Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Модигийн намтраар Болливүүдэд хийсэн киног сонгуулийн өмнө үзүүлнэ

access_time 2019-04-01
remove_red_eye 113

Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Модигийн намтрыг Болливүүдэд дэлгэцийн бүтээл болгосон байна.

Тэгвэл энэхүү бүтээлийг дөрөвдүгээр сарын 5-нд буюу сонгууль эхлэхээс хэдхэн хоногийн өмнө Энэтхэг даяар үзүүлэхээр болсон нь сөрөг хүчнийхний ширүүн эсэргүүцэлтэй тулгарчээ.

Энэтхэгийн парламентын сонгуулийн санал хураалт дөрөвдүгээр сарын 11-нд эхэлж, тавдугаар сарын 23-нд өндөрлөх юм. 900 сая орчим сонгогчтой тус улсад сонгуулийн санал хураалтыг бүс бүсээр нь олон өдөрт хувааж зохион байгуулдаг.

Тиймээс сөрөг хүчнийхэн Модигийн намтрыг сонгуулийн дараа үзүүлэхийг шаардаж эхэлжээ. Гол сөрөг хүчин болох Конгресс нам Энэтхэгийн сонгуулийн хороонд хандаж, кино театруудад хийх киноны нээлтийг хойшлуулахыг шаардсан байна.

“PM Narendra Modi” нэртэй уг киноны трэйлерт Гужарат мужийн жижиг хотод цайны худалдаачин байсан Моди хэрхэн төрийн өндөр албан тушаалд хүрснийг сүртэйгээр харуулдаг юм.

Трэйлерийн төгсгөлд Модигийн дүрд тоглосон жүжигчин хөрш Пакистан улсад хандан Энэтхэгийн тэсвэр тэвчээрийг террорист халдлагаар шалгахгүй байхыг анхааруулдаг байна.

Дэлхийд томд тооцогддог киноны ертөнц болох Болливүүд өмнө нь бас улс төрчдийн захиалгаар бүтээл туурвиж байжээ.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549