Марк Зукербэрг интернэтийг зохицуулахад идэвхтэй оролцохыг улс орнуудын засгийн газруудад уриалав

access_time 2019-04-01
remove_red_eye 90

Фэйсбүүк компанийг үүсгэн байгуулагч Марк Зукербэрг интернэт орчинд дэг журам тогтооход дэлхийн улс орнуудын засгийн газруудыг идэвхтэй оролцохыг уриалжээ.

Фэйсбүүк болон бусад томоохон технологийн компаниуд тэдний үйл ажиллагаанд эрх баригчид оролцохыг эртнээс эсэргүүцсээр ирсэн. Гэвч Зукербэргийн энэ уриалга нь бодлогын том эргэлт болж байна.

Тэрээр Бямба гарагт Вашингтон Пост сонинд хэвлүүлсэн нийтлэлдээ “Засгийн газар, эрх баригчдын идэвхтэй оролцоо хэрэгтэй гэдэгт би итгэлтэй байна. Интернэтийн дүрмийг шинэчилснээр бид хүмүүсийн үг хэлэх эрх чөлөө, шинийг санаачлах бизнес сэтгэлгээг хамгийн сайн хангахаас гадна нийгмийг хор хөнөөлтэй зүйлсээс хамгаалж чадах юм” гэжээ.

Зукербэрг нийгэмд хор хөнөөл үзүүлж буй дөрвөн чиглэлд засгийн газрын хяналт зохицуулалт шаардлагатай байгааг тоочсон байна. Үүнд: хор хөнөөлтэй контентоос сэргийлэх, сонгуулийг хамгаалах, хувь хүний нууцлалыг хамгаалах, мэдээллийг дамжуулж ашиглахад хязгаар тавих гэжээ.

Фэйсбүүк сүлжээ дээрх дөрвөн сөрөг үзэгдэлд хамгийн их нэрвэгдээд байгаа юм.

Зукербэрг дэлхийн улс орнуудыг Европын Холбооны жишгээр интернэтэд хатуу хяналт тавих зохицуулалт хийж эхлэхийг уриалжээ. Европын Холбоо өнгөрсөн оноос эхлэн GDPR (General Data Protection Regulation) хэмээх томоохон хуулийг өөрийн интернэт орон зайд хэрэгжүүлж эхэлсэн юм.

“Интернэтийг засаглах нь үе үеийн бизнесмэнүүдэд дэлхийг өөрчлөх бүтээгдэхүүн гаргаж, хүмүүсийн амьдралд маш их үнэ цэнэ бий болгоход тус дэм болно. Хүмүүс, компаниуд, засгийн газрын үүрэг хариуцлагыг тодорхой зааж өгсөн хууль дүрэм боловсруулах цаг нь болжээ” гэж Зукербэрг нийтлэлийнхээ төгсгөлд бичсэн байна.

Эх сурвалж: AFP

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549