Социалист Германы Үндэсний ардын армийн гунигт төгсгөл

access_time 2019-04-02
remove_red_eye 195


Хүйтэн дайны үед социлаист системийн төдийгүй дэлхийн хүчирхэг армийн нэг нь БНАГУ-ын зэвсэгт хүчин болох Үндэснии ардын арми(Фольксармее, Nationale Volksarmee, NVA) байсан. 1990 оны байдлаар сайтар бэлтгэгдсэн 175 мянган хүнтэй, тэр үеийн тэргүүний зэвсэг техникээр өвч хуягласан өндөр зохион байгуулалттай арми гэгдэж байв. 1956 онд байгуулагдсан энэ хүчирхэг арми коммунизмын төгсгөлөөр тун хөөрхийлэлтөйгээр бутран алга болсон. 1990 оны 10-р сарын 3-нд хоёр Герман нэгдсэний дараа барууны Бундесвэрд нэгтгэх нэрээр үндсэндээ устгажээ.

Зэвсэг техник, хугацаат цэргийн албан хаагчидын асуудлыг шийдэхэд ноцтой хүндрэл бэрхшээл гараагүй бол гол шүдний өвчин нь сайтар бэлтгэгдсэн офицерийн бүрэлдэхүүн нь болсон аж. 22 мянга гаруй офицер, 23 мянга орчим ахлагч түрүүч нь маш өндөр түвшинд бэлтгэгдсэний дээр коммунизмын үеэл санаа, социалист Германы эх оронч үзлээр хүмүүжигдсэн байжээ. Мөн дотоод итгэл үнэмшилээрээ өөрийн амь амьдрлаа цэрэг армитай эгнэгт холбосон хүмүүс байсан.

Гэтэл нэгдсэн Германы Засгийн газар тэднийг шууд л гудамжинд гаргажээ. Социалист армид хаасан хугацаа жилийг нь тооцоогүйн дээр ямар нэгэн нөхөн төлбөр тэтгэмж огт олгоогүй. Харин ч өөр үзэл сурталтай армид хүчин зүтгэснийх нь төлөө тохуурхан даажигнаж хариугаа авсан гэхэд болно. Үндэснии ардын армийн офицерийн бүрэлдэхүүнд ингэж хатуурхах нь ёс зүйгүй хэрэг байсан. Энэ арми нь хүчин чадлаараа Варшавын гэрээний орнууд дотор ЗХУ-ын дараа ордог байв. Зүүн Германы армийг “хүлээн авагчдын” нэг Бундесвэрийн хошууч Эккехард Рихтер нь “Үндэснии ардын арми нь маш өндөр түвшинд бэлтгэгдсэн, Германы хуучны цэргийн уламжлалыг хадгалсан орчин цагийн прүссчүүд байсан” гэжээ.

Гэсэн ч барууныхан тэднийг дорд үзэж 170 гаруй мянган хүнээс ердөө 3500 офицер, 17 мянган ХЦА-чийг л авсан. Авсан офицерүүдийн цолыг бууруулсанаас гадна хувийн хэрэгт нь “гадаад орны армид алба хашсан” гэх хар тамга дарсан. Ийнхүү гадуурхсаны шалтгаан нь Бундесвэр нь Үндэснии ардын армийг дайснаа гэж үзсээр ирсэнтэй холбоотой. Энэ нь ч аргагүй. 1970-1988 он хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байсан нууц удирдамжаар дайн гарсан тохиолдолд зүүн германчууд 45 минутын дотор Зөвлөлтийн армитай хамт барууныг довтлох ёстой байсан аж. Хоёр Герман нэгдсэний дараа социалист Германы БХЯ-ыг Армийг өөрчлөн шинэчлэх яам болгон өөрчилжээ. Яамны сайдаар зүүн Германы иргэн, өмнө нь Үндэснии ардын армийн дайчилгаанаас зайлсхийсэн хэргээр ял шийтгүүлж байсан Райнер Эппльман гэдэг яг тохирох хүнийг олж тавьсан. Шинэ сайд өөрийг нь ялласан армийг булшлах ажилд ханцуй шамлан оржээ.

Анхны тушаалаараа насан өндөр болсон БХЯ-ны сайд Хайнц Касслер, усан цэргийн командлагч адмирал Теодар Хофманн нарыг тэтгэвэр тогтоолгох эрхгүйгээр армиас хөөжээ. Энэ аргыг армийн удирдах бүрэлдэхүүнд өргөнөөр хэрглэснээс гадна тэтгэвэрд гарсан бэлтгэл генерал, хурандаа нарын тэтгэвэрийг үргэлжлүүлэн өгөхөөс татгалзаж заримых нь хэмжээг ихэд хасжээ. Нийтдээ 38 мянга гаруй офицер, ахлагчийг халсан. 2500 танк, 6000 хуягт, 300 онгоцыг нь НАТО-гийн шинэ холбоотон Латви, Литва, Эстонид тарааж өгчээ. Зөвхөн 23 Мигийг л Бундесвэр авч үлдсэн.

Хүйтэн дайны үед НАТО-г айлгаж байсан 200 байлдааны усан онгоцтой «Фольксмарине»-аас юу үлдээлгүйгээр Азийн орнуудад зараад дуусгажээ. Ийнхүү дэлхийн хүчирхэг армийн шилдэг офицерүүд шинэ улсдаа хэнд ч хэрэггүй хүмүүс болж гэр бүлээ тэжээхийн тул барилгын туслах ажилтан, ачигч цэвэрлэгч хийх болов. Бундэсвэрийн офицер Рудольф Шлаффер “тэд ганцхан өдрийн дотор л бүх зүйлээ алдсан. Барууны цэргийхнээс ялгаатай нь зүүн Германы офицерүүд сэтгэл зүрхээрээ цэргийн мэргэжлийг сонгосон байсан. Тэдний дунд коммунист итгэл үнэмшилдээ автан дайсан улсынхаа армид хүчин зүтгэхээс татгалзсан цөөхөн хүмүүс байсан.

Ихэнхи нь тусгай анги нэгтгэл болон Бундэсвэрд нэгдэнэ хэмээн итгэж хүлээж байсан ч гудамжинд гарсан” гэжээ. Үндэсний ардын армиас Бундэсвэрд орж чадсан цөөхөн “азтангуудын” нэг обер-лейтенант Удо Бессер “ өдгөө би хуучин Үндэсний ардын армийн нөхдийнхөө уулзалтанд очихоо больсон. Тэд гуравдахь шар айргийн дараа бөөнөөр над руу агсарч урвагчаар дуудаж хараадаг” гэжээ.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549