Элизабет Холмес зочид буудлын баян өв залгамжлагчтай сүй тавьжээ

2019-04-01 593 0

2015 онд 9 тэрбум доллараар үнэлэгдэж, Цахиурын хөндийн хамгийн ирээдүйтэй компани гэгдэж байсан “Theranos”-ийн үйл ажиллагаа тэр чигтээ худал хуурмаг байсныг Wall Street сэтгүүлийн сэтгүүлч Жон Каррейрү “Bad Blood” номоороо илчилж, шуугиан тарьсан билээ. Тус компанийг үүсгэн байгуулагч Элизабет Холмес Стэнфордын Их сургуулиас гарч, эрүүл мэндийн салбарыг хувьсгал хийхээр зорьсон ч эцэстээ бүтэлгүйтэж, одоо залилангийн хэргээр хэдэн арван жилийн ял авах магадлалтай байгаа юм. Гэвч Элизабет Холмес бусдыг татах, ятган үнэмшүүлэх төрөлхийн авьяастай гэдгээрээ алдаршсан нэгэн.

Эдүгээ 35 настай Элизабетийн карьер “дууссан” гэж хэлж болох ч хайр дурлалын харилцаанд амжилттай байгаа бололтой. Business Insider сайт Элизабетийг сүлжээ зочид буудлын чинээлэг өв залгамжлагч, 27 настай Билли Эванстай сүй тавьсан тухай мэдээлжээ.

Биллигийн өвөө, эмээ болох Энни Эванс, Вилльям Эванс нар 1953 онд “Evans Hotels” хэмээх зочид буудлын менежментийн группыг үүсгэн байгуулжээ. Харин Билли MIT-д эдийн засгийн чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалж, Хятадын Фуданы Их сургуулийн хятад хэл, уран зохиолын ангийг тэтгэлгээр суралцаж төгссөн юм байна. Мөн тэрээр “Luminar Technologies” компанид жолоочгүй машины төсөл дээр ажиллаж байсан туршлагатай юм байна.

Тэд өнгөрсөн наймдугаар сарын 29-нд буюу “Theranos” компанийн үйл ажиллагаа албан ёсоор бүрэн зогсохоос хэдхэн хоногийн өмнө хамтдаа даруулсан зургаа тавьж, хувийн харилцаатай гэдгээ баталсан юм. Одоогоор тэд Сан Франциско хот дахь тансаг харшид хамт амьдарч байгаа аж.

Санни Балвани Эх сурвалж: Business Insider

Дашрамд дурдахад, Элизабет өмнөх найз залуу болох Санни Балванитайгаа танилцах үедээ 18 настай, Санни 37 настай байжээ. Тэд “Theranos” компанийн үйл ажиллагааг хамтран явуулж, хурууны өндөгнөөс бага хэмжээний цус авч оношлох зориулалттай төхөрөөмжийг бүтээж буй хэмээн олон нийтийг хуурч байсан юм. Тэдний шүүх ирэх дөрөвдүгээр сарын 22-нд болох бөгөөд тус бүр 20 жилийн хорих ял, 250 мянган долларын торгуульд унахаар байна гэж албаны хүмүүс мэдээлжээ.

Эх сурвалж: Business Insider

Холбоотой мэдээ