МОСКВА ХОТОД ПУТИНЫГ ЭСЭРГҮҮЦСЭН ЖАГСААЛ БОЛЖЭЭ

access_time 2018-07-30
remove_red_eye 834

ОХУ-ын нийслэл Москва хотноо өнгөрсөн ням гаригт /2018.07.29/ Ерөнхийлөгч Владимир Путиныг эсэргүүцэж жагсаал болжээ. Жагсаалд оролцогчид нэгэн зэрэг дуугаар “Путин бол хулгайч” , “Хаан шиг дүр эсгэхээ боль” хэмээн эсэргүүцлээ илэрхийлэв. Тэд ОХУ-ын Засгийн газраас боловсруулсан тэтгэврийн насыг нэмэх хуулийн төслийг эсэргүүцэж ийнхүү жагссан юм.

ОХУ-ын Засгий газраас боловсруулсан ‘Тэтгэвэрийн насыг нэмэх’ хуулийн төсөлд эрэгтэй хүн 60 настайдаа тэтгэвэрт гардгийг 65 болгох, харин эмэгтэй хүн урьд нь 55 настайдаа тэтгэвэрт гардаг байсныг 63 нас болгож өөрчлөх заалт ард иргэдийн шүүмжлэл дагуулж, жагсаал цуглаан хийхэд хүргэсэн байна. Харин төр засгийн удирдлагууд нь ‘Тэтгэврийн насыг нэмэх’ хуулийн төсөл нь эдийн засагт эергээр нөлөөлнө гэдэгт итгэлтэй байгаа аж.

‘Тэтгэврийн насыг нэмэх’ хуулийн төслийг эсэргүүцсэн жагсаалд 6000 гаруй хүн оролцсон гэж мэдээлж байгаа боловч Москва хотын цагдаагийн газраас 2500 хүн оролцсон хэмээн хэвлэл мэдээллийн байгууллагуудад мэдээлжээ.

“Бид үүнд сэтгэл хөдлөлөөрөө хандах биш улс орны сайн сайхны төлөө, баялгийг, эдийн засгийн үр өгөөжийг нийгмийн аль ч давхаргад хүргэхээр хичээх ёстой” гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдсэн бол “2019 оноос эхэлж тэтгэврийн насыг үе үеэр нэмэх төлөвлөгөө боловсруулж толилуулна” хэмээн Ерөнхий сайд Дмитрий Медведев онцолжээ.

Одоогийн байдлаар оросын ард иргэдэд олгогдох дундаж тэтгэвэр 14 мянга 400 рубль буюу 561 мянга 600 төгрөгтэй байдаг байна.

Г. БАТМАНДАХ
Эх сурвалж: Reuters

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549