Монгол улсын эдийн засаг 2018 оны эхний хагаст өмнөх оны өсөлтийг ахиулж 6.3 хувийн өндөр өсөлттэй гарчээ

access_time 2018-09-26
remove_red_eye 127

 

АХБ-ны Суурин төлөөлөгчийн газрын Суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмен, эдийн засагч Деклан Магий нар Монгол улсын эдийн засаг 2018 оны эхний хагаст өмнөх оны өсөлтийг ахиулж 6.3 хувийн өндөр өсөлттэй гарсан талаар тодотгон 9 дүгээр сарын 26-нд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Энэхүү өндөр өсөлт нь уурхайн салбарын хөрөнгө оруулалт тэлсэн, өрхийн зээл олголт нэмэгдсэнээс хэрэглээ өссөн зэрэгтэй холбоотой. Жил тутмын Азийн хөгжлийн төлөв 2018 тайлангийхаа шинэчилсэн дугаарт АХБ Монгол улсын эдийн засгийг 2018 онд 6.4 хувь, 2019 онд 6.1 хувиар өснө хэмээн таамаглаж байгаа талаар онцлов.

Тус банк дөрөвдүгээр сарын тайландаа 2018 онд 3.8 хувь, 2019 онд 4.3 хувь байхаар таамаглаж байсан өсөлт ийнхүү нэмэгдсэн шалтгаан нь нүүрсний экспортын өсөлт, хүлээлтийг давсан иргэдийн хэрэглээ голлон нөлөөлжээ гэж үзлээ. Харин уул уурхайн хөрөнгө оруулалт цаашид үргэлжлэх хэдий ч өсөлт нь саарснаар 2019 онд тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий өсөлт яльгүй буурах төлөвтэй байгаа аж.

АХБ-ны Монгол улс дахь Суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмен “Өрхийн зээл олголт эрс нэмэгдсэнээс иргэдийн бодит хэрэглээ таамгийг давсан. Уул уурхайн салбарт хийгдэж буй хөрөнгө оруулалт чухал үүргийг гүйцэтгэсэн хэвээр байгаагийн зэрэгцээ нүүрсний гадаад эрэлт эдийн засгийн гол үзүүлэлтүүдийг сайжрахад хүчтэй нөлөөлж, төсвийн орлогыг нэмэгдүүлсэн.

Олон улсын валютын сантай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөрийг тууштай үргэлжлүүлэснээр эдийн засгийн шаардлагатай дархлааг бүрдүүлнэ. Мөн тус улсад хэрэгжиж буй макроэдийн засгийн зөв зүйтэй бодлогууд цаашид ч үргэлжлэн хэрэгжих тухай ойлголтыг зах зээлд өгөх нь чухал хэмээн үзэж байна. Уул уурхайн салбарт тулгуурласан эдийн засгийн өсөлтийг тогтвортой бөгөөд хүртээмжтэй байлгах, эдийн засгийг төрөлжүүлж бүтээмжийг өндөрсгөх таатай нөхцлийг бүрдүүлэхэд тус бодлогууд нь нэн чухал үүргийг гүйцэтгэх болно” хэмээн онцлон ярилаа.

Эдийн засгийн өсөлтийн гол сурвалж болсоор байгаа хөрөнгө оруулалт нь ДНБ-ий 12.6 хувийг бүрдүүлж байгаа бол өрхийн зээл эрс өссөнтэй холбоотойгоор хэрэглээ нь ДНБ-ний 3.9 хувийг бүрдүүлжээ. Уул уурхайн салбарын үйл ажиллагаа эрчимжиж импорт өссөн нь нийт импортын өсөлт нийт экспортын өсөлтөөс давж цэвэр экспортын ДНБ-д эзлэх хувийн жин 10.3 хувиар буурахад нөлөөлөв. Нийлүүлэлтийн хувьд, уул уурхайн салбарын сэргэлт, үйлдвэрлэлийн тэлэлт ДНБ-ий өсөлтийн хувь хэмжээг 2.1 нэгж хувиар нэмэгдүүлсэн бол үйлчилгээ 3.7 нэгж хувийн өсөлтийг бий болгов. Зарим газар гантай байснаас малын тоо толгой хорогдсон тул хөдөө аж ахуйн салбарын эдийн засгийн өсөлтөд эзлэх хувийн жин 0.5 нэгж хувь болон буурсан гэж энэ үеэр мэдээлсэн юм.

Төсвийн зарлагаас үлэмж давсан орлогын нөлөөгөөр оны эхний хагаст нэгдсэн төсвийн тэнцэл ДНБ-ний 2.8 хувьтай тэнцэх ашигтай гарсан байна. Мөн оны эхний 8 сард төгрөгийн ам.доллартай харьцах ханш 1.5 хувиар суларсан ч худалдааны жингээр тооцсон болон инфляцын тохиргоо хийсэн дүнгийн аль алинаар нь худалдааны гол түншүүдийн мөнгөн тэмдэгтийн эсрэг чангарсан байна.

АХБ-ны үзэж байгаагаар инфляцын түвшин 2018 оны эхний хагасын байдлаар 6.5 хувиар өсөөд байгааг зарим газар тохиосон ган, махны экспортын өсөлт зэргээр тайлбарлахын зэрэгцээ нефтийн бүтээгдэхүүний үнийн өсөлт мөн нөлөөлжээ. Хүлээлтийг давсан эдийн засгийн өсөлтийн нөлөөгөөр импорт өсөх, уул уурхайн салбарын аж ахуйн нэгж байгууллагууд ихэнх ашгаа буцаан хөрөнгө оруулах ч нилээдгүйг гадагш шилжүүлэх зэрэг хүчин зүйлсийн нөлөөгөөр 2018 оны урсгал дансны алдагдал нэмэгдэх таамгийг дэвшүүлж байна.

АХБ нь Ази, Номхон далайн бүс нутагт нэн ядуурлыг арилгах хүчин чармайлтаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ цэцэглэн хөгжсөн, хүртээмжтэй, тогтвортой, сөрөг нөлөөг даван туулах чадвартай бүс нутгийг цогцлоохын төлөө тууштай ажиллаж байна. 2017 оны байдлаар АХБ-наас хөгжиж буй гишүүн орнууддаа нийт 32.2 тэрбум ам.долларын туслалцаа үзүүлснээс 11.9 тэрбумыг хамтарсан санхүүжилтээр олгожээ.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549