Гээгдсэн…гэхдээ амьдралд хайртай аав, охид

access_time 2019-03-25
remove_red_eye 414

Ширээн дээр тал кимбаб, бэлэн гоймонгийн сав….Гудсан доороосоо тамхиа авч асаагаад шуналтай гэгч нь сороод л, хананд өлгөөтэй эхнэр, охидтойгоо инээмсэглэж авхуулсан гэрэл зургаа хараад уртаар санаа алдаад л…

Яг ингээд л цаг зогсчихсон мэт ажин түжин байдлыг гэнэт эвдэж мишээл тодруулан “Заримдаа би эргээд хөлтэй болчихож гэж зүүдэлнэ. Баярлаад л босох гэхээр…” гэснээ үгээ залгиж, дахиад л санаа алдав. “Том охин маань саяхан телевизэр үзэж сууснаа ааваа та намайг ингээд л хүзүүн дээрээ суулгаад гадуур алхдаг байсан тийм ээ” гэснээ хөл рүү хараад урвайчихсан” гээд өнөө л янзаараа санаа алдав. Энэ удаад үлдсэн жаахан сэтгэлийн гал нь хамт унтарчихав уу гэлтэй урамгүйхэн харцаа буруулж “могжгор” хөлөө илж харагдав.

Би тоормос гишгээгүй бол тэрнээс ч, надаас ч юм үлдэхгүй байсан

Түүнийг Х.Чулуунбаяр гэнэ. Цагтаа ажил хөдөлмөрөөрөө гайхагдаж барилгын бригад ахалж, бизнес эрхэлж, алдаж, онож ажлын амжилтаараа “шуугиулж” явсан эр. Гэсэн ч нийгмийн өөрчлөлт, цаг үеийн ороо бусгаа байдлаас улбаалан “ажилгүй”-чүүдийн эгнээнд шилжжээ. Энэ үед түүний ах нүүрс тээврийн жолоочоор ажиллах санал тавьснаар 2015 онд “Монголын Солонгос” гэгдэх Цагаанхаданд очсон байна. Өмнөговь аймгийн Цогтцэций суман дахь энэ газрыг өнөөдөр мэдэхгүй хүн бидний дунд ховор. Гашуунсухайт-Цагаанхад боомтод өнөөдөр 13 мянган жолооч аж амьдралаа залгуулахаар хүнд даацын автомашины жолоо мушгиж яваа.

Х.Чулуунбаяр тэдний нэгэн адил хятад эзэнтэй хүнд даацын автомашиныг гэрээ, гарын үсэг ч гэлгүй хүлээн авч ажлыг ч “умалзуулж” байж. Ахиухан мөнгө ч олж, ах дүүстээ тавьсан өр, зээлээсээ гарч, амьдрал эд л жигдэрчээ. “Одоо л хоёр охинтойгоо, гэргийтэйгээ аз жаргалтай амьдарна. Өөрийн гэсэн хашаа, байшинтай болно” хэмээн алс хэтийг төлөвлөж дүүгийнхээ байрыг суллаж өгөхөд тун бага хугацаа үлдсэн байж. Гэтэл тэр нэг “хар” өдөр Х.Чулуунбаярын амьдрал орвонгоороо эргэжээ.

Нүүрсээ ачуулаад БНХАУ-ын Ганцмодны боомтыг зорьж явтал туслах замаас хоосон тэвштэй шаланзийн жолооч “Амжина” гэсэн итгэлтэйгээр хурдаа нэмээд гэнэтхэн л өмнүүр нь ороод ирж.

“Хэрэв би тэр машиныг очоод мөргөчихсөн бол тэрнээс, надаас ч юм үлдэхгүй байсан. Хичнээн тоормос гишгэсэн ч тоормосны шланк зад буудсан тул замын хажуу руу дарж, автомашинтайгаа унасан.

Баян-Овоо сумын түргэн тусламж иртэл би машиныхаа хажууд дөрвөн цаг хэвтсэн. Тухайн үед би хөлөө мэдрэхгүй байсан ч хоёр хөлөө тайруулчихна гэж огт төсөөлөөгүй. Мөр л их өвдөөд байсан тул гар л болохоо байж гэж бодож хэвтсэн юм. Эмнэлэгт хүргэгдээд байтал замын цагдаа ирээд үлээлгэх гэтэл их цус алдсан учраас үлээж ч чадааагүй. Гэтэл сувилагч хажуунаас нь дуудаад миний хөлний зургийг үзүүлтэл тэр цагдаагийн царай хувьс гээд л явчихад “За хөл болохоо байсан юм байна” гэж бодож эхэлсэн. ГССҮТ-д ирээд нийт дөрвөн удаагийн хагалгаанд орж хоёр хөлөө тайруулсан даа” хэмээн амьдралыг нь “харлуулсан” тэр нэг жолооч, тэр хар өдрийн талаар ярив.

Төр буруугүй ч хааяа гомдох л юм

Туслах замаас хурдтай орж ирсэн автомашины жолооч ганцхан хором хүлээж зогсоод түүнийг өнгөрөөчихсөн бол өнөөдөр хоёр бяцхан зүрх элэг бүтэн, Х.Чулуунбаяр хоёр хөлтэйгэйгээ үлдэж, охидоо хөтлөөд хотын гудамжаар ирж яваа цагийн урь амсаж, алхах байжээ.

Хэрэв хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилласан бол ажлаа хийж яваад хөдөлмөрийн чадвараа алдсан түүнд ажил олгогч өнөөдөр арай дөнгүүр амьдралын баталгаа олгох байв. Гэтэл хэл мэдэхгүйн хар гайгаар гэрээ байгуулаагүй тул багахан нөхөн олговор хөөцөлдөж байж олж авчээ. “Өөрийнхөө хүслээр тэнд очиж ажиллаад хөлгүй болсон учраас өнөөдөр төр засагт буруу чихэж суухаас ичээд байдаг юм аа. Гэхдээ хааяа бас гомдмоор л болох юм. Уг нь Тавантолгойн нүүрсийг л зөөж, улсынхаа эдийн засагт хувь нэмэр оруулж явсан ухаантай. “Чалко”-ийн өрнөөс гараад уурхай дөрөв хоног ажиллахгүй зогсолт хийхэд жолооч нар огт бухимдаагүй шүү дээ. Учир нь улс минь өрнөөс гарлаа гээд үнэндээ л хагартал баярлаж байлаа” хэмээв.

Манай монголчууд хэнэггүй дээр нь хэл мэдэхгүй учраас бичиг цаас болж гэрээ хийхээс зайлсхийдэг байна. Мөн цалингаа цагт нь авах л монголчуудын хувьд туйлын ганц хүсэл тул хятад компанийг сонгох нь элбэг аж. Зарим нь хөдөлмөрийн гэрээ хийх хүсэлт тавьдаг ч гэрээ хийлгүйгээр нүүрс тээвэрлэж мөнгө олох зорилготой өөр өчнөөн хүн араас нь дугаарлаад зогсож байдаг тул ажил олгогч хүсэлтийг нь хүлээж авалгүй “дараагийнх нь” гэдэг байна. Дээр нь хэл мэдэхгүй учраас төвөгшөөдөг аж.

“Хоёр хөлгүй ч, хоёр охин минь миний жигүүр”

Хоёр охиноо нэг нэгээр нь өвөр дээрээ суулгаж сэтгэл дүүрэн инээмсэглэж авахуулсан гэр бүлийн гэрэл зураг түрүүчээс хойш нүдэнд туссан. Гэвч зурган дээрх тас хар, урт гэзэгтэй эмэгтэй өнөөдөр энэ өрөөнд алга. Тэр хоёр охиноо, аавтай нь үлдээгээд оджээ.

Гэхдээ Х.Чулуунбаяр түүнд гомдсон нь үгүй юм. Харин ч зураг өөд нь хайр дүүрэн ширтээд “Эхнэр минь залуу хүн дээ. Арга ч үгүй биз. Насаараа хөлгүй хүний өтгөн, шингэнтэй зууралдахад нас нь дэндүү хайран. Тиймээс ч би явахад нь дургүйцээгүй. Гэхдээ хоёр охиноо өгч явуулахыг хүсээгүй. Өөрсдийнх нь л сонголтыг хүлээж суутал “Бид хоёр аавтайгаа үлдэнэ” гээд эрс шийдэмгий том хүн шиг хэлчихэж билээ. Ингээд л хоёр охин минь намайг сонгож би гэдэг хүнд хувь тавиландаа гоморхож суух эрх үлдээгүй” гэв.

Биднийг ярилцаж суутал бяцхан “бондгор” охин ахынхаа гараас хөтлөн гүйн орж ирээд “Ааваа” хэмээн хүзүүнд нь зүүгдэж үнсүүлэв. Х.Чулуунбаярын бага охин нь зургаан настай, нэгдүгээр ангийн сурагч. Харин түүний эгч есөн настай. Тэрсхэн шахуу охид нь аавдаа дахин амьдрал хайрлажээ. “Хоёр хөлгүй ч, хоёр охин минь миний жигүүр” гэж хэлэхдээ тэр хатгасан мэт хацраа хонхойлгон инээсэн. Харин зургаахан настай хэрсүү байрын бяцхан охин “Би аавыгаа хөлтэй болгохыг хүсч байна. Тэгээд бас ээж наашаа ирээд эгчтэйгээ аавтайгаа халуун ам бүлээрээ амьдармаар байна” хэмээн хэвлүүхэн ярих юм.

“Эхнэртэйгээ танилцсан түүхээ эргээд нэг дурсах уу” гээд итгэл муутайхан асуутал “Тэгэлгүй яахав. Бид хоёр анх 2008 онд танилцаж гэр бүл болсон. Бусдын л адил хоёр талаасаа “хоосон” нийлж, бүх зүйлийг тэгээс эхэлж байлаа шүү дээ. Тухайн үед түүний найзууд атаархдаг байсан. Өнөөдөр ч тэр намайг орхиод явах шийдвэр гаргахад найзууд нь нөлөөлсөн юм болов уу гэж боддог юм. Гэхдээ би ямар ч үед түүнийг буруутгахгүй. Тэр одоо хоёр охинтойгоо л холбоотой байдаг юм” хэмээв. Х.Чулуунбаяр тайван, аливаа асуудалд саруулаар хандаж чаддаг эр аж.

“Намайг өрөвдөж болох ч охидыг минь битгий “онилоорой”

Одоо Х.Чулуунбаяр, хоёр охины хамт дүүгийнхээ байранд түр “толгой хоргодож” суугаа гэнэ. Дүү нь өөрөө дөрвөн хүүхэдтэй ч ахыгаа гээд алсуурхан болгоод л байж. Гэвч удахгүй байрандаа буцаж ирэх зайлшгүй шаардлага тулгарсан тул Х.Чулуунбаяр байрыг нь суллаж өгөхөд тун богино хугацаа үлджээ. Аав ээж хоёр нь хоёр жилийн зайтай бурхан болж, одоо түүний дүү нар л ахыгаа эргэж тойрдог гэнэ. Гэхдээ тэд ч бас амьдралтай тул тэр бүр ахыгаа гээд байж чадахгүйг нь учирлав.

“Юун түрүүнд хоёр охинтойгоо орох оронтой л болмоор байна. Дараа нь ажил хийнэ. Нэг л мэдэхэд охид маань оюутан болно. Их сургууль гэдэг чанга даваа байна. Гэхдээ болгоно. Тэр болтол ажил хийж, хөрөнгө хуримтлуулна” хэмээн ярих нь даанч хайрламаар. Хоёр хөлгүй ч эрүүлээр сэтгэж чадаж байгаа нь хэтийг төлөвлөж охидоо мэдлэгтэй, чадвартай боловсон хүчин болгохоор эртнээс төлөвлөж буй нь энэ эрийг хэн болохыг тодорхойлно. Тэр сайн аав, сайн эцэг аж. Зорьж тэмүүлж ч чадаж байна. Тиймдээ ч охид нь ээжтэйгээ явж болох байсан ч аавыгаа сонгож хажууд нь үлдсэн биз. Амьдрал сайхан даа, алаг үрстэйгээ өөрийн гэсэн орон гэртээ жаргаж суух цаг удахгүй биз ээ…

Өнөөдөр Х.Чулуунбаярынх гэх айлд ес, зургаан настай хоёр охин, 39 настай нэг эр аж төрж байна. Энэ гурван хүн сард төрөөс олгодог хөдөлмөрийн чадвараа алдсаны тэтгэмж 174 мянган төгрөгөөр л амьдралдаа залгуулж байгаа аж. Үүгээр байрны мөнгөө төлнө, автобус унааны мөнгө, хоол хүнс, хэрэглээний зардал гээд ер хүний амьдралд шаардлагатай хэрэглээ бүрийг зохицуулдаг байна.

Өнөөх ширээн дээрх тал кимбабыг тэр охиндоо үлдээжээ. Харин талын талыг нь дүү нь эгчдээ үлдээнэ. Тэгээд л манай гурав дахиад өглөөг угтана. Аавд нь тэргэнцэртэй ч тэнгэрт нисэх хүсэл нь, тэгээд хүч нь байна. Харин охидод нь аавыгаа нисгэх “далавч нь”, бас аавыгаа гэх амь халуун сэтгэл нь байгаа цагт алзахгүй ээ.

Х.Чулуунбаяр ярилцлагын төгсгөлд “Намайг хараад өрөвдөж болох ч охидыг минь битгий “онилоорой”. Тэд минь сайн хүн болж өсөх ёстой. Түүний төлөө би амьдарч байна. Бурхан намайг буцаалгүй авч үлдсэн. Одоо би амьдарсан шиг амьдарч байгаад буцахдаа бурхны өмнө нүүр бардам очно” хэмээсэн юм.

Ийм нэг охидынхоо төлөө хүсэл дүүрэн, ирээдүйнх нь төлөө аль ч ажлыг голохгүй хийх “ассан” их тэмүүлэлтэй залуу их хотын хөл хөдөлгөөн ихтэй гудамжны буйдхан байшинд ахиад зөндөөн удаан амьсгалахсан, амьдрахсан гэхээс “буцалж” сууна. Түүнээс хайр ундарч, гэгээ татаж байна.

Харин түүнд багахан дэм л хэрэгтэй байгааг бодон бодон буцлаа…

ЭХ СУРВАЛЖ:SHUUD.MN

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549