Д.Жигжиднямаагийн дүү Д.Минжмаа удирдаж, ХАЛАА СЭЛГЭЭ, ХУУЛЬ БУС үйлдлийг цэцэглүүлж байна

access_time 2018-09-27
remove_red_eye 676

 

80 жилийн түүхтэй, Монгол Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн дарга Д.Жигжиднямааг гороолсон таагүй мэдээ, энэ газраар овоглосон осол аваар, гэмтэл саатал дуусахгүй нь. Өөрийн төрсөн дүү Д.Жүгдэрнямтайгаа хамт хууль бусаар мөнгө угаасан байж болзошгүй, Мөн эрх мэдлээ урвуулан ашиглаж, ОХУ-д актлагдсан 1000 вагоныг УБТЗ-д техникийн шинэчлэл нэрийдлээр нийлүүлж, оффшор бүсэд бүртгэлтэй компаниар мөнгийг нь шилжүүлсэн зэрэг ноцтой асуудлууд хөндөгдөж, Эрүүгийн цагдаагийн газарт хавтаст хэрэг нээлгүүлж, яллагдагчаар татагдахад бэлэн байгаа гэх мэдээллийг АТГ-аас хэд хэдэн удаа мэдээлсэн.

Тэгвэл энэ хүнтэй холбоотой бас нэгэн ноцтой зөрчил илэрлээ… Тэрбээр үеэл дүү Д.Минжмааг хүчин төгөлдөр хэрэгжиж буй Монгол улсын хуулийг зөрчин, шинэ албан тушаалд томилж, төрийн албаны орон тоог хэтрүүлжээ. Манай улсад хэрэгжиж буй хуулиар Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам нийгэмлэг”-ийн Хууль зүйн алба хоёр даргатай байна гэсэн заалт байхгүй. Гэтэл УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа “2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Б-1-86” тоот тушаал гаргаж Дашдаваа овогтой Минжмааг тус газрын хууль зүй албаны орлогч даргаар томилсон нь хууль зөрчсөн үйлдэл болж байна. Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгт хуулийн дагуу, Монгол, Оросын хамтарсан нийгэмлэгийн Ерөнхий хорооны шийдвэрээр томилогдсон Яковенко Е.Р. гэгч албан ёсны Хууль зүйн албаны дарга байсаар байтал УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа Ерөнхий хорооны шийдвэр, хүчин төгөлдөр хэрэгжиж хууль дүрмийг үл тоон өөрийн буруутай үйлдлээ нуун далдлах, ар талаа бат хамгаалах зорилгоор багаа бүрдүүлж, хамаатныхаа хүнийг шургуулжээ.

Баттай эх сурвалжийн мэдээлж буйгаар хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Ерөнхий хорооны шийдвэрээр томилогдсон хууль зүйн албаны дарга Е.Р. Яковенкод ямар ч эрх мэдэл байдаггүй, дарга гэсэн халхавчтай энгийн нэгэн Орос байдаг аж. Харин байхгүй орон тоон дээр шинээр томилогдсон, хууль зүйн албаны орлогч дарга Д.Минжмаа нь Яковенкогийн өмнөөс бүх зүйлийг шийдэж, ажилчдыг ажлаас халах, өөрийн шинэ хүмүүсийг багтаа авах хууль бус үйлдлийг гардан гүйцэтгэдэг байна. Тухайлбал УБТЗ-ын дарга Д.Жигжиднямааг энэ газрыг удирдсанаас хойш нам, улстөрийн шалтгаан, өмнөх даргын үед ажиллаж байсан гэх шалтгаанаар 86 хүнийг хууль зөрчин, ор үндэслэлгүй ажлаас чөлөөлсөн байдаг. Үндэслэлгүйгээр ажлаас халагдсан, мэргэжилтнүүдийн зүгээс гомдол гаргах, анхан, дунд, дээд шүүхийн гурван тогтоолоор гэм буруугүй нь тогтоогдож хуулийн дагуу ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэх шийдвэрээр эргэн иртэл хууль зүйн албаны орлогч дарга Д.Минжмаа нь ямар нэг шалтгаан, хуульд байхгүй үндэслэлээр дахин халдаг байна.

Түүний хууль бус шийдвэрийн нотолгоо болгож нэг иргэний тушаалыг хүргэе.

Тухайлбал иргэн Ж.Мөнхбатыг Иргэний хэрэг, давж заалдах шатны шүүх, Дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн шийдвэрийн дагуу УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Д.Жигжиднямаагийн 2018 оны 09 дүгээр сарын 06-ний өдрийн Б-1-273 тоот тушаалаар Замын 4-р ангийн даргаар эргүүлэн авсугай гэсэн байна. Гурван шатны шүүхээр Жамбалын Мөнхбатыг гэм буруугүй хэмээн үзэж эргүүлэн ажилд нь томилсон. Гэтэл 5 хоногийн дараа буюу 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Б-1-275 тоот тушаалаар хууль хяналтын байгууллагаар гэм буруутай нь тогтоогдсон, өөрөө хүлээн зөвшөөрсөн гэх үндэслэлээр эргүүлээд ажлаас нь чөлөөлжээ. Иргэн Ж.Мөнхбатыг гурван шатны шүүх гэм буруугүй байна гэдгийг нь тогтоочихсон байхад УБТЗ-ын хууль зүйн албаны орлогч дарга Д.Минжмаа буруутай хэмээн үзэж дахин ажлаас нь халуулсан энэ үйлдэл нь түүнийг хуулийн зүйл ангийн буруугаах ашигласан, шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэсэн ёс зүйгүй үйлдэл гэдгийг нотлон харуулж байна. Мөн огт байхгүй албан тушаалын нэр гаргаж, мэргэжлийн албан хаагчийг ажлаас халсан гэв.

Мөн түүнчлэн УБТЗ-ын хууль зүйн алба нь Е.Р.Яковенко даргын удирдлагад нийтдээ долоон хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байсан бол 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс мэргэжлийн бус, Д.Минжмаагийн танил, ах дүүс гэсэн 16 хүний бүрэлдэхүүнтэй болон өргөжиж, энэ хууль зүйн албанд 30 жил ажилласан, мэргэшсэн албан хаагчид нь халагдсан аж. Энэ тухай нэрээ нууцалсан баттай эх сурвалж ярихдаа “Хууль зүйн албанд н.Баясгалан, н.Ариунаа, н.Цэнджав нарыг өмнөх дарга нарын үед ажиллаж байсан хэмээн ажлаас үндэслэлгүйгээр халсан. Д.Минжмаа мэргэжлийн хуульч биш. Түүний ажилд оруулсан залуучууд хууль эрх зүйн мэргэжлийн биш хүмүүс. Тэрчлэн хууль бус орлогч дарга атлаа Д.Минжмаа унаа унаж, тусгай хангамж эдэлдэг нь Д.Жигжиднямаа даргын тойрон хүрээлэгчдийн үнэн төрх юм” хэмээн мэдээллээ.

Монгол Улсын Засгийн газар болон Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам нийгэмлэг” 2018 оныг “Сахилга хариуцлагын жил” болгон зарласан. Гэтэл Д.Жигжиднямаа даргаа үйлдлээрээ ч тэр, эс үйлдлээрээ ч тэр дэвшүүлсэн уриа, хүлээх хариуцлагынхаа эсрэг алхам хийж, хууль зөрчсөн хэд, хэдэн удаагийн томилгоо хийсэн байна.

Тухайлбал Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Ерөнхий хорооны шийдвэрээр замын орлогч нарыг томилдог журамтай аж. Гэтэл Д.Жигжиднямаа дарга өөрөө дур мэдэж нэг хүнийг хоёр албан тушаалд томилжээ. Тухайлбал өөрийн найз, дотны хүн гэгдэх Г.Ганболдыг Ерөнхий хорооны шийдвэргүйгээр удирдлага хариуцсан орлогч даргаар 2017 оны 02 сард томилж байсан бол Зам тээврийн хөгжлийн яамны дэд сайдаар сонгогдсон Л.Халтарын оронд УБТЗ-ын Хөдөлгөөн хариуцсан орлогч даргын үүрэг гүйцэтгэгчээр хавсран ажиллах эрхийг мөн олгожээ. Саяхан 80 жилийн ойгоо Хөлийн голын дэнжид нижгэр тэмдэглэсэн УБТЗ-ынхан замын дарга Д.Жигжиднямаа болж бүтэхгүй зүйл, буруу, зөрүү үйлдлээр дүүрэн байна. Бурхангүй газрын бумба галзуурна гэгчийн үлгэрийг УБТЗ-д үлгэрлэж байгаа энэ хүнд хариуцлага тооцох эрх мэдэлтэн үнэндээ алга.

Эх сурвалж: Ulsturch.mn 

Холбоотой мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549