Ц.Нямдорж: Мөнгө нэг бол цаасан дугтуйтай, нэг бол чемодантай болоод яригдаад байдаг

2019-03-29 829 0

 

С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэгт холбогдсон хүмүүсийг эрүүдэн шүүсэн тухай  нууц бичлэгийг өндөржүүлсэн хамгаалалтын дор сэтгүүлчдэд үзүүллээ.

Бичлэгийг  сэтгүүлчдэд үзүүлэхэд ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ болон хууль хяналтын байгууллагын төлөөллүүд хамт байлцав. Бичлэгийг үзүүлсний дараа ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж мэдээлэл хийж, асуултад хариуллаа.

Тэрбээр хэлэхдээ, “Би хэвлэлийнхнээр дамжуулан Б.Содномдаржаа, Т.Чимгээ хоёр болон ар гэрийнхнээс нь уучлалт хүссэн. Харин одоо уг хэрэгт холбогдож, гэр бүлээрээ шатаагдсан Отгонбаатар гэж залуугийн ар гэрийнхнээс Монголын төр уучлалт гуйж байна. Энэ хэрэг шийдэгдсэнээс хойш гурван жил найман сар, би энэ асуудлыг судалж эхэлснээс хойш хоёр жил зургаан сарын хугацаа өнгөрлөө.

Гурван настай хүн их зовж байна. Үхтэл үр харам гэдэг үг байдаг. Энэ гурван хүнийг амьд байхад хүүхэд нь алуурчин биш гэдгийг ойлгуулчих юмсан гээд би адгаад зүтгээд байгаа. “Танай хүүхдүүд хүний аминд хүрээгүй” гэдгийг нотлохыг хүсэж байгаа юм. Асар их хугацаа өнгөрсөн. Би энэ асуудлыг шийдээд, энэ хүмүүсийг явуулаад өгөөч гэж Ерөнхий прокуророос их гуйсан, шийдэгдээгүй юм.

Энэ тамлах ажиллагаа гурван үе шаттай явагдсан. 2013 оны наймдугаар сарын дундуур Амгаланбаатар дээр ажиллагаа эхэлсэн. Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг харьяаллын бус АТГ-т аваачиж, гүйцэтгэх ажил явуулсан.

Тэднийг Ганц худагийн хамгийн чанадад, хүн оруулж болохгүй газарт хорьсон. Т.Чимгээгийн ээжийг эргэлтээр очиход оруулаагүй. Нэгэнт ял шийтгэгдсэн хүнд хуулийн хугацаа нь болсон бол эргэлт оруулах ёстой.

ШШГЕГ-ын сервэрээс сэргээсэн бичлэг. Энэ бичлэгийг хаана ч зохиож, хэн ч монтажилж чадахгүй. Ер нь энэ ажиллагааг зохион байгуулсан хүмүүс бол 4-5 прокурор. Гүйцэтгэх, мөрдөх, хянах, зохион байгуулах тэр бүх ажлыг орлогч прокурор Г.Эрдэнэбат хариуцаж ажилласан. Нэг хүн энэ бүх шат дамжлагыг хариуцдаггүй хуулийн зохицуулалттай.

“Паар” гэдэг залуугийн ах Нэргүйг би авчирч өнөөдөр уулзлаа. Тэр залууг бурхны оронд одсоны дараа хэрэгтэн болгохын тулд нэг хүнийг гэрчээр татсан байдаг. Гэрч 1998 онд Амгаланбаатар ах бид гурав хамт ууж байтал Амгаланбаатар ах хот орж захиалагч нараас мөнгө авсан гээд өврөөсөө багсайсан мөнгө гаргаж ирээд хүүхдүүдэд нь мөнгө тараасан гэж ярьсан байдаг. Гэтэл талийгаач залуугийн том охин 1999 онд удаах нь 2001 онд төрсөн байгаа юм. Ингээд худлаа нь нотлогдож байгаа юм.

2015 оны гуравдугаар сарын 31-нд Б.Содномдаржаад эрүү үүсгэж, 30 хоногийн дараа Т.Чимгээгийн хашаанд цогцос аваачиж хаясан. Ингээд наймдугаар сард тэднийг хориод есдүгээр сард шүүхээр орсон. Тэднийг Ганц худгийн хамгийн чанга дэглэмд хорьсон.

Шүүхийн шийдвэр гарсны дараа прокурор тэдэнтэй хэнийг ч уулзуулж болохгүй гэсэн бичиг өгөөд дарамтлаад байсан. Хуулиараа бол шүүхээр шийтгүүлсэн хүнтэй уулзахад зөвшөөрөл авах шаардлагагүй” гэлээ.

Мөн тэрээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

-Тагнуулын ажилтан бичлэгийг сэргээж үзүүлсэн тухай хэлсэн. Хэн бичлэг хийгээд, хэн устгаад яаж сэргээж байгаа юм бэ?

-Мөрдөн байцаалтын нарийн юмыг хэлмээргүй байна. Өөрийнхөө сервер дээрээс сэргээсэн. Тийм юм болж байгааг ажлын хэсэг камераар хараад сууж байсан гэсэн үг. Энэ хэргийг шалгах явцад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага ажиллаагүй байна. Шөнө шүүхийн шийдвэрийнхнийг хөөж явуулчихаад Чимгээгийн өрөөнд хүн оруулсан байх.

-Хэргийн захиалагч хэн байсан талаар мэдүүлэг байдаг уу?

-Захиалагч, зуучлагч, хамжигч гэж байгаа. Мөнгө төгрөг өгсөн, авсан талаар худлаа юмнууд олон байна. Мөнгө нэг бол цаасан дугтуйтай, нэг бол чемодантай болоод яригдаад байдаг. Үүнд нэр холбогдсон хүмүүсийг дуудаж асуугаагүй. Шууд л яллачихсан.

-Чимгээ, Содномдаржаа нар хилсээр шийтгэгдсэн бол тэдний хохирлыг хэрхэн барагдуулах вэ?

-Хохирлын тухайд хохирсон хүмүүс өөрсдөө гомдлоо гаргаад, түүний дагуу асуудлыг шийднэ.

-С.Зориг агсны эхнэр Булган хохирогч юм уу, яллагдагч юм уу. Шалгагдаж байгаа статус нь юу юм бэ?

-Булганы хувьд би ч ойлгохоо байсан. Хохирогч байснаа, сэжиглэгдэж 10 сар хоригдсон. Хоригдож байхдаа энэ хүмүүсийг алуурчин биш гэдгийг хэлсэн. Ингээд Булганыг шүүх хуралд оруулахгүй, дээр үед өгсөн ам зургаар нь шийтгэсэн.

-Таныг эрүүдэн шүүх 400 сандал Хятадаас оруулсан гэж яригддаг. Ямар учиртай сандал юм бэ?

-Эрүүдэн шүүх сандал биш л дээ. 2011 оны үед 400 сандал оруулсан. Энэ ширээний хэмжээтэй сандал л даа. Согтуу хөлчүү хүн амиа хорлохоос сэргийлэх, гарыг нь даавуугаар боож, хөлийг нь уядаг сандал. Тэр чинь Америкт сэтгэл мэдрэлийн эмнэлэгт ашигладаг сандал юм билээ. Энэ сандлыг ашиглаагүйгээс хоёр хүн амиа алдсан.

Холбоотой мэдээ