бүхий л хэрэгцээг хангаж чаддаг гэнэ. Өөрөөр хэлбэл тэр үлдсэн хэсэг нь хэдэн өдрийн дотор нөхөн ургах чадвартай ажээ. Эмч нар энэ гайхамшигтай чанарыг нь хүнд элэг шилжүүлэн суулгах аргад хэрэглэдэг байна.

Амьдралын буруу зуршлаас болж элэг өвчилдөг

Манайхан ажилдаа яарч байна гээд өглөөдөө ихэвчлэн өлөн гардаг. Энэ нь бүр гэм биш бүр зан болчихсон. Өдөр нь аль тааралдсан цайны газраа орж хоёр гурван хуушуур авах юм уу, эсвэл шарсан хуурсан хоол захиалж иднэ. Нэлээн орой нэг их өлссөн хүн гэртээ очоод жаал өөх тостой хоол гэдсээ дүүртэл идчихээд л унтаад өгнө дөө. Үүнийгээ магадгүй зарим хүн эрүүл зөв амьдралын хэв маяг ч гэж ойлгодог байж болох юм. Шарсан мах амттайг ч хэлэх үү? Монголчууд бид ихэвчлэн шарсан хайрсан, хуурсан хоол иддэг. Гэтэл эрүүл мэнддээ дайн зарлаж яваагаа бид огтхон ч ухаардаггүй. Ялангуяа залууст энэ хамгийн их хамаатай.

Сүүлийн үед залуучууд оффи­сын ажилд илүү дурлах болсон. Тохилог албан газарт зөөлөн сандалд тухалж, компьютерийн өмнө хэдэн цагаар ч хамаагүй хөдөлгөөнгүй суудаг хүн бидний дунд хэдэн зуун мянгаараа байгаа даа. Явган ч алхахаас тээршаана. Хэдхэн алхмын газар машин унаж тансаглаад л. Хүн харахад л сайхан тарган цатгалан хүн байх боловч цаанаа тэр хүний элэг нь өөхөлчихсөн байдаг ажээ. Хүн хэр их тарган байна, элэг нь төдий чинээ их ачаалалтай байдаг гэнэ. Түүгээр зогсохгүй нойр булчирхай, зүрх нь өөхөлж, яваандаа бүхий л эрхтнийг хамарч сүүлдээ элэгний хатуурал цирроз болдог. Хэдийгээр элэг ачаалал дааж нөхөн сэргээгдэх чадвартай эрхтэн хэдий ч архи уух, буруу хооллох, эм ихээр хэрэглэх болон элэгний халдварт өвчнөөс болж үрэвсэх нь элбэг. Элгэнд мэдрэлийн эсүүд байдаггүй учраас өвчин үүсч, цаашаа идэж байгаа нь хүнд эхлээд мэдрэгддэггүй байна. Харин хэвийн хэмжээнээсээ томро­ход гаднах арьсан бүрхэвч нь сунаж өвчтөнд мэдрэгддэг ажээ.

Элэгний дайсан-архи

Бид бүгд л архины хор уршгийг мэддэг боловч, харамсалтай нь энэ гашуун усанд бүх нийгмээрээ живээд байна. Бүр “Бага зэргийн архи эрүүл мэндэд тустай” гэж өөрсдийгөө тайвшруулахыг нь яана. “Улаан дарс цус төлжүүлдэг, цагаан дарс зүрх судсанд сайн” гэж мэргэжлийн зарим хүмүүс ч хэлдэг. Мэргэжилтнүүд өдөрт 10 градусын алкоголь агуулсан (100 ml тутамд 10гр алкаголь) архинаас 150 мл ууж (нэг шилэн аяга) болно гэж үздэг. Хэр үнэн худлыг нь нарийн сайн судалдаггүй. Архи зүрх судсанд сайн, бас нас уртасгадаг гэсэн буруу онолын эхлэл нь 1980-аад онд анх тавигджээ. Энэ талаарх материал анх 1979 онд алдарт “Lancet” сэтгүүлд нийтлэгдсэн байна. Гэтэл тун бага гэж үзэж байгаа дээрх 150 мл архийг уусан хүн архины сайн нөлөөг харъя гэхээсээ өмнө элэг болон бусад эрхтнээ энэ хэмжээний архинд хэрхэн хордож байгааг мэдэх хэрэгтэй. Өдөр бүр нэг хундага дарс уудаг хүн найр хуримд очоод “Би нэгээс илүүг уудаггүй” гэж татгалзаад суугаад байж чадахгүй.

Түүнтэй адил хэдий тохируулж уудаг хүн ч гэсэн ямар нэг зовлон бэрхшээлтэй тулгарсан үедээ согттолоо уухгүй гэх баталгаа огт байхгүй.

Судалгаанаас харахад хүмүүс ихэнхдээ баясаж, цэнгэж, таашаал авах гэж архи хэрэглэдэг байна. Архи дарс худалддаггүй баар цэнгээний газрууд огт байхгүй байгаа нь үүний нэг баталгаа юм. Үүнээс гадна хүмүүс төрсөн өдөр, үдэшлэг, хурим, баярын цэнгүүний үеэр согтууруулах ундааг хамгийн их хэрэглэдэг байна. Хамт олонч, нийтэч гэсэн тодотгол өгсөн энэ байдал нь хүнийг архинд оруулах эхний алхам болдог. Согтууруулах ундаа хэрэглэх өөр нэг шалтгаан бол сэтгэлийн мэдрэмжийг дарах явдал юм. Хүмүүс гутарч гуниглах, стресст орох, сэтгэлээр унахдаа согтууруулах ундаа хэрэг­лэж түүнээ аль болох мар­тахыг оролддог. Гэтэл энэ нь тэр хүнийг сэтгэл санаа, бие махбодь аль аль талаар нь улам л доройтуулдаг.

Архинд орсон хүмүүс уухгүй бол тэвчиж чадахаа байж донтож эхэлдэг. Архи хүний биеийн шингэн хэсэгт уусч элгээр шүүгдээд бөөрөнд очдог. Харин хэтрүүлэн уувал элэг шүүж дийлэхгүй бөгөөд архи шууд цусанд шингэдэг ажээ. Элэг, бөөр хоёр архийг цэвэрлэхийн тулд өөрөөсөө хэрээс хэтэрсэн их хүч гаргаж ажилладаг гэнэ. Бөөр биед шингэсэн хорт бодисыг ялгаад шээсээр дамжуулан гадагшлуулдаг. Хэрэв их хэмжээ­ний архи биед шингэсэн байвал хорны зарим хэсэг нь гадагшилж чадахгүй биед үлддэг. Ингээд архи даах чадвар улам мууддаг байна. Энэ нь таны элэг эмчид үзүүлэхэд хэвийн гэж гарч байгаа ч гэсэн муудаж эхэлсний шинж тэмдэг юм. Хэтэрхий их архи нь биеийн бусад хэсгийг хэдэн хэсэг тасчин хаяхтай адил байдалд хүргэдэг ажээ.

Архинаас болж муудсан элэг хожуу илэрдэг

Элэг архийг биед оронгуут нь задалдаг. Гэтэл элэгний цэвэрлэж чадах архины хэмжээ хязгаартай байдаг ажээ. Энэ хэмжээ хэтэрвэл элэг тэр их архийг цэвэрлэхийн тулд хамаг хүчээ зарцуулдаг бөгөөд бусад үйл ажиллагаа нь зогсож хоол хүнсээр орж ирж байгаа эсвэл өөр замаар орж байгаа хорыг цэвэрлэхээ түр зогсоодог.

Өөрөөр хэлбэл, хөөр­хий муу элэг архийг цэвэрлэх гэж ноцолдож байх хойгуур бусад хор биед чөлөөтэй нэвтэрч байна гэсэн үг. Тэгвэл хүн өдөр бүр бага хэмжээгээр архи хэрэглэдэг бол байдал тун хүндрэх бөгөөд элэгний эсүүд ядарч өвчилж эхэлдэг.

Ойр ойрхон хугацаагаар нэг хундагаас илүү архи уудаг хүмүү­сийн хувьд ирээдүй тун бүрхэг болж байна гэсэн үг. Учир нь элэг зөвхөн архийг цэвэрлэхийн тулд байнга ачаалалтай ажилладаг тул бие нь хороосоо хэзээ ч ангижирч чаддаггүй, байнгын хор шингээж байдаг. Байнгын ачаалалтай ажил­ладаг элэг архины гепатит ба цирроз болдог. Элэгний дөрөвний гурав (3/4) нь өвчилж муудахаас нааш тухайн хүнд ямар нэг өвчин зовиур өгч мэдрэгддэггүй. Харин ийм хэмжээнд өвчилж ажиллагаагүй болж эхлэхэд өөрт мэдрэгдэж эхэлдэг.

Харамсалтай нь энэ үед аль хэдийнэ хожимдсон байдаг ажээ. Тийм учраас балгах дуртай нэгэн бол аль эсвэл балгахаас буцдаггүй хүн бол эхнээсээ тодорхой хугацаанд эмчид үзүүлж, шинжилгээ хийлгэх ёстой гэнэ. Элэгний өвчнийг эрт оношил­бол эмчилж болдог байна.

Элэгний онош

Сүүлийн үед архи, өөх тостой хоол, мөн өмнө дурдаж байсанчлан байнгын хөдөлгөөн­гүй байдлаас болж нийгэмд таргалалт газар авч элэг өөхлөх өвчин манайд ихэсчээ. Элгээ өөхөлж байгааг хүн эхлээд мэдэр­дэггүй байна. Харин хоолоо­роо гам хийж турах эмчилгээг 4-8 долоо хоногийн хугацаанд хийхэд элэг өөхлөх өвчин 100% эдгэрэх боломжтой гэж эмч нар үздэг. Дайны үед буюу хоол хүнс дутуу дулимаг, архи огт хэрэглэдэггүй тэр цагт халдвараас өөр элэгний өвчин байгаагүй гэж германы эрдэмтэд судалгаандаа дурджээ. Архи, өөх тос, хортой бодис, элэгний вирус бүгд л элэгний эсийн бодисын солилцоог өөрчил­дөг байна. Элэгний эсүүд үхэхэд орон зай нь өөр төрлийн эд эсээр бөглөгддөг тул элэгний өвчин удаан үргэлжлэх тутам тэр орон зайд өөр эд урган сорвиждог байна. Үүнийг цирроз гэдэг. Манайхан заримдаа “элэг хатуурах” ч гэлцдэг. Тэгэхээр хатуураагүй үлдсэн эрүүл, зөөлөн элэгний ачаалал нэмэгдэж их болсноос хорт бодис ялгарч чадахгүй эзнээ буцааж хордуулдаг байна.

Гепатитын архаг үрэвслээс болж мөн элэг хатуурч түүнээс үүдэн элэгний хорт хавдар үүсдэг. Өөрөөр хэлбэл, элэгний гэмт­сэн эсийн орон зайд шинэ эс ургаж үргэлжийн нөхөн сэргээлт явагдагдахад гэнэт нэг эс хяналтгүй олширч хорт хавдрын эх тавигддаг байна. Гэхдээ хорт хавдрыг цаг тухайд нь зөв оношил­бол 80-90% бүрэн эдгэрдэг ажээ.

Элэгний халдварт өвчин. Солон­гос явж ажиллах гэтэл шинжилгээгээр С гепатиттай гээд гарчихлаа, нөгөөх нь эдгэрдэггүй яана аа? гэсэн яриаг та лав нэг бус удаа сонсож байсан биз ээ. Гэтэл С вирусыг ганц хоёр долоо хоног эм уух төдийхнөөр бүрэн устгах боломжгүй гэнэ. Энэ өвчнийг эдгээхийн тулд хүний хувийн онцлогоос шалтгаалж 12 сар хүртэл удаан хугацаанд нарийн эмчилгээ хийдэг гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй нь харам­салтай. Дэлхий дээр С гепатитын халдвартай 500 сая орчим хүн байдаг ажээ. Элэгний вирусын халдварт өвчин. Гепатитын А, В, С, D, Д, Е, F гэх мэтчилэн олон төрлийн вирус байдаг. Үүнийг эрдэмтэд нээж судалсан дарааллаар латин үсгээр ийн нэрлэжээ. Эмнэлэгт аль вирусын төрөл вэ гэдгийг нарийн оношилдог. Ингэж нарийн оношилсноор тус вирусын төрөлд зориулсан эмчилгээ хийдэг байна.

Өнгөрөгч онд Монгол улсын хэмжээгээр арван мянган хvн вируст гипапитаар өвчилсөн нь нийт халдварт өвчний 43%-ийг эзэлж байна. 6-7 жирэмсэн эхээс нэг нь вирус тээгч, гурав хvртэлх насны хvvхдvvдийн 60 орчим хувь нь уг өвчний вирусын халдвар авсан нь тогтоогдсон байна. Энэ хvvхдvvд насанд хvрсэн хойноо элэгний vрэвсэл, хорт хавдраар өвчлөх магадлал маш өндөр гэнэ. Вирусын архагшилт яваандаа элэгний хатуурал болдог. Зарим үед өвчтөний биеийн байдал тодорхой нэг түвшинд тогтоод өндөр настай болтлоо энэ өвчнийг тээж явдаг тохиолдол ч зөндөө бий. Гэвч хүн дотроо нэг л тайван биш, гэр бүлийнхэндээ халдаачих болов уу, би хэр удаан наслах бол, надаас эрүүл хүүхэд төрөх болов уу гэж үргэлжийн түгшүүртэй амьдардаг байна.

Элэг өвдөхөд илрэх шинжүүд

Элгэнд өөрчлөлт орсны анхны шинж тэмдэг нь нойр муудах, амархан ядрах, нозоорч хэвтмээр болох зэргээр илэрнэ. Аажимдаа арьсан дээр хvрэн заримдаа ганц хоёр улаан толбо гарах, загатнах, гэдэс цанхайх, хоолонд дургүй болох, арьс өнгөө алдах гэх мэт шинж тэмдгvvд илэрдэг.

Яагаад элэг өвчлөхийг шарла­лаа гэж ярьдаг вэ?

Хүний цусны улаан бөөмс гурван сарын наслалтай. Түүний дараа элгэнд задран устаж оронд нь шинэ улаан эс үүснэ. Элгэнд задрах үедээ Bilirubin гэдэг шар өнгийн уураг болон цааш задардаг. Гэтэл өвчилсөн элэг үүнийг задалж чадахгүй тул цусанд цугларч хүний арьс шар өнгөтэй болдог байна. Түүний хажуугаар бас шээс улаан хүрэн шаргал, өтгөн нь шаргал цагаан болдог.

Гэдэс цанхайх. Элэг гэмтэхэд хангалттай цөс ялгаруулж чаддаг­гүй тул идсэн хоолны тосыг хүн шингээж чаддаггүй байна. Тэгээд хоол идсэний дараа гэдэс цанхайдаг шинж илэрдэг байна. Элэг өөрчлөгдөхөд хүний арьс бас өөрчлөгддөг. Таны арьсан дээр тухайлбал хамар, нүүр, хүзүү, цээж шуун дээр нэг цэгээс салбар­ласан жижиг судлуудтай улаан цэгүүд байна уу? Хатуурсан элэгнээс болж судас даралтанд ордог тул арьсан дээрх цусны улаан судлууд тодордог байна. Гарын алга чинь ямар өнгөтэй байна вэ? Гарын алга улаан тод толботой бол элэг чинь өвчилж байгаагийн шинж гэнэ. Таны хумс цагаарч бас долгион­той болсон уу? Элэгний архаг өвчний улмаас хумсны гол суурь бодис болох креатин гэдэг бодисонд өөрчлөлт ордог. Тэгэ­хээр хумс өөрчлөгдөнө гэдэг элэг­ний өвчний нэгэн дохио болдог байна. Хүний биед бэлгийн өөрчлөлт гарах уу? Элгэнд бэлгийн дайв­рын боловсруулалт ба устгал явагддаг. Элгэнд өөрчлөлттэй болсон үед эрэгтэй хүн бэлгийн чадваргүй, эмэгтэй хүний сарын тэмдэг өөрчлөлттэй ирдэг ажээ.

Элэгний ачаалал хэтэрч, vрэв­сэж өвчлөх эхний vед ямарваа нэгэн зовиур илэрдэггvй учир хvмvvс анзаарахгvй байсаар өвчнөө хvндэрсэн хойно нь эмчид ханд­даг. Нөгөө талаас манай эмнэл­гvvдийн тоног төхөөрөмж хоцрогдсоноос элэгний өвчнийг эрт илрvvлэх боломж муутай. Тийм учраас өөрөө өөрийгөө хянаж анхны шинж тэмдэг илрэнгvvт эмнэлэг vзvvлж эмчлvvлбэл өвч­нийг бvрэн анагаах, архагшсан бол өвчлөлтийн явцыг зогсоож амжина.

Элэгний өвчнөөс өөрийгөө яаж хамгаалах вэ?

Өөрийнхөө элгийг та л хайрлаж эрүүл байлгаж чадна. Танаас нэг их зардал, хүч шаардахгүй байх энгийн хэдэн зөвлөмжийг хүргэе.

Архи бүү хэрэглэ.

Хөгц, мөөгөнцөртэй хүнс бүү хэрэглэ
Эмийг зөвхөн эмчийн заавраар хэрэглэ.

Шаардлагагүй бол тариа хийлгэхээс зайлсхий.

Ажил амралт, хоолны дэглэмээ зөв зохицуул

Тариа хийлгэхдээ нэг удаагийн тариурын бүтэн байдлыг шалгаж үзэх, заавал өөрийнхөө дэргэд задлуулж бай.

Шаардлагагүй бол цусаа шүүлгэхээс зайлсхий.

Шивээс хийлгэхээс аль болох зайлсхий.

Найдвартай шүдний эмнэлгээр үйлчлүүлэхийг хичээ.

Замбараагүй бэлгийн амьдралаас татгалз.

Сэтгэлд тааламжгүй газар хооллохоос зайлсхий.

Өдөрт дор хаяж 3-5 удаа гараа угаа.
Нийтийн угаалтуурт гараа угаагаад усны хаалтыг давхар угаасны дараа дахин гараа угаагаад усаа хаагаарай.

Холбоотой мэдээ