Монголынхоо хоол хүнсийг маяглуулалгүй, гоёлгүй идчих…

access_time 2019-03-21
remove_red_eye 1022

ОРШИХУЙГАА УХААРАХУЙ:

Та энэ цаг мөчид өөрийгөө хөндлөнгөөс харах гээд нэг оролдоод үздээ. Биеийн тань хэлбэр ямар байна, сэтгэл тань ямар байна, нүдний тань гал ямар байна, нүүрний тань цог ямар байна мэдрээд үзээрэй. Хэрэв таны нүд галтай, нүүр тань цогтой, арьс тань өнгөлөг, хөдөлгөөн хөнгөн, бие уран бол та өөрийгөө хайрлажээ. Та амьдралын зөв замаар замнажээ…

Бие өвдөж байгаагийн хамгийн анхны шинж тэмдгүүд бол сэтгэл эвгүйтэх, нүдний гал цог буурах, нүүрний өнгө бүүдийж, хоолой цээл сайхан байхаа больдог, айж эмээж өөртөө итгэлгүй болдог.

Эрүүл байхад ухаарахуй чухал. Ухаарна гэдэг аврал. Эрүүл гэж юуг хэлдгийг ухаарчих юм бол дэндүү амархан зүйл. Эцэг эхээс заяасан биеэ хэрхэн яаж эдэлж ирвээ гэдгээ ухаарчих юм бол , ойлгуулах хүнд цаг үеийг туулж заавал өвдөж байж ухаарах шаардлагагүй. Мацгийн мөр замд ороход таныг олон хүн хориглож, дэмжихгүй байж болох юм. Сайнд итгэхдээ бартаатай замыг туулж, саарт хүрэхдээ гэрлийн хурдаар хүрдэг ийм л цөвүүн цагт бид амьдарч байна. Өөрөө сайныг аваад өрөөлд сайныг тусгах сэтгэл дутмаг, сайн нь юу билээ гэж харах билгийн хийгээд оюуны мэлмий дутмагаасаа болж сайн зүйлээсээ хэтэрхий хол зугатааж байдаг. Гэхдээ ном тойрсон яриаг хоёронтаа давтуулан хийлгэж байна гэдэг монголчууд сэрсний их дохио гэж бодож байна. Үнэхээр түүний лекцийн тасалбар фэйсбүүкээр зарламагц дөрөвхөн цагийн дотор дуусч, бөөн эрэлт үүсгээд дахин нэг давтах шийдэлд хүрсэн юм.

ДОТООД ГЭРЭЛТЭХҮЙ:

Гэрээ цэвэрлэдэггүй айл ч жилдээ ганц удаа сар шинийн өмнө их цэвэрлэгээ хийдэг, яндангаа хөөлдөг. Харин та яагаад биеэ ганц удаа дотроос нь угаагаад зүлгэж үзэхгүй байгаа юм бэ? Үнэтэй шампуниар тархи толгойгоо угааж, элдвийн үнэт юм нүүр амандаа түрхлээ. Юу ч няллаа гэсэн дотроос хөхрөх арьс хөхрөөд л харагддаг Тэр дотоод гэрэлтэхүйн төлөө бид тэмцэх ёстой. Энэ хэцүү биш. Энэ гэрэлтэхүй ухаарахуйгаас ирдэг. Энэ газар нутагтаа бий болсон хоол хүнсийг цаг нарт нь тунг нь тааруулаад маяглуулалгүй, гоёлгүй, будилуулалгүй идчих, ингэхэд эрүүл дагадаг.

Биемахбодь өдөрт хэдий хэмжээний хоол хүнсийг авч байна төдий чинээгээр гаргаж байх ёстой. Цаг наргүй идчихээд гүйлгэдэг эм хэрэглэж байна гэдэг хүчирхийлэл. Бүдүүн гэдэс гэдэг Бохирдлоо биедээ тээгээд 3,4 бүр 7 хонолоо гэх хүмүүс байх юм. Хоол хүнс энгийн хялбар, борогшуу ойлгомжтой байх тусмаа биед тустай. Та юу идэж байна, та тийм л хүн.

“Эрүүл болох гэсэн юм. Долоо хоногтоо 2 удаа Солонгосоо жимс зөөлгөж байгаа” гэдэг нь биш юм. Цав цагаан гурилаар амьдралыг хэмжих дэндүү мунхаг цаг дууссан. Аливаа юмны харагдах байдал бус аливаа юмны үзүүлэх үр дагавар утга чухал гэдэг. Ангайсан нялх үрээ бор хоолонд оруулахдаа цав цагаан, цавуулагтай гурилыг алгадаад бантан гээд өгөхийн оронд нэвсээр буюу үр тариагаар, бор гурилаар бантан хийхийг фэйсбүүк групптээ уриалсан нь тун үр дүнтэй байгаад талархаж байна.

ОЮУНЫ ЗИНДААРХАЛ:

Сэтгэл хөгтэй байж гэмээнэ, бие уран байж гэмээнэ хүн өөрөө дээд хүмүүн болдог. Дээд хүмүүн гэж өнөөдөр тансаг байшинд амьдарч байгаа, сайхан хувцас материалаар өөрийгөө бүрж алт мөнгөндөө дарагдсан хүнийг хэлдэггүй. Дээд хүмүүн гэж бодлын дээдийг бодож чаддаг, хүний сайнтай өдөр бүр уулзах тавилантай, хэлэхүйн дээдийг өөртөө урласан хүнийг хэлдэг юм байна. Та ямар үг хэлж байна та бас тийм л хүн байдаг юм байна. Дээд сайхан тансаг үгийг хэрэглэдэг, тэр үгээ өөртөө бодьжуулан биежүүлдэг ийм л сайхан дээд хүмүүсийн эгнээнд орох нь өөрөө оюуны зиндаархал юм шүү. Бодол эмхэрч байж түүний тусгал болсон үг аандаа зөв болдог. Зөв үгээр амилсан үйл зөнгөөрөө зөв байдаг.

ҮГИЙН ШИД:

Ухаант хүн эрүүл байх нь чухал билээ. Энэ бүхнээс ч чухал юм байдаг юм байнаа гэдгийг би эрүүлжих хугацааныхаа төгсгөл үерүү буюу тун саяхнаас ойлгож байгаагаа та бүхэндээ харамгүй хуваалцах гэсэн юмаа. Зөв хоол идээд байх нэг хэрэг, мацаг бариад байх бас нэг хэрэг, үүнээс ч чухал юм байдаг юм байна. Энэ бол “үгийн шид” юм байна. Би өөрийгөө эрүүл болгож чадсан учраас эрүүл гэдэг үг надад шидээ авч амилсан гэдэгт итгэдэг. Миний амнаас гарах эрүүлийг хүсэх үг танд магад эм болж очиж чаднаа гэдэгт би дэндүү итгэлтэй байна. Яг юу хэлээд байна гэвэл тэр үгийг биедээ нөхцөлдүүл, биедээ урла, тэр үгийг амьд болтол, тухайн үгийг үйл болтол өөртөө тамгал. Монгол хүмүүс дэндүү олныг нуршдаг байгаагүй. Монгол хүмүүс цөөн билэгт үгийнхээ хүчээр өөрсдийн тавилан хийгээд бүхий л зүйлийг цогцлоодог дэндүү хийморьтой хүний дээд ард түмэн гэдгийг дахин би сануулах гэсэн юм. Таны амнаас ямар үг гараад байна, та тэр л ай саванд багтдаг хүн гэдгийг би ахин дахин сануулмаар байна. Гоо сайхан байхынхаа төлөө үйл хийж эхлэх хэрэгтэй. Үйл хэзээ зөв байдаг вэ гэхээр бодол цэгцрэхэд үйл аандаа зөв болдог. Цэгцрээгүй бодол зөв үйлд хөтлөхгүй. Үүнийг би та бүхэнд зааж байгаадаа бус монгол хүний оюун тархинд буй монгол хүн бүрийн зүрх цусанд лугшиж буй энэ мэдээллийг би сэрээюү хэмээн бодсон юм.

10 жилийн өмнө “Макробиотик XXI зуун” нэртэйгээр хэвлэгдэж байсан ном нь “Эрүүлд хүрэх зам их энгийн” нэрээр шинэчлэгдэн гарсан нь өнөөдөр уншигч олонд хүрч байна. Магад 10 жилийн өмнө би номтойгоо таньтай уулзсан бол “их тэвчээрээр эрүүл болдог юм шүү” гэж хэлэх байсан байх гэлээ. Харин энэ бүх хугацаанд тэрээр илүү олон хүнд зөвлөн тусалж, өөрөө ч эрүүл оршихуйгаа алхам бүр бататгасныхаа эцэст “эрүүл болох их энгийн” гэж итгэл дүүрэн хэллээ. Энэ л үгэнд итгээрэй гэж, итгүүлэх гэж, итгэх аргыг тань хэлэх гэж эрүүлийн зам өмнө тань цэлийтэл нээлттэй байдгийг харуулах гэж энэ лекцийг хийхээр шийдсэн гэв.

Төгсгөлд нь тэрээр МонГал Товчоон хэмээх портрэментари төсөл эхлүүлж цэнхэр дэлгэцээр үзэгчидтэйгээ дахин уулзах болсноо зарлан, нэвтрүүлгийн танилцуулгын видеог толилуулсан. Ид бүтээж, ид ир нь жагсаж буй залуу үедээ урам дэм өгөхөөр энэ төслийг санаачилсан гэв. Монгол хүн -дэлхийн хүн, Монгол бүтээл -дэлхийн бүтээл байх болно хэмээн эрхэм бүтээгчдийг уулзуулах юм байна.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549