ТОМ БОЛООД СОЛОНГОС Л ЯВНА ДАА…

access_time 2018-09-25
remove_red_eye 129

 

Солонгост очиж ажил хийгээд хэдэн төгрөг цуглуулъя. Цөм хийнэ. Шууд л байр, машин авна. Бас бизнесээ ч эхлүүлнэ. Ийм хөөсөрсөн яриаг их сонслоо. Нээрээ л тэгдэг юм байлгүй дээ хэн мэдлээ. Арван жил, их сургуульд байхад ангийн хэн нэгний аав, ээж нь солонгост ажилддаг байсан. Манай аав ээж тэнд ажилдаг байсан ч болоосой гэж хүстэл тэд дэгжин хувцаслаж, халаасны мөнгөөр дүүрэн, сургуулийн цайны газарт аялдан дагалдагч нартайгаа орж бүгдийн дайлна. Тэнд нь аз таарвал би ч явна. Байсхийгээд л утсаа алга болгоно. Долоо хоногийн дотор бүр илүү гоё шинэ утас каргогоор ирнэ. Үнэндээ тэр алга болсон утас нь ломбардад бийг ангиараа л мэднэ. Яах вэ дээ нийлж шоудсан. Нийллэгт явсан. Үнэн хаялгатай. Аль болох найзлахыг хичээнэ. Бялдуучилна. Аав, ээж нь яаж солонгос явсныг сонирхохдоо болж өгвөл өөрийнхөө аав ээжийг явуулах санаатай юм уу хаашаа юм. Сургалтын төлбөр нь асуудалгүй хийгддэг болоод ч тэр үү хичээлдээ хайнга хандах талтай. Тэр туранхай цагаан охин ингэж л дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэдэг. Тэр бандгар цагаан банди бас л өдөр бүр пүүз сольж өмсөж, тамхи зууж явна.

Миний бодлоор их ганцаардлаа баярхаж, илүүчилж, далддаг байх. Эцэг эх нь хайраар дутаасандаа өршөөл эрэн сар бүр карго явуулж, дансанд нь мөнгө хийхдээ өөрсдөө дэргэд нь байх орон зайг мөнгөөр бөглөж болдог гэж эндүүрсээр.

Нөгөө хэд нь энд мөнгөний үнэ цэнэ ч мэдэхгүй, эцэг эхийн хайр халамж ч амсахгүй өсөн торнисоор. Интернетээр дүрсээ харан ярилцахдаа нэг л бишүүрхэх янзтай. Элгэнд нь тэврүүлж байснаа санахгүй юм чинь. Харин би гэртээ хариад эрхлэнгүй ээж, аав гэж дуудна. Тэд яасан гэж эвийлэн хариулна. Орой өөд өөдөөсөө харж ярилцана. Өглөө духан дээр үнсээд хичээлд явуулахдаа нугалсан 2000 төгрөг гарт атгуулна.

Хожим зарим найз охидын минь нөхрүүд солонгос явлаа. Эхнэр нь энд хүүхдээ ганцаар өсгөж нөхрийнхөө явуулсан мөнгөөр болгоод л байна. Хол байна гэдэг сэтгэл холдохыг хэлдэг үнэн юм билээ. Нэг найз минь мөнгө байлаа гээд нөхөр байхгүй байх долоон дор юм гэж үргэлж уйлагнана. Интернетээр харилцахдаа ямар их санаж буйгаа үгээр илэрхийлж чадахгүй бачуурахдаа хундага дарс ууна. Хүүхэд нь аавынхаа зургийг жижигхэн хуруугаараа заахдаа “аав” гэж бишүүрхэн хэлж хэлд орно. Хамаатан нь солонгост байдаг хүмүүсийг бас ямар байдгийг гадарлана. Өө болохгүй бол мөнгө гуйчих, карго ирсэн гэсэн бүгдээрээ очъё, хоолны юм илүүчилнэ биз тэднийд очоод хоол идчихье. Энэ ёстой цөм баяжих бизнес санаа цаадахыгаа ятга. Одоо лав овоо хэд цуглараа биз. За байз хэдэн жил боллоо. Таван жил шүү дээ. Ятга, сэнхрүүл, мөнгийг нь хэд дахин өсгөх юм чинь зөвшөөрөлгүй яадаг юм.

Том болоод солонгос л явна даа. Очиж цөм баяжъя байз гэж бодсон үе бий шүү. За тэгээд ФБ-ээр солонгост байдаг олон найзтай боллоо. Дандаа аялж, зугаалж, дэлгүүр хэсэж, янз бүрийн хоол идсэн зургуудаа тавина. Хүн л юм хойно бяцхан атаархана. Очих юмсан. Дандаа л ийм гоё зураг тавина. Энэ солонгос гэдэг чинь диваажингийн орон, мөнгө бол газраар нийлтэл ургадаг ба хүмүүс түүж гэрлүүгээ явуулдаг юм байна. Ойлгомжтой тэгж л таарна. Би очиж мөнгө түүх юмсан гэж гэнэн би их боддог байлаа. Аргагүй шүү дээ. Аль наймдугаар ангиас хойш ангид ээж аав нь солонгост байдаг хүүхдүүд баярхлаа дээд зэргээр харуулаад эхэлсэн юм чинь.

Тэгээд би өөрөө солонгос явлаа. Арван хоног л болсон байх. Эхэндээ ч шил толин барилга харж алмайрч, кинон дээр гардаг хоол идлээ. Нөгөө алдарт Монгол таун руу очиж дэргэд буудал хөлслөв. Есөн давхар нарийхан барилга дүүрэн худалдааны лангуу байх ба гурван давхарт нь монгол хоолны газар байна. Сайхан цагаан арьстай боловч ядрангуй төрх нь нүдэнд нь илчлэгдсэн монголчууд холхино. Орой нь монгол хоолны газар хоол идэж танилтайгаа хуучилж суув. Үнэндээ бол тэнд байдаг бүх найз нартаа гомдсон. Ганц найз нь ирж байхад хүрээд ирэхгүй өөдгүй гэдэг нь. Бүгд л өөдөөс өнөөдөр ажилттай, арай гэж ажилд орсон тул нэг цаг л тасалдвал ажлаас халчихна. Дараагийн ажиллах хүмүүс нь хүлээж байгаа. Өнөөдөр амарч байна. Гэхдээ маш их ядарсан тул найз нь унтлаа. Тэгээд ч чиний байгаа газар хол гээд бүгд гоншгонодог байна шүү. Явахаас өмнө “За чи тэнд мянган найзтай байж болно. Очоод ёстой уулзаад гоё моё гэж бодож байвал худлаа шүү. Хэн нь ч ирэхгүй дээ. Чи нэг удаа тэнд очоод буцна. Бусад нь удаан хугацаанд ажиллаж амьдарна. Чамайг эрхлүүлэх гээд олдсон ажлаа үгүй хийх, өдрийн орлогоо байхгүй болгох зориг юу л бол. Чи яахав үг хаяж байгаад ажлын таслуулж өөр дээрээ ирүүлнэ. Дараа нь чи яваад өгнө. Харин найз чинь ажилгүй болж дахин хэдэн хоног ажил хайж улаа эргэтэл гүйж, хүн царайчилж, бүр дордвол долоон доор ажил арай гэж олно. Тэгэхээр чи битгий ир гэж шалаад байгаарай” гэж хүн сануулсан толгойд орж ирлээ.

Ойролцоо ширээнд сууж байсан ах нар “Хөөе чи нөгөө зохиолч уу” гэж байна. Тийм гэсэн чинь ярих юм байна гэлээ. Бид хамт суулаа. Хижээл насны хөхөвтөр царайтай, зовхи нь бүлцийсэн ч брэнд өмссөн тэр ах нийлээд согтсон тул дал мөрөөр пад пад цохисноо “Ахынхаа амьдралыг сонсох уу” гэлээ.

“Ах нь хүүхдүүдтэйгээ уулзаагүй 13 жил болж байнаа. Анх аяллын визээр ирээд харласан. Эхэндээ идэвхтэй ажиллаж мөнгөө явуулж урамтай байв. Гэтэл нэг өдөр найз маань монголоос залгаад “Эхнэр чинь хүнтэй суусан” гэж байна. Очъё гэхээр чадахгүй. Өчнөөн жил цуглуулсан мөнгөөр тансаглаад үрсэн сурагтай. Хүүхдүүд эмээ өвөө дээрээ очсон. Гэр хороололд. Тэгээд эхнээс дахиад л мөнгө цуглуулж оронтой болгоно гэж зүтгэв. Ямар ямар ажил хийснээ хэлээд яахав. Чи бөөлжинө биз. Шөнөдөө хоёрхон цаг унтаж нүдний хор гаргаж олдсон бүх ажлаа ээлжээр хийнэ. Тэгээд олсон мөнгөө Монгол таун дээр ирж гэр лүгээ явуулна даа. Тэгээд л энд орж сайхан монгол хоолоо хөлсөө гартал идэж аваад л халаасандаа сохор зоосгүй ажил руугаа явна. Заримдаа бачуурч уйлна. Үхмээр санагдана. Хүүхдүүд ийм ч юм тийм ч юм гэж нэхнэ. Хайраар дутаасан нүгэлтэн би ядаж эдээр дутаахгүй юм шүү гэж зүтгэнэ. Миний хүү тэнд 500 долларын пүүз өмсөж харин би энд 10 мянга воны сандаал өмсөнө. Тэгснээ гэр хорооллын дээрэмчин нарт нөгөө 500 долларын пүүзээ дээрэмдүүлсэн гэнэ. Өөрөө л бэртэж гэмтээгүй бол яамай даа гэж бодовч тэр 500 долларыг нь олох гэж энд бүтэн сар нуруугаа тасартал, гараа сарвайтал ажилссанаа бодохоор гол зураад л явчихна. Тэгж байтал хамаатны тэр энэ өвдсөн гэнэ. Тийм ийм юм авах гэсэн мөнгө дутсан гэнэ. Тэрийг л бүтээчихвэл амьдрал нь цэцэглэх юм гэнэ гээд л гуйлга монголоос тасрахгүй ээ. Үгүй ээ би энэнтэй хэзээдээ хамаатан болсон юм бол гэж хүртэл гайхна. Үгүй гэвэл хоёр хүүхдэд минь халгаатай хандах юм болов уу. Эцэг эхгүй хүүхдүүдэд минь аавд долигонох хамаатнууд нь ядаж элгэмсэг хандаг дээ гэж горьдох доо нэхсэн мөнгийг нь явуулдаг. Охин өсвөр насных болсон. Ийм ч авна тийм ч юм авна гээд зургийн явуулна. Тэрийг нь хайж их ажлын хажуугаар улаа эргэтэл дэлгүүрээр гүйнэ. Уг нь ясаа амрааж амрах өдөр, цаг минь шүү дээ. Нэг удаа бүр үнэндээ алхаж ч дийлэхгүй ядрахдаа дэлгүүрийн сандал дээр унтсан байсан. Харласан тул сэрэмжтэй байх хэрэгтэй тул ядарч ядаж байхад сонор сэрэмжтэй байх гэсэн нэг асуудал байнаа.

Үйлдвэрт ажилд орвол уг нь цалин өндөр, амралтын цагтай байдаг юм. Гэтэл харласан гэдэг нэрэн доор визтэй монгол залуус дээрэлхэнэ. Юм л бол цагдаа дуудна, хөөлгөнө гэж айлгана. Долоо хоногтоо нэг удаа хоолонд оруулж долигноно. Хүнсийг нь авч өгнө. Уг нь байр байтугай авах мөнгө хийсэн. Энд би идэж, өмсөж шалих биш. Даанч тэр их мөнгө монголд очоод үнэтэй хувцас, хоол хүнс, тансаглал болж дууссан. Одоо ямар нүүрээрээ очих юм. Орон гэр ч байхгүй. Ажиллах газар ч байхгүй. Ядаж эр хүн байна даа. Найз нөхөд дундаа юу гэж хэлэгдэх бол гэхээс яс хавтайж байна. Хүүхдүүдийг минь өмсөж зүүснээр нь дүгнээд намайг овоо явж байгаа гэж л боддог юм билээ. Тэр бодлоороо л байг гэж хүсэх юм. Хэзээ харих уу гэж үү? Монголын минь хөх тэнгэр намайг дуудвал солонгос цагдаа явуулж хүчээр барьж аваад нутаг буцаана байх. Үгүй бол эндээ л үхдэг байх даа. Тэнхээ барагдаагүй байхад хэдэн төгрөг олоод “Аав нь юу хүссэнийг нь явуулъя” гэж бардам хэлээд л байж байя. Сардаа ганц эндээ ирж монгол хоолоо идэж, каргонд хамаг мөнгөө шавхаж монгол руу явуулна. Тэгээд буцаад гэлдрэхэд нулимс хоолойд тээгэлдэг шүү” гэсээр нулимсаа арчиж суух тэр ахыг би одоо яасан бол гэж боддог.

Эсвэл Монголын хөх тэнгэр хүүгээ дуудаасай гэж залбирах уу. Бүх зүйл миний төсөөлснөөс тэс өөр байсанд миний нулимс ч бас хоолойд тээглэсэн дээ. Тэмдэглэл үүгээр дуусахгүй ээ.

Эх сурвалж: Зохиогч А.Пүрэвмаа

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549