Энэтхэгийн цагдаа нар сонгогчдын саналыг худалдаж авах зориулалттай $80 саяын хөрөнгийг хураажээ

2019-03-27 394 0

Ирэх сард Энэтхэгт болох парламентын сонгуулийг угтсан цагдаагийн ажиллагааны үеэр сонгогчдын саналыг худалдаж авах зориулалттай $80 саяын дүнтэй хөрөнгийг хураан авжээ.

Гуравдугаар сарын 10-нд сонгуулийн товыг зарласан бөгөөд үүнээс хойш хоёр долоо хоногийн дотор ийм хэмжээтэй бэлэн мөнгө, архи, алт, мансууруулах бодис зэрэг санал худалдаж авах зориулалттай эд зүйлсийг хураан авсныг Энэтхэгийн сонгуулийн төв хороо мэдээлсэн байна.

Цаашдаа энэ хэмжээ улам нэмэгдэхээр байгаа ажээ.

Энэтхэгийн сонгуулийн ажиллагааны үеэр улс төрийн намууд асар их хэмжээний хөрөнгө мөнгийг санал худалдан авахад зарцуулдгаараа алдартай.

Сүүлийн үед нэр дэвшигчдээс сонгогчдод тараадаг эд зүйлсийн дотор телевиз, гар утас, зөөврийн компьютер хүртэл нэмэгдсэн байна.

Илрүүлсэн үнэт эд зүйлсийн дотор зөвхөн бэлэн мөнгө $22 саятай тэнцэх хэмжээнд хүрсэн байна. Энэтхэгийн өмнөд бүсийн Андра Прадеш мужаас хамгийн их бэлэн мөнгө хураасан нь $7.9 сая болжээ.

Сонгогчдын саналыг худалдаж авснаар сонгуулийн үр дүнд нөлөөлж чаддаггүй болохыг саяхны судалгаагаар тогтоосон ч Энэтхэгийн улс төрийн намууд энэ зуршлаасаа мөд салах шинжгүй байгаа юм.

Дэлхийн хамгийн том сонгуульд тооцогддог Энэтхэгийн парламентын сонгуульд 900 сая орчим хүн санал өгдөг.

Ийм олон хүнээс нэг дор санал авах боломжгүй тул санал хураалтын ажиллагаа бүс нутаг тус бүрээр хуваарийн дагуу явагдаж, сар гаруй хугацаанд үргэлжилдэг.

Энэ жилийн сонгуулийн санал хураалт дөрөвдүгээр сарын 11-ний өдөр эхэлж, тавдугаар сарын 19-нд дуусна. Саналуудыг нэгтгэж тоолох ажиллагаа тавдугаар сарын 23-нд явагдаж ажээ.

Эх сурвалж: BBC

Холбоотой мэдээ