90 настай эмээ Токио 2020-оос өмнө англи хэл сурах зорилт тавьжээ

access_time 2019-03-15
remove_red_eye 103

 

Японы өндөр настан Сэцуко Такамизава гуай гадаад хэл сурахад хэзээ ч оройтдоггүйг батлан харуулахаар шийджээ.

Тэрээр 2020 онд Токио хотод болох зуны олимпийн наадмын үеэр ажиллах өргөдөл өгсөн 200,000 гаруй сайн дурынхны нэг юм. Эдгээр сайн дурынхан наадмыг зохион байгуулахад хувь нэмрээ оруулж, гадаадын зочдод хөтөч хийх зорилготой.

Олимпийн наадам эхлэх үед 92 настай байх Такамизава гуай англи хэл тодорхой түвшинд сурах зорилт тавьжээ. Тэр өмнө нь англи хэл огт судалж байгаагүй бөгөөд 1964 оны Токиогийн зуны олимпийн үед хүүхдүүдээ өсгөх гээд завгүй байсан тул үйл ажиллагаанд нь оролцож чадаагүй гэнэ.

Сайн дурынханд англи хэлний гүнзгий мэдлэг шаардлагагүй ч тодорхой түвшинд харилцаж чаддаг байх болзол тулгарч байгаа юм.

Такамизава гуайд ач нар нь англи хэл сурахад оройтоогүйг ухуулснаар өөртөө ийм зорилго тавиад байгаа гэнэ.

“Намайг ахлах сургуульд орсон жил дэлхийн хоёрдугаар дайн эхэлсэн юм. Улмаар хоёр жилийн дараа дайсныхаа хэлийг сурах хэрэггүй гээд англи хэлийг сургалтын хөтөлбөрөөс хассан” гэж тэр дурсан ярьжээ.

Такамизава гуай одоо өдөрт нэг үг цээжилж эхэлсэн байна. Олимпийн наадам эхлэх үед тэрээр 500 үгтэй болж, гадны зочидтой харилцах боломжтой болно гэж тооцжээ.

Токио 2020 наадмыг зохион байгуулагчдын мэдээлснээр сайн дураар ажиллах хүсэлт гаргасан иргэдийн 1 хүрэхгүй хувь нь 80-аас дээш настнууд байгаа гэнэ.

Эх сурвалж: Reuters

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549