Залуус мөрөөдөлтэйгөө хамт Монголоос дайжиж байна

access_time 2019-03-25
remove_red_eye 161

Ажлын шаардлагаар англи хэлний сургалтын төвийн суралцагчидтай яриа өрнүүлэх завшаан олдов. Угаас англи хэл өнөө цагт “дэлхийн хэл” болсон тул яагаад сонгон суралцаж буйг нь асуусангүй. Харин англи хэлийг төгс эзэмшчихвэл таны ойрын зорилго юу вэ гэвэл бүгд “Гадаад явна” гэх…

Эхлээд ерөнхий боловсролын сургуулийн 10-12 дугаар ангийн таван сурагчтай ярилцав. Тэд бүгдээрээ англи хэл сураад гадаадад “амиа” аваад явах чадвартай болсон даруйдаа Англи, Австралийг зорино гэнэ.

“Монголдоо сайхан амьдрах бодолгүй юу” гэхэд 10 дугаар ангийн сурагч охин “Монгол муухай ш дээ. Өвөл нь утаатай, амьдрахын эцэсгүй. Арай гэж хавартай золгоход үргэлж шороо шуураад л…Мэдэхгүй, Монгол нэг л хэцүү санагдаад байдаг юм” гэж хариулав. Тэр хэл сайн сураад ямар нэгэн аргаар гадаад л гараад авбал бараг эргэж ирэхгүй гэнэ. Өндөр хөгжилтэй орнуудад амьдраад л улам цааш явахаар алс хэтийг төлөвлөжээ.

Хажуунаас нь арванхоёрдугаар ангийн сурагч хүү “Монголд ажиллаж амьдарна гэхээр нэг л ирээдүйгүй юм шиг санагддаг шт. Гадаадад л оччихвол ажлын байр ихтэй, цалин хөлс өндөр учраас ээж, аав намайг сургуулиа төгсөнгүүт Англи явуулна гэсэн. Одоогоор би англи хэл төгс эзэмшээгүй байна. Тэгэхээр ганцаараа, таних хүн нэг ч байхгүй улсад очиход “амиа аваад” явж чадахгүй ч байж магад. Гэхдээ л гадаадын хөгжилтэй улс, оронд очих боломж олдвол явахад бэлэн” хэмээн үг нэмэв.

Монголын ирээдүй болсон өсвөр үеийн хүүхдүүд ийн ярьж байна. Тэд мөрөөдөлтэйгөө хамт Монголоос дайжих нь…

Дараа нь насанд хүрэгчдийн ангийнхантай хуучиллаа. Тэд ч бас хэлээ сураад гадаад явах гэнэ. Хувийн компанид ажилладаг 20 гаруй насны залуу бүсгүй, төрийн албан хаагч ахимаг насны эмэгтэй ч англи хэлээ сайжруулж Лондон, Сингапур явах талаар ярилаа. Тэдэнд мөн л эх орондоо үлдэх саналтай эсэхийг нь асуухад “Ажлаад л байдаг ажлаад л байдаг. Цалин гэж өчүүхэн юм авна. Түүгээрээ дараагийн цалин буутал амь залгуулаад л дуусна. Хурааж хуримтлуулах, аялж зугаалах, амьдралаас таашаал авах боломж өнөөдөр Монголд алга. Тиймээс л дэлхийн өндөр хөгжилтэй, ядаж л хүний хөдөлмөрийг шударгаар үнэлдэг улсад очиж ажиллаж амьдармаар байна. Элгэн садан, ээж аавтайгаа эх орондоо үлдмээр байвч үр хүүхдээ сайхан амьдруулж, соёлтой боловсролтой хүн болгохын тулд миний сонголт гадаад” хэмээн залуу бүсгүй эрс шийдэмгий хариулав.

Арав гаруй залуусын дундаас ганцхан хүн л “Ажлын шаардлагаар зайлшгүй англи хэлээ сайжруулахгүй бол болохгүйд хүрсэн. Ядаж л бизнесийн түнш рүүгээ майл бичхээс эхлээд өдөр тутмын энгийн хэрэгцээ гарна. Тиймээс л сургалтын төвд сууж байна. Амьдрал болж л байна” хэмээсэн нь Монголд үлдэх залуу үе бас ч байгаа л юм байна гэсэн бодол төрүүлж, баярлуулав.

Ихэнхи залуусын мөрөөдөл гадаад л явах аж. Дөнгөж арван жилийн сурагчид “Тэнд амьдрал бий, харин Монголд ирээдүй алга” хэмээн хэдий нь амьдрал үзсэн “толгой” шиг ярих нь хэцүү. Өнөөдрийн нийгэм тэдэнд эх орноосоо дайжих бодлыг дэндүү эрт суулгасан гэлтэй…

Залуус “Монгол л биш бол хаана ч яахав” гэсэн бодол тээж, дэврүүн мөрөөдлөө тээгээд хилийн чанадыг зорьсоор байна.

Эх сурвалж:Shuud.mn

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549