Надаас юу ч шаардалгүй итгэдэг эхнэрээ тултал нь магтмаар гайхуулмаар санагдаад байдаг юм

access_time 2019-03-15
remove_red_eye 588

 

За намайг Т гэдэг. Энгийн л нэг монгол залуу. Утга учир минь болсон эхнэр хүүгийн хамт амьдардаг. Нэгэн компанид менежрийн ажилтай. Эмэгтэйчүүдийн энэ сайтыг тогтмол унших болсон шалтгаан минь их энгийн. Надад эхнэрийнхээ зарим аашийг, зарим хэлсэн үгийг ойлгоход нь их дөхөмтэй болгодог юм. Бас элдэв буруугаар бодогдох юм хийж, ханийгаа гомдоохоос минь сэргийлдэг. Их тустай юм билээ. Харин энэ захидлыг бичиж байгаа шалтгаан минь гэвэл, зүгээр л эхнэрээ сайхан магтмаар, түүнийхээ гайхалтай чанаруудынх нь талаар бичмээр санагдсан юм.

Эхнэртэйгээ би байрныхаа гадаа муудалцаад танилцаж байсан юм. Тэрнээс хойш нэг байранд байдаг болохоор энд тэнд тааралдана. Муудалцаж байсан болохоор “өө нөгөө тэр байна” гээд хараад шууд таньдаг болчихсон байсан. Муудалцаагүй байсан бол танихгүй ч байх байсан юм билүү гэж бодогддог. Дараа нь нэг найзынхаа хуриман дээр таарсан юм. Тэгэхэд л би түүндээ сэтгэл алдарч билээ. Бариу ягаан даашинз, өтгөн хар үстэй тэр минь одоо ч хааяа нүдэнд минь харагддаг. Түүнтэйгээ танилцаж, үерхэж, эхнэрээ болгосон энэ гурван жилийн хугацаанд өдөр бүр хаалгыг минь аз жаргал тогшдог болсон. Амьдралын минь наран болсон үзэсгэлэнтэй чи минь л намайгаа гийгүүлдэг шүү.

Манай эхнэр одоогоор хүүгээ хараад гэртээ сууж байгаа юм. Хүү маань саяхан мэндэлсэн болохоор нялх биетэй эхнэр маань хүүгээ асрах бас гэрийн ажил гээд их л ядардаг юм шиг байгаа юм. Би ч туслах гэж хичээдэг л дээ. Ажлаа тараад оройтохгүй байхыг, амралтын өдрүүдийг тэр хоёртоо зориулах гэж их л зүтгэх юм. Заримдаа ажлын шаардлагаар тэгэж чадахгүй үе ч нилээд байна. Үүнийг минь ойлгож дэмждэг эхнэртээ юунаас ч илүү баярладаг. Оройтох, хагассайн бүтэнсайнд ажил дээр очих хэрэгтэй болоод гарч явахад хичнээн уурладаг ч халамж анхаарлаа надаасаа салгадаггүй эхнэртээ маш их хайртай гэж хэлмээр байна. Жирэмсэн болоод дөнгөж төрсөн хүмүүс угийн тогтворгүй ааштай, гомдомхой болдог гэдгийг би мэднэ ээ. Тийм болохоор зарим зүйл дээр аль болох тэвчиж өнгөрүүлэхээр хичээдэг. Эхнэрээ жирэмсэн болоод амаржих энэ 2 жил гарангийн хугацаанд эхнэр нөхрийн харилцаанд маш их өөрчлөлт, сорилт тулгардаг юм байна. Хэн хэн нь ухаалаг, тэвчээртэй, хүлээцтэй байх хэрэгтэй болдог юм байна.

Орой гэртээ ирэхэд минь өдөр бүр амтгүй ч гэсэн халуун хоол цайтай угтдаг, хувцсыг минь дургүйлхэлгүй угааж, нямбайлан индүүдэж өгдөг, ажил дээр болсон сонин хачныг ядарсан байхад минь ч яриулах гэж дайрдаг, бүтэлгүйтсэн байсан ч хамаагүй өдөр болгон гэртээ шинэ зүйл хийж үзсэн байдаг, хүүгээ яаж асрахаа сайн мэдэхгүй ч суралцаж, хичээдэг, наддаа гомдохоороо хүүтэйгээ зэрэгцээд уйлахаас ч буцахгүй танхилхан чамдаа маш их хайртай. Хайртайгаа хэлээд хэлээд ханадаггүй, ханахгүй. Миний хамгийн их биширдэг, би ч нээрээ азтай эр шүү гэж бодогдуулдаг зан чанар нь гэвэл тэр намайг л хэлсэн бол юу ч байсан итгэдэг. Эхэндээ би энийг нь ашиглаж, тоглож шоглоод уурыг нь нилээн хүргэдэг байлаа. Гэнэн итгэмтгий тэр минь намайг юу ч гэж хэлж байсан итгэж орхидог болохоор нь хайр хүрээд л тэгдэг байсан л даа.

Гэхдээ энэ чанар нь эхнэрээ болгосны минь дараа ямар түшигтэй, ухаантай болохыг нь би мэдэрсэн. Яахав байгуулагдаад 5 жилийн ч нүүрийг үзээгүй байгаа компани маань хөл дээрээ босохын тулд шөнө хонож ажиллах тохиолдол хоёр гурван сардаа нэг удаа тохионо. Тэр үед би ажилтай, хононо шүү гэж хэлсэн л бол над руу шалгах гэж нэг ч залгадаггүй, зүгээр л итгээд эртхэн унтчихдаг. Харж байхад ажлын газрын надтай адилхан залуучуудыг эхнэрүүд нь ажлыг нь хийлгэхгүй байнга залгаж шалгаж байгаа нь анзаарагддаг. Хааяа стрессээ тайлах гээд бөөнөөрөө пиводоод сууж байхад л минут болов уу гүй юу залгаж, цаана чинь юун эмэгтэй хүн дуугараад байна гэж хашгирах нь энүүхэнд. Итгэлцэл байхгүй л байгаа байхгүй юу. Түүнийг нь харахаар л надаас юу ч шаардалгүй итгэдэг эхнэрээ тэнгэрт тултал нь магтмаар гайхуулмаар санагдаад байдаг юм.

Эхнэртэй минь адилхан олон эмэгтэй уншдаг энэ сайт дээрээс харж байхад гэр бүл салалт, хууралт, араар тавилт гэдэг зүйл маш их байдаг болчихсон нь ажиглагддаг. Олон ч сэтгэгдэл дээр нөхөр маань намайг хуурсан гэдэг үг байхыг харлаа. Бас бүсгүйчүүд нөхрөө муулж байхыг ч уншлаа. Тэгэх тоолонд ханийгаа бас хүүгээ бодож, ханьдаа л ийм муухай юм мэдрүүлэхгүй юмсан, ханийнхаа амнаас ийм үг гаргачихгүй юмсан гэж бодож явдаг. Бас миний ажлын шаардлагыг ойлгож, элдэв юм бодож харддаггүй эхнэртээ дахин дахин баярладаг. Энд сэтгэгдэл бичсэн байсан зарим хартай бүсгүйчүүдтэй ижилгүй гэдэгт нь талархаж, өөрийнхөө итгэлтэй эр хүн мөн гэдгийг хайртдаа улам харуулж бахархуулмаар санагддаг шүү. Би хичээх болно оо. Гэргийнхээ өмнө бас энэ сайтыг уншдаг монголын минь сайхан бүсгүйчүүдийн өмнө амлаж байна.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549