Зимбабвечүүд хүнсний дутагдалд орж магадгүй

access_time 2019-03-15
remove_red_eye 231

 

Ургац муу байгаагийн улмаас Африкийн өмнөд нутгийн олон сая иргэн ирэх зургаан сард хоол хүнсний хомсдолд орж болзошгүй гэж НҮБ тооцоолжээ. “Эль Нино” цаг уурын үзэгдэл хур тунадас унах болон газар тариалангийн үйлдвэрлэлд сөргөөр нөлөөлж байгаа учраас байдал дордож магадгүй гэнэ. Малави, Зимбабве болон Мадагаскарт байдал хамгийн хүнд байгаа аж. Зимбабве улсад ган гачиг, ургац алдалтын улмаас энэ жил долоон сая гаруй хүн хоол тэжээлийн дутагдалд орох аюул нүүрлэжээ.

Энэ нь тус улсын нийт хүн амын 40 хувь нь юм байна. Зимбабве улсын Нийтийн үйлчилгээ, хөдөлмөр, нийгмийн халамжийн яамны төлөөлөгч Жудит Катера “Статистик мэдээгээр хөдөө орон нутагт 4.5 сая, хот суурин газарт ойролцоогоор гурван сая хүн хоол тэжээлийн дутагдалд өртөхөөр байна” хэмээжээ. Энэ тоо ойрын жилүүдэд өсөх хандлагатай байгааг ч тэрбээр дурдлаа. Зимбабве улсын хүн амын хүнсний хэрэгцээг хангахад жилд 1.8 сая тонн эрдэнэ шиш шаардлагатай гэнэ. Гэвч хөдөө аж ахуйн байгууллагуудын урьдчилан таамаглаж байгаагаар ган гачиг болон хорхой шавьжны нөлөөгөөр энэ жил хураах эрдэнэ шишийн хэмжээ 900 мянган тонн хүрч багасахаар байна. Энэ нь 2018 онтой харьцуулахад 1.7 сая тонноор хорогдсон гэсэн үг аж. Хоол хүнс, хөдөө аж ахуйн байгууллага болон Дэлхийн хүнсний хөтөлбөр гэсэн НҮБ-ын хоёр агентлагийн мэдэгдсэнээр, ногоо ургах үеэр ган гачиг болж, үер буусан нь Африкийн өмнөд нутагт хоол хүнсний хомсдол бий болгоход нөлөөлсөн байна. Энэ бүс нутаг дахь “Эль Нино” гэх цаг уурын үзэгдлийг урьдчилан тооцоолсон ч асуудлыг шийдэж чадахгүй гэж Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Африкийн өмнөд бүс нутгийг хариуцсан зохицуулагч Чимимба Дэвид Фири мэдэгдэв. “Бүс нутгийн зарим хэсгээр бороо хэвийн хэмжээнээс бага орно. Улмаар хоёр улирал дараалан ургац алдаж, хоол хүнсний хомсдолд өртөх хүмүүсийн тоо дахин нэмэгдэнэ” гэж тэрбээр хэлжээ.

Эх сурвалж: “Монголын үнэн” сонин

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549