ХУУЛЬ: Зодолдох гэмт хэрэгт хохирогч гэж байхгүй, хоёр тал заавал ял, шийтгэлтэй

access_time 2019-03-25
remove_red_eye 85

2017 онд шинэчлэн баталсан Эрүүгийн хуульд зааснаар “Бусдын эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг” үйлдсэнээр хохирогч, сэжигтэн хоёр тал хоёул үйлдийнхээ төлөө ял шийтгэлтэй. Учир нь үл ялих шалтгаанаар бусадтай маргалдаж улмаар харилцан зодолдох, гэнэтийн уур бухимдлаасаа болж хүний биед ямар нэгэн байдлаар гэмтэл учруулсан тохиолдол нь хохирогч мөн адил бусдад хохирол учруулж, гэмтсээсэн байдаг аж.

Манай улсад гудамж талбай, олон нийтийн газар зодолдоход гэмт хэрэг болдог багагүй үйлдэгддэг. Мөн ахуйн хүрээн дэх гэр бүл хоорондын үл ойлголцол, зодоон, гэр бүлийн хүчирхийлэл нь гэмт хэрэг биш, бусдад хамаагүй гэр бүлийн дотоод асуудал гэсэн ойлголт нь буруу юм.

Мөн гэмт хэрэг үйлдэгдэж байгааг харсан, мэдээлэл авсан хөрш, төрийн алба хаагч, гэр бүлийн гишүүд цагдаагийн байгууллагад мэдээлэх үүрэгтэй. Энэхүү үүргийг биелүүлээгүй шалтгаанаар гэмт хэрэг үйлдэгдэж, хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан бол Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлд зааснаар 200.000 төгрөгөөр торгоно хэмээн заасан байдаг.

Өнгөрсөн 2018 онд 797 буюу өдөрт хоёр хүн гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэгт өртөж хохирчээ.

-ХӨНГӨН ГЭМТЭЛ УЧРУУЛСАН Ч ШҮҮХЭЭР ОРЖ, 10 САЯ ТӨГРӨГНӨӨС 40 САЯ ТӨГРӨГӨӨР ТОРГУУЛНА-

11.1 дүгээр зүйл. Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах

Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол 10 сая төгрөгнөөс 40 сая төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Энэ гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

11.4 дүгээр зүйл. Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах

Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бол 450.000-5.400.000 төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

Энэ гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

11.6 дугаар зүйл. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол 450.000-1.350.000 төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

Энэ гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол 450.000-2.700.000 төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

-ГЭР БҮЛИЙН ХҮНИЙГ ЗОДСОН БОЛ ЗУРГААН САРААС НЭГ ЖИЛ ХҮРТЭЛ ХУГАЦААГААР ХОРИНО-

11.7 дугаарзүйл. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх

Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Энэ гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн бол зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

-ЗОДОЛДОХ ГЭМТ ХЭРЭГТ ЯЛАГЧ ГЭЖ БАЙХГҮЙ, ХОХИРОГЧ ХҮРТЭЛ ЯЛ АВНА-

“Ананд advoncates LLP” хуульч, өмгөөлөгч Ү.Амарбат

-Сайн байна уу. Сүүлийн үед өмнөх хуулийн танхайрах гэмт хэрэгт хамаарагдах заалт нь шинэчлэгдээд хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэгт зүйчлэгдэн шалгаж байгаа гэх юм. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-1994 онд Ардчилсан нийгмийн үеийн анхны Эрүүгийн хууль батлагдаад тэр нь 2002 онд өөрчлөгдсөн. 2002 оны Эрүүгийн хуулийг судлаачид, хуульчид шүүмжлэхдээ шоронжсон хэмээдэг байсан. Ингэж шүүмжлэх үндэслэл нь юу байсан бэ? гэхээр ял нь хүнд, ялихгүй зүйл дээр хүнд ял өгдөг гэдэг байсан. Тэрний нэг илрэл нь Эрүүгийн хуулийн 69, 98, 99 дугаар зүйлд заасанчлан бусдын биед хөнгөн, хүндэвтэр, хүнд гэмтэл учруулах байсан. Өөрөөр хэлбэл хоёр хүн зодолдоод нэг нь нэгэндээ гэмтэл учруулсан тохиолдолд гэмтлийн зэргээсээ хамаараад ял нь өөр. Дээрээс нь Эрүүгийн хуулийн бас нэг заалт нь танхайн гэмт хэрэг. Энэ нь нөхцөл байдлаараа бусдын биед гэмтэл учруулах гэмт хэргээсээ ялгаатай. Олон нийтийн газар, бусдыг илтэд үл хүндэтгэх зэрэг. Гэмтэл нь адилхан хэрнээ үйлдэгдсэн газар нь болон үйлдэл нь олон нийт рүү чиглээд ирэхээрээ өөр болдог. Тэгэхээр бусдын биед хохирол учруулах гэмт хэрэг үйлдвэл гурван сарын хорих ял авдаг байсан бол танхайн хэрэг үйлдсэн бол таван жилийн хорих ялтай байдаг. Үүнийг одоо шинэ буюу 2017 онд батлагдсан Эрүүгийн хуулиар танхайрах гэмт хэрэг гэж үзэхгүй. Харин танхайрах гэмт хэргийг тодорхой элементийг агуулсан бол Зөрчлийн гэмт хэрэг болоод явна.

-Эрүүгийн шинэчлэгдсэн хуулиараа хохирогч болон хэрэгтэн хоёул хуулийн өмнө хариуцлага хүлээлгэж шүүхээр ял онооно гэх юм. Тэгэхээр хохирсон иргэнийг давхар хохироох асуудал хөндөгдөж байна?

-Ихэвчлэн 17-34 насны буюу төлөвших насны залуучууд энэ төрлийн гэмт хэрэгт холбогддог. Энэ төрлийн гэмт хэргийн шинж нь дандаа үл ялих шалтгаанаар үйлдэгдэж байна. Өс хонзонгийн сэдэл байхгүй, урьдаас төлөвлөөгүй байж байгаад гэнэтийн уураас болж хэрэг үйлдэж байна. Тухайлбал, харилцан зодоон үүсгээд нэг нэгэндээ гэмтэл учруулсан бол зүйчлэлийнхээ хувьд харилцан зодоон гээд явна. Ингэхээр цагдаагаас хоёулангийн биед гэмтэл учирсан учраас хоёуланг нь хохирогчоор тогтоогоод мөн хоёуланг нь сэжигтэн яллагдагчаар татаад хоёулаа ял авна.

Иргэд хөнгөн гэмтсэн нь хохирогч гэж ойлгоод байдаг. Гэтэл үнэндээ маргаан үүсгэсэн харилцан зодолдсон байдаг. Гэхдээ зүгээр байж байгаад бусдад зодуулаад хохирсон асуудал байвал ял шийтгэл гэж байхгүй. Иргэд олон нийтийн газарт согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ бусадтай маргалдаж харилцан зодолдоод улмаар хоёр талын зодоонд хамааралтай хүмүүс бүгд гэмтлийн зэрэг илэрч хуулиараа үйлдэл нь зүйчлэгдээд хариуцлага хүлээх тохиолдол их байдаг.

Ер нь энэ төрлийн гэмт хэрэг ял нь чанга байснаараа буурдаг гэмт хэрэг биш. Харин нийгмийн ёс суртахууны хэм хэмжээг дээшлүүлж байж буурдаг. Яагаад гэхээр түрхэн зуур болоод өнгөрдөг ийм онцлогтой.

-Бусдын биед гэмтэл учруулах гэмт хэргийг шийдэхдээ Эрүүгийн хууль Зөрчлийн хуулиараа хэрхэн, яаж хамаатуулдаг юм бэ?

-Эрүүгийн хуулиараа гэмт хэргийг зохицуулдаг. Харин Зөрчлийн хуулиараа үйлдлийг нь харгалздаг. Гэмт хэргийн нөхцөл байдал, болсон процесс, хэргэлсэн үгээс хамаараад хохирогч Эрүүгийн ял авахгүйгээр Зөрчлийн ял аваад өнгөрч болно. Энэ төрлийн гэмт хэрэг нь хоёр тал тохиролцоод гомдолгүй гэсэн хэдий ч хуулиараа нэгэнт Эрүүгийн хуулийг зөрчсөн учраас ял өгдөг учраас үргэлжлээд шүүхээр ороод явна.

-Хохирогч, сэжигтэн хоёр хоёулаа шүүхээр орно гэсэн үг үү?

-Хоёр тал нэг нэгэндээ ямар нэгэн байдлаар хохирол учруулсан бол шүүхээр таслан шийдүүлнэ. Гэмтлийн зэрэг нь ямар байхаас хамаарна. Хохирогч өөрөө зодоон эхлүүлсэн, илтэд зүйл бус авирласан нь нотлогдвол. Мөн хохирогч өөрөө тухайн гэмт хэрэг үйлдэгдэхэд ямар нэгэн байдлаар нөлөөлсөн, бусдад гэмтэл учруулсан бол ял авна гэсэн үг. Эрүүгийн хуулиараа торгохоос эхлээд хорих ял хүртэл шийтгэгдэнэ. Шүүхээс хоёр талд хоёуланд нь шийтгэл оногдуулж, хоёуланг нь хохирогчоор тогтооно. Зүйл анги тухайн хэргийг нөхцөл байдлаас бүх зүйл хамаарна. Ер нь бол зодоонд ялагч байхгүй. Мөн энэ төрлийн гэмт хэргийг гол шинж нь түргэн уураас үйлдэгддэг.

-Гэр бүлийн хүчирхийлэл, зодолдох гэмт хэрэг юугаараа ядгаатай вэ?

-Гэр бүлийн хүчирхийлэл, зодоон нь хохироож байгаа субектээрээ ялгаатай юм. Албан ёсны гэр бүлийн хамаарал бүхий хүнийг зодож гэмтэл учруулсан бол гэр бүлийн хүчирхийлэл гэж үзнэ. Гэр бүлийн хүчирхийлэл, зодоон хоёр үйлдэхдээ ямар сэдэл санаатайгаар үйлдсэн бэ гэдгээрээ бас ялгаатай.

Мөн эд хөрөнгийн маргаанаас болсон бол гэмт хэрэг хийхдээ сэдэл санаанаас нь хамаараад зүйчлэгдээд явна юм.

Эх сурвалж: Medee.mn У.Уранцэцэг

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549