ЖИРЭМСЭН ЭМЭГТЭЙЧҮҮД НУРУУГААРАА ХЭВТЭН ДЭЭШ ХАРЖ УНТАХ НЬ ЭРСДЭЛТЭЙГ СУДАЛГААНЫ ДҮН ХАРУУЛЖЭЭ

access_time 2019-03-15
remove_red_eye 254

 

Жирэмслэлтийн сүүлийн шатандаа яваа буюу 7-9 сартай эмэгтэйчүүд нуруугаараа хэвтэн дээш харж унтах нь үр зулбалтын эрсдлийг нэмэгдүүлдэг байж болохыг саяхны судалгаа харуулжээ.

Даваа гарагийн “British Journal of Obstetrics and Gynecology” сэтгүүлд энэхүү судалгааны дүн нийтлэгдсэн байна. Судлаачид Британий 1,000 гаруй эмэгтэйн жирэмслэлтийн үеийн унтах хэв маягийг харьцуулан судлахад тэдний 291 нь үр зулбаж, 733 нь амжилттай төрсөн ажээ.

Эндээс тэд ар нуруугаараа дээш харж унтдаг эмэгтэйчүүдэд үр зулбах эрсдэл 2.3 дахин өндөр байгааг тогтоосон байна. Яг ямар шалтгаан үр зулбалтад нөлөөлж байгааг тэд тодорхойлоогүй ч дээш харж хэвтэхэд умай нь урагт цус, хүчилтөрөгч хүргэдэг сувгуудыг дардаг байж магадгүй гэж таамаглажээ.

Судлаачдын ахлагч, Манчестерийн Гэгээн Мэригийн эмнэлгийн доктор Александр Хизел эмэгтэйчүүдийг хажуугаараа унтахыг зөвлөсөн байна. Гэхдээ тэднийг сэрэхдээ дээш харсан байвал санаа зовох хэрэггүй, хүн унтах хугацааны ихэнх үеийг анхны унтсан байрлалдаа өнгөрөөдөг гэж тайлбарлажээ.

Хэрвээ энэ аргыг бүх жирэмсэн эмэгтэйчүүдэд хэрэгжүүлбэл Британид тохиолддог үр зулбалтын тоог 3.7 хувиар доод тал нь бууруулж болно гэж тэр дүгнэсэн байна.

Эх сурвалж: The Washington Post

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549