Д.Батмөнх: Ийм сайхан орд өргөөнд хань минь хамт байсан бол хичнээн сайхан бэ

access_time 2018-09-28
remove_red_eye 961

 

-САЙХАН СЭТГЭЛТЭЙ АРД ТҮМНИЙХЭЭ ИТГЭЛИЙГ АЛДАХГҮЙ, ГУРВАН ОХИНЫХОО ТӨЛӨӨ ХИЧЭЭЖ ЗҮТГЭХ БОЛНО-

Галд орон гэрээ алдаж, өндөр настай ээж, дөрвөн сартай бага охин болон 2, 3 настай дэрсхэн охидын хамт зүдэрч явсан Д.Батмөнхийн тухай сурвалжлагыг ТВ5 телевизийн сэтгүүлч Ганзоригийн Бадамлянхуа иргэд, олон нийтэд цаг алдалгүй хүргэсэн. Сурвалжлага энэ сарын 18-нд цацагдаж, тэр даруй Д.Батмөнхөд туслах сайхан сэтгэл өвөртөлсөн олон хүн тус телевизэд хандаж эхэлсэн байдаг. Маргаашаас нь түүнд туслах хандивын аян өрнөж, ердөө долоо хоногийн дотор Д.Батмөнхийн хандивын дансанд 85 сая төгрөг төвлөрсөн. Тэрбээр өчигдөр намрын дунд сарын шинийн 17-ны билэгт сайн өдөр ард түмний хандивын мөнгөөр авсан хоёр өрөө байрандаа шинэ гал голомтоо бадраасан юм. Бид энэ баярт үйл явдал дээр нь очиж Д.Батмөнхийн сэтгэгдлийг сонслоо.

-Намрын дунд сарын билэгт сайн өдөр шинэ байранд орж гал голомтоо дахин бадрааж байгаад танд баяр хүргэе?

-Баярлалаа, сэтгэгдэл маш өндөр байна. Ийм байранд орно гэж төсөөлж бодож ч байсангүй. Орон гэр маань шатаад, хоёр хүүхдээ, ээжтэйгээ хамт чирээд гарч байхдаа “Би одоо яана аа л” гэж бодож байсан. Тэр үеэс хойш Монголын ард түмэн надад хандив тусламж, сэтгэлийн үгээ харамгүй хэлж өнөөдөр гурван охин, өндөр настай ээжийг маань шинэ байртай болголоо. Маш их баяртай байна. Монголынхоо ард түмэнд дахин дахин баярлалаа.

-Хамгийн анх гэртэй л болчихвол болно гэж ярьж байсан?

-Тийм шүү дээ, өнөө маргаашгүй цас орох боллоо. Гурван хүүхэд, ээжийгээ чирээд хаачих билээ. Гэртэй л болчихвол болно гэж боддог байлаа. Гэтэл өнөөдөр хоёр өрөө орд өргөөтэй боллоо шүү дээ(уйлав. сурв).

-Монголын ард түмнийг ингэж хандив өгнө гэж төсөөлж ч байгаагүй болов уу?

-Яг үнэнийг хэлэхэд гэр орноо шатсаны дараа хаашаа хандахаа мэдэхгүй, “Дээшээ тэнгэр хол, доошоо газар” хатуу байсан. ТВ5 телевизийн хамт олон гэр бүлийг маань Монголын ард түмэнтэй холбох гүүр болж есдүгээр сарын 17-ны өдөр миний байгаа байдлыг олон нийтэд үзүүлсэн. Сайхан сэтгэлтэй ард түмэнтэй Монгол орондоо төрж өссөндөө баярлаж, бахархаж сууна.

-Хандив өрнөсөн хэд хоногт Монголын ард түмэн танд урмын үг харамгүй хэлж байсан. Цаашид амьдрах урам зориг өгсөн болов уу гэж бодож байна?

-Миний ээжийн үеийн 70, 80 настай буурлууд “Миний хүү сэтгэлийн тэнхээтэй байгаарай” гээд маш их урмын үгийг хэлж байсан. Монголын ард түмэн утсыг маань хайж олоод “Ах минь сэтгэлийнхээ тэнхээтэй байгаарай. Та хэдэн охидынхоо төлөө л зүтгэх хэрэгтэй шүү” гэж хэлдэг байсан. Ийм сайхан сэтгэлтэй ард түмнээр хүрээлүүлсэндээ баярлаж байна. Одоо ард түмнийхээ итгэлийг дааж амьдрана. Хэдэн охиддоо боловсрол эзэмшүүлж, гарыг нь ганзагад, хөлийг нь дөрөөнд хүртэл зүтгэнэ дээ. Ах нь ажлаа хийж байхад манай хэд алздаггүй юм аа. Бага охиноо гаргаас гаргаад л ажил хийнэ дээ.

-Таны сэтгэлийн шархыг хөндөж байгаад уучлаарай. Гэхдээ ийм сайхан өдөр ханиа дурсахгүй өнгөрч болохгүй болов уу. Та гэр бүлийнхээ хүнтэйгээ хэдэн жил ханилсан бэ?

-Би ханиа алдаад сар гаруй болж байна. Арван сар дөнгөж гаргаад ханийн маань 49 хоног болно. Ханьтайгаа гэр бүл болоод зургаан жил болсон. Миний хань их буянтай хүн, жил жилийн зайтай надад цэцэг цэврүү шиг гурван сайхан охин төрүүлж өгөөд буцлаа. Гурван удаа кесарево халгаагаар төрөхдөө өвдлөө гэж нэг ч удаа надад хэлж байгаагүй. Нэг л өглөө яваад өгсөн(уйлав. сурв). Би хоёр том охинтойгоо газар унтдаг. Эхнэр маань багыгаа аваад орон дээр унтдаг юм. Тэр өглөө бага охин уйлаад байхад эхнэр маань хүүхдээ авдаггүй. Тэгэхээр нь “Ханиа охин уйлаад байна, босоод охиноо хөхүүлэхгүй юм уу” гэсэн чинь чимээ өгдөггүй. Биед нь хүрэхэд гар нь сул орны урдуур унжсан. Бие нь дулаахан ч гэсэн ямар ч хөдөлгөөнгүй. Би чинь сандраад, ухаан алдах дөхөж түргэн дуудаж, хадам ээж рүүгээ ярьсан. Түрэгний машин тэр дороо давхиад ирсэн. Эмч нь үзээд “Бараг хоёр цагийн өмнө өнгөрсөн байна” гэж хэлэхэд итгээгүй. Гэнэт л зүрх нь хаагдсан байна лээ. Урьд орой нь зүгээр л байсан шүү дээ. Тухайн үед яах учраа олохгүй сэтгэлийн маш хүнд дарамтад байсан. Одоо Монголын ард түмнийхээ урмын үг, сэтгэлийн өглөгөөр ахиад амьдралд сөхрөхөөргүй боллоо. Энэ мөчид ханиа их л үгүйлж сууна. Ийм сайхан өргөөнд хань минь байсан бол ямар сайхан бэ гэж бодох юм.

-Би таниас ярилцлага авах гээд хүлээж суухдаа гурван настай том охин чинь ямар ухаантай, хэрсүү юм бэ гэдгийг харлаа. Яг том хүн шиг хоёр настай дүүгээ асрах юм?

-Тийм шүү, хүүхэд нялх ч гэсэн эхийгээ байхгүй болсон гэдгийг зөн совингоороо мэдэрдэг бололтой юм. Миний том охин гуравхан настай ч гэсэн хэдхэн хоногт яг л том хүн шиг хэрсүүжсэн. Нялх ч гэсэн бүх зүйлийг ойлгодог юм байна. Гэр орон маань шатчихаад яах учраа олохгүй намайг сандарч тэвдэж явахад дүү нараа уйлахаар нь нулимсыг арчиж өгөөд “Миний дүү уйлж болохгүй” гээд аргаддаг. Хоёр настай дүүгээ байнга халамжилж хамтдаа тоглож аавдаа тус болдог. Ийм сайхан охидтой юм чинь цаашид алзахгүй байх аа. Л.Энхбаатар дүү маань энэ хэд хоногийн хугацаанд хамаг ажил төрлөө цааш нь тавьж, хандив зохион байгуулж хэдэн хүүхэд, өндөр настай ээжийг маань шинэ байртай болголоо. Ах нь дүүдээ баярлалаа гэж хэлэхээс өөр үг олдохгүй юм. Дүүдээ маш их баярлалаа гэдгийг л дахин дахин хэлмээр байна.

-Хандивын аян эхэлсэн эхний өдөр таны дансанд 17 сая төгрөг цугласан. Тухайн үед ямар сэтгэгдэл төрөв?

-Дансаа утастайгаа холбуулаад үлдэгдлээ шалгатал 17-ын ард баахан тэг байсан. Тоолж үзтэл 17 сая төгрөг итгэдэггүй. Арга ядаад банкны ажилтнаас асуутал “Ах аа, таны дансанд 17 сая төгрөг байна” гэхээр нь маш их гайхсан. Монголын маань ард түмэн үнэхээр аугаа юм. Ийм сайхан орны нэгээхэн хэсэг болж төрсөндөө баярлаж байна.

-Ийм сайхан өдрөө бидэнд цаг зав гарган ярилцлага өгсөнд баярлалаа. Танай гэр бүлд аз жаргал хүсье.

-За, баярлалаа. Та бүхнийхээ итгэлийг дааж амьдарна. Үр хүүхдүүдээ сайхан өсгөж хүмүүжүүлж, эх орондоо хэрэгтэй хүн болгоно. Цаашид өөртэй минь ижил зовлон үзсэн хэн нэгэнд өөрийнхөө чадах зүйлээрээ үргэлж тусалж амьдрах болно.

-Д.БАТМӨНХ АХЫГАА ОРЧИН ҮЕИЙН ЗАГВАР ХИЙЦТЭЙ ШИНЭ БАЙРАНД ОРУУЛЖ
БАЙГААДАА БАЯРЛАЖ БАЙНА-

Үндэсний статистикийн хороонд шинжээчээр ажилладаг Л.Энхбаатар гэх энэ залуу эхнэрийнхээ хамаатны ах Д.Батмөнхөд хүнд гарз хохирол амссаныг дуулан, түүнд туслахаар хамгийн анх ТВ5 телевизтэй холбогдсон байдаг. Тэрээр энэ айлыг айлын дайтай болгохын төлөө өнгөрсөн өдрүүдэд чамгүй их зүтгэсэн гэдгийг дахин хэлмээр байна. Ингээд бид түүнтэй цөөн хором ярилцсан юмаа.

-Иргэн Д.Батмөнх 20 гаруйхан хоногийн дотор Монголын ард түмний сэтгэлийн өглөгөөр хоёр өрөө байртай боллоо. Энэ үйл явдалд таныг маш чухал үүрэг гүйцэтгэсэн гэдгийг олон хүн мэдэж байгаа. Тухайн үеийн нөхцөл байдлыг эргэн дурсахгүй юу?

-Есдүгээр сарын 17-ны орой 22:00 өнгөрөөгөөд Д.Батмөнх ахын гэр шатсан гэдгийг мэдээд хадам аав, ээж хоёрын түрээслэж буй байр хүнгүй байгаа гэдгийг мэдээд нэгдүгээр хороолол руу дуудсан. Дөрвөн сартай бага охин дан цамцтай гадуур нь даавуугаар ороочихсон, эмээ хөл нүцгэн, дунд охин нь хувцасгүй, Д.Батмөнх ах хаанаас олсон нь мэдэгдэхгүй өрөөсөн таавчиг угалчихсан ийм л байдалтай байхад нь би хамгийн анх уулзсан. Энэ байдлыг харсан ямар ч хүн Д.Батмөнх ахад туслахын тулд хичээж, зүтгэх байсан болов уу. Хөө тортог болсон аавыгаа хоёр настай охин нь байн байн хүзүүгээр нь тэвэрч үнсэж байгааг харахаар сэтгэл өвдөөд, надад үнэхээр хүнд байсан. Тэр шөнөдөө ах дүү нараас нь дэмжлэг туслалцаа үзүүлэх боломж байна уу гэдгийг өөрөөс нь асуугаад ерөнхий нөхцөл байдлыг ойлгосон. 20 гаруй хоногийн өмнө эхнэр нь өөд болоход ах дүү нар нь чадах чинээгээр тус болж, гэрт нь хэрэгтэй гэсэн бүх зүйлийг авч өгөн үнэхээр сайхан тохижуулж өгсөн юм байна лээ. Ахиад гурван эгч нь тус тусдаа амьдралтай, олон хүүхэдтэй ахиад тусламж авч гэр босгоно гэдэг үнэхээр хэцүү байсан.

Тиймээс есдүгээр сарын 18-ны үүрээр хүмүүс холбогдож эхэлсэн л дээ. Гадаа хүйтрээд юу юугүй цас орох дөхчихсөн үед Д.Батмөнх ахыг яаж гэр оронтой болгох вэ гээд санаа зовж шөнө ч унтаж чадахгүй өглөө эрт хүмүүс рүү залгасан. Зарим нь унтаж байсан, зарим нь уурласан загнасан. Гэхдээ ойлгож байна, тэр хүмүүсийг. Тэгээд ТВ5 телевизийн н.Доржоотой холбогдож болсон нөхцөл байдлыг хэлэхэд “Би хөдөө явж байна. Сэтгүүлчтэйгээ холбож өгье” гээд Г.Бадамлянхуатай холбож өгөөд мэдээлэл бэлтгэсэн. Мэдээ олон нийтийн сүлжээгээр цацагдснаас хойш “Дансны дугаараа өгөөч” гээд туслахыг хүссэн маш олон хүн ТВ5 телевизтэй холбогдсон байсан. Тэгэхээр нь би Д.Батмөнх ахыг дагуулаад ажил тарахтай уралдан “Хаан банк” руу гүйж ороод хоёр данс байсныг нь нэгийг нь хаалгаад, нөгөөг нь гүйлгээ хийж идэвхжүүлсэн. Тэр шөнө нэг хүн дөрвөн ханатай гэр өгье гэхээр нь “Болоо шүү дээ. Энэ гэрийг нь сайхан тохижуулаад өгье” гэж бид хэд ярилцаад хоносон. Есдүгээр сарын 19-ний өглөө Д.Батмөнх ахын хандивын дансанд 17 сая төгрөг орчихсон байсан. Тухайн үед үнэхээр гайхсан, яах аргагүй 17 сая төгрөг байсан. Тэр өглөөнөөс хойш минут, секунд тутамд хүмүүсийн хандивын мөнгө Д.Батмөнх ахын данс руу орж байсан.

-Хамгийн анх дөрвөн ханатай ч байсан хамаагүй гэр л аваад өгчих юмсан гэсэн хүслээр ТВ5 телевиз рүү хандаж байсан. Гэтэл төсөөлж ч байгаагүй зүйл болж, намрын дунд сарын шинийн 17-ны билэгт сайн өдөр Д.Батмөнхийг шинэ байранд нь орууллаа?

-Хүйтэрч цас орохоос нь өмнө гэртэй болгочих юмсан гэсэн хүсэл маань биелж, Д.Батмөнх ахыгаа 70 кв/м орчин үеийн загвар хийцтэй шинэ байранд оруулж байгаадаа сэтгэл сайхан байна. Үнэндээ Монголын ард түмэндээ хандсан сайхан үг хэлэх гэхээр баярлаж хөөрсөндөө үг ч олдохгүй юм. Хамгийн гол нь ТВ5 телевизийн хамт олон мэдээллээ олон нийтэд хүргэж чадсан учраас Монголын ард түмэн сэтгэлийнхээ өглөгийг харамгүй өгсөн гэж бодож байна.

-Д.Батмөнхийн гэр бүл Чингэлтэй дүүрэгт харъяалагддаг. Тиймээс нийгмийнхээ халамжийг авахад дөхөм байхаар энэ дүүрэгт нь байр авч өгнө гэж байсан. Яагаад Яармагт байр авч өгөхөөр болов?

-ТВ5 телевизийн хамт олон бидэнтэй ярилцаад төрийн үйлчилгээг Чингэлтэй дүүргээс авдаг. Тиймээс энэ дүүрэгт нь байр авч өгвөл зүгээр юм болов уу гээд дүүрэгт нь байр хайж үзэхэд хоёр өрөө ч гэсэн маш жижигхэн байрууд олдож байсан. Хандив өгсөн олон хүний сайхан сэтгэлээр харамгүй их мөнгө цуглачихлаа, орох оронтой болгож өгөхөөр яарцгаасан. Өнгөрсөн долоо хоногийн хагас сайн өдөр автомашингүй өдөр байсан болохоор хувь хувьдаа байр хайцгаасан. Энэ байрны эзэн ТВ5 телевизийн Г.Бадамлянхуа руу холбогдоод “Яармагт 70 кв/м ийм байр байна. Та бүхэн сонирхож үзэх үү” гээд холбогдсон байна лээ. Би ойрхон байсан учраас хамгийн түрүүнд ирж, энэ байрыг үзэхэд 80 сая төгрөгөөр зарна гэж байсан. Тухайн үед бидэнд 75 сая төгрөг цуглачихсан байсан. Гэхдээ маргааш нь Д.Батмөнх ахын дансанд 80 сая төгрөг цугласан ч хэрэглээний мөнгөтэй үлдээх юмсан. Байрны эзнийг таван сая төгрөг татаасай гэсэн бодолтой байсан учраас байрны эзэн н.Цогтгэрэл ахтай биечлэн уулзаж, хүсэлтээ хэлэхэд зөвшөөрөөд зогсохгүй 145 сая төгрөгийнхөө байрыг 50 хувь хямдруулаад бидэнд 75 сая төгрөгөөр өгсөн. Мөн жилийн есөн сая төгрөгийн төлбөртэй цэцэрлэгт Д.Батмөнх ахын хоёр том охиныг хамруулахаар болсон. Монголын ард түмний сэтгэл хэзээ ч дундрашгүй, эв нэгдэлтэй гэдгээ сая энэ үйл явдал дээр харууллаа.

-Байр аваад өгчихлөө Д.Батмөнх бага охиноо хардаг учраас ажил хийж орлого олох боломжгүй. Тэгэхээр байр ашиглалтынхаа зардлыг яаж төлөх билээ гэдэгт цөөнгүй хүн санаа зовж байна?

-Эхний хоёр сарын ашиглалтын зардлыг “HERMES” худалдааны төвийн түрээслэгч нар төлнө гэсэн. Бид хэдийг байр хайгаад лайв хийгээд явж байхад “2019 оны нэг сард Монголд очно. Гурван жил байр ашиглалтынх нь зардлыг төлж өгнө” гэсэн хүн байгаа. Гэхдээ юм яаж өөрчлөгдөхийг мэдэхгүй. Д.Батмөнх ахын бага охиин дөрвөн сартай, ирэх оны хавар болтол ажил хийх боломжгүй байна. Ард түмний хандив 82 сая төгрөг болсон. Үүнээс 75 сая төгрөгөөр байр авч, дөрвөн сая төгрөгөөр гэр орныг нь тохижуулж өгсөн. Одоо гурван сая гаруй төгрөг Д.Батмөнх ахад үлдсэн. Мөн фэйсбүүкийн “Аавуудын групп” энэ үйл ажиллагаанд зориулж хандив цуглуулж, зургаан сая төгрөг болсон гэж сонссон. Энэ мөнгөнөөс охидод нь хадгаламж нээгээд, илүү гарсан мөнгийг нь өгч магадгүй гэх зүйлийг ярьсан. Өөрөөр хэлбэл ирэх хавар болтол одоо байгаа мөнгөөрөө байр ашиглалтынхаа зардлыг төлөөд Д.Батмөнх ах ажил хийх юм. Ах маань хар бор ажлаас зугтаж шантардаггүй, “Хүүхдүүд маань хадгаламжтай, дулаан орох оронтой болчихлоо, багыгаа гараас гарчихвал ажил хийгээд хангалттай амьдарчихна. Ах нь алзахгүй. Миний дүү ахдаа битгий санаа зовоорой” гэж хэлсэн. Бид цаашид Д.Батмөнх ахтайгаа байнга холбоотой, эргэж тойрч амьдрах болно.

М.АМАРЖАРГАЛ
Эх сурвлаж:medee.mn

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549