Усны ойролцоо гар утас цэнэглэх нь “Орос рулет” тоглохтой ижил аюултай болохыг анхааруулжээ

access_time 2019-03-21
remove_red_eye 120

Саяхан ОХУ-ын Чебоксары хотын оршин суугч, 14 настай Юлия Высоцкая ваннтай усанд орж байхдаа цахилгаан гүйдэлд цохиулж амиа алджээ.

Охин усанд орж амрангаа цэнэглэж буй гар утсаараа хөжим сонсож байсан гэнэ. Улмаар гар утсаа ваннтай усанд унагаснаас богино холболт үүсч, цахилгаан гүйдэлд цохиулж ухаан алджээ.

Ухаан алдсан охин дараа нь ваннтай усандаа живж амиа алдсан гэх таамгийг одоогоор гаргаад байна.

Түргэн тусламж ирэхэд тэр амьсгал хураасан байжээ. Үхлийн шалтгааныг нарийвчлан тогтоох ажлыг шүүх эмнэлгийнхэн гүйцэтгэж эхэлсэн байна.

Гар утас цэнэглэхдээ уснаас хол байлгах анхааруулгыг иргэдэд байнга өгч байгаа ч сүүлийн нэг жилийн дотор ОХУ-д ийм шалтгаанаар амиа алдсан хүний тоо гурав болоод байгааг албаныхан мэдээлжээ.

Өнгөрсөн онд 15 болон 12 настай өсвөр үеийнхэн ийм шалтгаанаар амиа алдсан байна.

2017 онд АНУ-ын Нью Мексик мужид 14 настай хүүхэд мөн усанд орж байхдаа цахилгаан гүйдэлд цохиулж цаг бусаар хорвоог орхисон юм. Цахилгааны мэргэжилтэн Андрей Становский “Усанд орох үедээ цэнэглэж буй гар утас хэрэглэх нь ‘Орос рулет’ тоглохтой адил амь насаараа бооцоо тавьж буй хэрэг юм” гэж анхааруулжээ.

Эх сурвалж: Independent

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549