ОРОН ГЭРГҮЙ ЭР СҮҮЛИЙН $20-ООРОО ХҮНД ТУСАЛСНЫ ХАРИУД АМЬДРАЛАА ӨӨРЧИЛЖЭЭ

access_time 2019-03-15
remove_red_eye 963

 

АНУ-ын Нью Жерсигийн иргэн Кэйт Макклур өөрт нь тус болсон орон гэргүй эрд хариу туслах гээд санамсаргүй амьдралыг нь өөрчилсөн байна.

Энэ сарын эхээр 27 настай бүсгүй Филаделфи орохоор шөнө машин жолоодож яваад замдаа шатахуунгүй болж зогссон юм.

Тэр хамгийн ойр байгаа шатахуун түгээх газрыг хайж шөнө ганцаар явж байхад нь орон гэргүй эр Жонни Боббит тааралджээ. Бүсгүйг машиндаа хаалгаа түгжээд сууж байхыг захиад өөрөө хол байсан шатахуун түгээх станц руу алхан очиж, өөрт байсан сүүлийн $20-оор шатахуун авчирч өгсөн байна.

Тухайн үед мөнгөгүй байсан бүсгүй буцааж төлж чадаагүй ч сүүлд дахин ирэхдээ мөнгийг нь өгч, хуучин хувцас, хүнс зэргийг өгсөн гэнэ.

34 настай Боббит нь тэнгисийн цэрэг, гал сөнөөгч байгаад сүүлд амьдрал нь доройтож гудамжинд амьдрах болсон юм байна. Тэр сүүлийн жил хагасыг гудамжинд өнгөрөөжээ.

Энэ бүх хариу тус хангалтгүй санагдсан тул Кэйт найз залуутайгаа нийлэн олон нийтээс хандив цуглуулдаг GoFundme сайтад хандан $10,000 босгох аян өрнүүлжээ. Боббитийг ядаж эргээд хөл дээрээ босоход нь туслах хэмжээний мөнгө цуглуулахаар аяныг эхлүүлсэн юм байна.

Гэтэл түүний туслах шалтгааныг уншсан хүмүүс олноор мөнгө хандивласаар өнөөдөр мөнгөний хэмжээ нь $113,000 гараад байгаа ажээ.

Өнөөдрийн байдлаар нийтдээ 3,800 гаруй хүн Боббитод туслахаар мөнгө хандивлаад байна.

Зарим хүн Боббитийн амьдрах байрны түрээсийн эхний нэг жилийн зардлыг даахаа ч амлаад байгаа гэнэ.

Боббит өөрөө Амазон компанид ажиллах сонирхолтойгоо бүсгүйд хэлж байсныг сонссон компанийхан түүнд хандаж, мөрөөдлийг нь биелүүлэхээр болсон байна.

Кэйт Макклур “Тэр үнэхээр сайн хүн тул энэ бүхнийг хүртэх эрхтэй” гэж хэвлэлийнхэнд ярьжээ.

Бүсгүй Боббитод хэр хэмжээний мөнгө цуглуулаад байгаагаа очиж хэлэхэд шоконд орсон орон гэргүй эр хандив өгсөн хүмүүст талархлаа илэрхийлсэн байна.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549