Хожим харамсахгүйн тулд одооноос хүүхдүүдээ битгий даам гарга

access_time 2019-03-17
remove_red_eye 460

Энэ түүхийг эмээ минь олон удаа ярьж байсан санагдана.

Хайчаараа тоглож байгаа эрх хүүгээсээ аав, ээж нь хайчаа авчихаж гэнэ. Гэтэл хүү уйлж аав, ээжийгээ дийлээд хайчаа авч тоглож байгаад нүдээ сохолчихож гэнэ. Хожим нь хүү аав, ээждээ

-Хайчийг минь булаагаад авчихгүй дээ. Уйллаа уйллаа гээд нүдээ сохортол уйлав л гэжүү дээ гэж хэлсэн гэдэг.

Энэ бол орчин цагийнхан сонсож мэдүүштэй түүх. Утсаа маажиж, гаазтай ундаа ууж, бэлэн гоймон идсэн хүүхдийн эцэг эхчүүд ойлгож ухах түүх.

Аав ээжүүд уйлж байгаа хүүхдээ сатааруулах гэж юуны туханд хүрэлгүй утсаа нүднийх нь өмнө барьж байна. Зарим нь бүр хүүхдийнхээ эрхшээлд орчихсон, дориухан хоёр үг хэлчихэж чадахгүй өдөр шөнөгүй утсаар наадуулна. Өөд уруугүй телевиз үзүүлнэ. Өөгшүүлнэ. Залуусын утас ядаж байхад чихэвчтэй.

Дөрвөн настай хүүхэддээ таблет бариулчихаад технологийн дэвшилтэй эртхэн танилцуулж, үеийн хүүхдээс нь хоцроохгүй гэж байгаа юм хэмээн тайлбарлах тэнэг ч гэх үү, атаархуу ч гэх үү ээжтэй таарч л байлаа.

Юмны наадах цаадахыг мэдэхгүй үр хүүхэддээ эцэг эх нь хэлж, ойлгуулж, бүр болохгүй бол хүний аав, ээж шиг загнаж зандраад ч болов ухааруулахгүй бол дээрх түүх нэг л өдөр давтагдаж, хүүхэд тань таныг зэмлэж, гомдож бүр яллах болно.

Чихэвчнээс болж машинд дайруулсан, гоймонгоос болж ходоод нь цоорсон, утаснаас болж хараа, ой ухаан нь муудсан, бүр цаашлаад тархины, нүдний хорт хавдартай болсон тухай судалгаа, мэдээлэл энэ тэрүүгээр зөндөө харагдана. Даанч хүүхдийн балчир ухаанд энэ мэдээлэл боловсруулагдаж, ойлгогдохгүй байгаа. Та ч хүүхэд байхдаа бас тийм л байсан. Нас таныг ухаажуулсан. Тийм болохоор бид аав, ээж байх хариуцлагаа ухамсарлаж, үүргээ биелүүлж эрүүл саруул хүүхдээ элдвээс хамгаалж боол шиг нь биш, эцэг эх шиг нь байхсан.

Сохортлоо уйлав л гэжүү дээ,

Сахарын өвчтэй болтлоо уйлав л гэжүү дээ,

Хавдартай болтлоо уйлав л гэж үүдээ,

Ходоодоо цоортол уйлав л гэжүү дээ,

Дүлий болтлоо уйлав л гэжүү дээ,

Шүдгүй болтлоо уйлав л гэжүү дээ гэж таныг ЯЛЛАХ эрх хүүхдэд бий.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549