“Үхсэн хүмүүсийн тулаан” буюу Оросын баатарлаг 100 цэрэг Германы 7000 цэргийг ялсан түүх

2019-03-30 1457 0

Оросын эзэнт гүрэн 19-р зуунд зүүн Польшын нутаг дэвсгэр дээр Германчуудаас өөрсдийгөө хамгаалахын тулд нэгэн том шилтгээн босгосон нь Osowiec-ын шилтгээн байлаа. Оросын ард түмэн хичнээн баатарлаг болохыг даян дэлхийн хүн төрөлхтөнд таниулах тулаан чухам энэ цайзад болсон юм. Энэ ярвигтай түүх ингэж эхэллээ. 1914 оны 9р сард Германы 8-р арми Osowiec шилтгээний гадна 40 баттолион цэргүүдтэй ирж 6 өдрийн турш тасралтгүй их буугаар цайзыг галлаад амьд үлдсэн хүмүүсийг нь устгахаар 1914 оны 9-р сарын 26-ны өдөр 8-р арми тэр чигээрээ урагш давшсан байдаг.

Гэвч амьд үлдсэн хилийн цэргүүд тэдний эсрэг ширүүн тулалдсаны эцэст Германы 8-р армыг хуучин байрлал руу нь ухрааж чадсан юм. Хоёр хоногийн дараа Оросын амьд үлдсэн хилийн цэргүүд тэдний эсрэг сөрөг дайралт хийж Германчуудыг бүрмөсөн ухрааж чадсан түүхтэй.

Osowiec-ын шилтгээнийг хамгаалсан цэрэг эрс
Ийнхүү байдал хэсэг намжлаа. Гэхдээ дайны гал Европ тивд үргэлжилсээр л байлаа. Эхний дайралтаас 5 сарын дараа буюу 1915 оны 2-р сарын 3-ны өдөр Герман өөрсдийн шинэ төрлийн их буугаар зэвсгэлсэн хүчирхэг армыг дахин илгээлээ. Уг тулаан 1915 оны 2-р сарын 5-ны өдрөөс 3-р сарын 5ны өдөр хүртэл нэг сарын турш үргэлжилсэн аж.

Тулааны төгсгөлийн өдрүүдэд Оросын шилтгээн бараг юу ч үгүй үнсэн нурам болох дээрээ тулаад байлаа. Тулалдах чадвартай бүтэн цэрэг бараг үгүй болж өрөөсөн гар, хөл, гэдэс гээд энд тэндгүй шархдсан цэргүүд эцсээ хүртэл тулалдсаар байтал Оросын нэмэлт хүч ирж Германы их буунуудын эсрэг өөрсдийн их буугаар буудаж Германы хүчийг ухрааж чадсан түүхтэй. Уг 1 сарын бүслэлт Osowiec шилтгээнд нөхөж баршгүй хохирол учрууллаа. Иймээс Оросын засгийн газраас уг цайзад байгаа цэргүүдийг нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргаж нүүлгэх ажиллагаа явагдаж эхэлсэн юм.
Гэвч тухайн жилийн 7-р сард буюу Osowiec шилтгээний нүүлгэн шилжүүлэлт хараахан дуусаагүй байхад фельдмаршал Хинденбургаар удирдуулсан Германы шинэ арми өш хонзондоо багтарч ядан тэдний хилийн өмнө ирсэн байлаа. Ухрах тушаал өгсөн боловч шилтгээн бүрэн бүслэгдсэн тул тэд эцсээ хүртэл тулалдахаас өөр сонголтгүй болов. Тухайн үед шилтгээнд 250 гаруй цэрэг л үлдсэн байжээ.
Сураагүй биш Орос цэргүүд эцсээ хүртэл тулалдсаар 8-р сартай золгов. Бас л эрүүл, бүтэн цэрэг бараг үлдсэнгүй. Офицерууд нь ихэнхи нь амиа алдаж үлдсэн цөөхөн хэд нь удирдах чадваргүй болтлоо шархадсан байв. Үүний зэрэгцээ Германчууд ч энэ янзаар тийм ч амар дийлэхгүйгээ ойлгож 8-р сарын тогтуун цаг агаарыг хүлээн дайралтаа түр зогсоолоо. Чухам тэд юуны учир түр хүлээсэн юм бол?

1915 оны 8р сарын 6-ны өдөр боллоо. Салхи баруунаас зүүн тийш тогтуун салхилж байлаа. Германы арми бүгд хорт хийн багаа өмсөж “уушиг устгах” газ салхины доор задлах нь тэр. Хорт хий Osowiec шилтгээний зүг салхинд туугдсаар… Тухайн цаг үед Оросын цэргүүдэд хорт хийний баг байдаггүй байсныг Германчууд сайн мэдэж байв. Ийнхүү хэсэг хугацаа өнгөрсөний дараа шилтгээний зүгээс ямар ч хариу ирэлгүй нам гүм байсан тул Германчууд бүгдийг нь үхсэн гэдэгт бат итгэн 40 баттолион буюу 7000 гаруй цэрэг урагш давшиж эхэлсэн байна. Германчууд намуухан сонжих маягтай алхсаар эхний хамгаалалтын шугамыг давах үед гэнэт нүүрэндээ цагаан даавуу ороож ам хэсэг нь цус болсон Оросын цэргүүд тэдний өөдөөс гал нээн дайрах нь тэр. Зарим нь дайрах явцдаа цусаар бөөлжиж, унагасан Герман цэргүүдийнхээ дээрээс мөн бөөлжиж байлаа. Германы цэргүүд гэнэтийн хүнд шоконд орж эгнээ байраа алдан ухарцгааж эхлэв.

Тухайн үед дайрч байсан Герман цэргүүд Оросуудыг хүн гэж бодоогүй бөгөөд үхсэн хүмүүс өөрсөд руу нь дайрч байна гэж итгэн бүгд шоконд орсон аж. Учир нь Оросуудын нүүрэнд хийнд хордож огиулсан цуснаас их зүйл байгаагүй юм. Үүнтэй зэрэгцэн усталгүй үлдсэн Оросын таван их буу нь гал нээж бүр ч сандаргасан тул Германчууд ул мөргүй зугтажээ. Тэд 1000 орчим хүнээ алдсан бөгөөд Оросын талаас 60 гаруй цэрэг л хорт хийн тулаанд амиа алдсан байдаг. Энэ тулааныг түүхэнд “үхсэн хүмүүсийн дайн” хэмээн тэмдэглэсэн юм.

Германы их хүчийг тогтоож чадсан Osowiec шилтгээн өнөөдөр иймэрхүү байдалтай байна.
Уг тулаанд Оросууд баатарлагаар тулалдаж ялсаны дараа амьд үлдсэн цэргүүд нь ухарч дараачийн шинэ байрлалруугаа шилжин Германчуудын эсрэг үргэлжүүлэн тулалдсан байдаг.

Эх сурвалж:TUUH.MN

Холбоотой мэдээ