МҮОХ-ны ерөнхийлөгчийн хууль бус эсэхийг тогтоох шүүх хурал Д.Загдсүрэнгийн хүсэлтээр хойшилжээ

access_time 2019-03-22
remove_red_eye 206

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2017 онд болсон Олимпийн чуулганаар МҮОХ нь Ерөнхийлөгчөө хууль бусаар сонгосныг хүчингүй болгох иргэн Э.Мөнх-Очирын нэхэмжлэлтэй шүүх хурал өнөөдөр хуралдсан ч иргэн Д.Загдсүрэнгээс эрх ашиг нь хөндөгдөж байгаа тул өөрийг нь гуравдагч этгээдээр татан оролцуулах хүсэлт гаргасны улмаас 3 дахь удаагаа хойшилжээ. Шүүх хурал 4 дүгээр сарын 10-нд хуралдах тов гарчээ.

Шүүх дээр маргаантай асуудал үүссэний улмаас МҮОХ нь жил тутам хуралдуулах ёстой гишүүдийн хурлаа 1-р сарын 25-ны өдөр зарласан ч хуралдуулж чадаагүй юм. Ерөнхийлөгч Д.Загдсүрэн нь өнгөрсөн оны 12 дугаар сар, энэ оны нэгдүгээр сард өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгснийг тус хурлаар хэлэлцэх тов гараад байсан билээ. МҮОХ-ноос гишүүдийн хурлыг 3 дугаар сарын 29-ний өдөр хуралдуулахаар дахин зарласан ч шүүх дээр үүссэн маргааны улмаас хуралдах эсэх нь эргэлзээтэй байна.

Мөн өнгөрсөн оны 12 дугаар сард Олимпизмыг аврах хөдөлгөөн ТББ-ын тэргүүн Ч.Бат-Эрдэнээс Олон улсын олимпийн хорооны Ёс зүйн комиссын дарга Бан Ги Мүүнд хандан Д.Загдсүрэнг эрүүгийн хэрэгт ял шийтгэгдсэн тул алба хаших эрхгүй хэмээн шалгуулах хүсэлтийг гаргасан байдаг. Ер нь сүүлийн үед Олимпийн хорооны дүрэм, ёс зүйн асуудлаар дотооддоо ихээхэн маргаантай байгаа юм.

Уг маргаантай байдал 2014 оноос хойш буюу МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн нь эрүүгийн хэрэгт ял шийтгэгдснээс хойш өдийг хүртэл үргэлжилсээр байна. 2020 оны Токиогийн олимпийн наадмаас өмнө маргаанаа цэгцлэхгүй бол Монгол улсын олимпийн баг тамирчдад нөлөөлөх эрсдэлтэйг анхааруулж мэдэгдэл хийж байсан тохиолдол ч бий.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549