Газар лусыг, гал устайгаа тахиулж явах нь их зөв шүү

access_time 2019-03-15
remove_red_eye 450

 

Домогт Бүжинлхам Бөжөө удганы онгод шүтээн, зан үйлийг өвлөн биелүүлж яваа шарын шашны удган Ц.Сарантуяатай уулзаж ярилцлаа. “Лус аргаддаг удган” үйлээрээ алдаршсан тэрбээр сүсэгтэн олныг зөв арга замд хандуулсан зөвлөгөө яриагаараа ч бас танигдсан нэгэн. 

-Жилийн засалд сүсэгтэн олон янз бүрээр, өөр өөрийнхөөрөө хандаж ирсэн. Хамгийн гол утга учир, ач холбогдол нь юу вэ?

-12 жил эзлэн оршдог монгол түмэнд жилийн засал гэдэг чухал зүйл юм. Над дээр олон хүн ирдэг. Дийлэнх нь ажил төрөл бүтэхгүй, амьдрал нэг л өөдлөхгүй юм гээд болох болохгүй асуудал ярьж ирдэг. Тэгээд, за энэ жил засалаа хийлгэсэн үү гэхээр “үгүй ээ, ерөөсөө амжихгүй юм” гэдэг байхгүй юу. Өөрсдийнхөө хэнэггүй, зохион байгуулалтгүй байдлаас болоод бүтэн жилийг даагаад явах засалаа хийлгэдэггүй нь манайхны том алдаа. Засал хийлгэхгүй юмбол энэ олон гандан хийд байгаад гэгээ гэрэл нь бидэнд үзэгдэхгүй шүү дээ. Жил жилийн, нас насны, суудал суудлын засал өөр өөр байна. Тэгэхээр жилдээ ганцхан удаа засалаа хийлгэсэн байхад амьдрал тэгшрээд, ажил үйлс бүтээд эхэлдэг. Цаг бусын осол гай түтгэрээс хамгаалагдаад явдаг. Дээрээс нь энэ ертөнцийг сахьсан сахиусууд болох Гомбо, Намсрай, Лхам, Жамсран бурхан гэж бий бөгөөд шинийн 8, 10, 15, 25, 29, 30 өдрүүдэд зул өргөхөд бүх зүйл тэгширч дэлгэрч амьдардаг учиртай. Нөгөө талаас заавал заслын утга учир бүхнийг мэдэж байх албагүй. Олон зууны турш шүтэж дээдэлж ирсэн энэ шашныг өвлөөд үргэлжлүүлээд яваа төлөөлөгч нартаа л өөрийгөө даатгачих.

-Жилийн заслыг шинийн 15-нд багтааж хийлгэх ёстой гэсэн нийтлэг ойлголт байна. Амжихгүй явсаар байгаад шинийн 15 өнгөрчихөөр итгэл үнэмшилгүй ч болдог юмуу орхичихдог…?

-Сар бүрийн шинийн 8, 10, 15, 25, 29, 30-ны өдрүүдэд Гомбо, Баян намсрай, Лхам, Жамсран гэсэн дөрвөн бурхан дэлхийг эзэлж байдаг. Засал номоо заавал шинийн 15-ны дотор гэлтгүй энэ өдрүүдэд дэлхий эзэнтэй өдрүүдэд хийлгэж болно. Тэгэхээр заавал сар шинийн 15 гэлтгүй сар бүрийн сайн өдрүүдийн аль нэгэнд, 365 хоногтоо амжаад л сайхан сүсэг бишрэлтэй, өөртөө итгэлтэй байдлаар засал номоо хийлгэж сурах хэрэгтэй. Биетэй биегүй хэдэн төгрөгний араас хөөцөлдөөд явж байгаа зав чөлөө муутай хүмүүсийг шинийн 15-ны дотор амжиж засалаа хийлгэ гэж “айлгах” хэрэггүй санагддаг.

-Та жил бүр хар нохойн ам аль зүгт байгааг анхааруулсан мэдээлэл өгдөг. Гахай жилийн хувьд?

–Шороон гахай жилийн хар нохойны ам жилийнх нь хойд, сарынх нь зүүн, өдрийнх нь баруун зүгт, цагийнх нь туулай цагт /05:40-07:40/ зүүн, луу цагт /07:40-09:40/ баруун, могой цагт /09:40-11:40/ урд зүгт хар нохойны амнаас хааж байна. Үүнийг ард иргэд хол явах, ажил төрөл хөөцөлдөхдөө маш сайн анхаарах хэрэгтэй. Хар нохой гэдэг нь хаанаас юуны сэжим гарахыг шиншилж байдаг. Бид сүсэгтэн олноо бүтэн жилдээ муу бүхнээс хол, хүн малын гарзгүй байлгахаар амин золигийг хар нохойн ам руу бие төлөөлөгч болгон явуулдаг учиртай. Амин золиг хийлгэсэн тохиолдолд тайван сайхан амьдарч болдог.

-Шороон гахай жилийн онцлог, анхаарах зүйлсийг хэлж өгөөч?

-Шороон гахай жил хөгшид, өвгөд дээдэст зөөлөн, дунд насныхан, хүүхдэд ширүүн жил байгаа. Гахай жилийн харш могой жилтнүүд дүнсэрийн буюу их харш жилтэй учирна. Бар, бич жилтнүүд шишиг дагах учраас Жадамба Ногоон дарь эх уншуулж амин золиг гаргуулаарай. Туулай, хонь жилтнүүд ивээл буюу түнсэмийн засалтай тул Алтангэрэлийн даллага хийморийн сан тавиулж Цагааншүхэрт, Ганшиг уншуулах хэрэгтэй. Нохой жилтнүүдэд цагаан жил учраас логор ургана. Энэ үед сэтгэл санаа нь эвгүйтэх, яр шарх гарах тул заслаа сайн хийлгээрэй. Хоёр хар мэнгэний засал маш их байгаа. Хулгана, бар, луу, морь, бич, нохой жилтнүүд суудлын өнцгийн засалтай. Есөн нүдний засалд нас нь тохиоход амь насанд хорлолтой тул анхаарах хэрэгтэй гэх мэтээр яривал маш их зүйлийг хэлэх юм. Зурхайн ухаанд таныг огторгуйн үүд нээгдсэн л гэж байвал хаалгах л ёстой.

-Өөр анхааруулж хэлэх зүйл юу байна?

-Газар лусыг, гал устайгаа тахиулж явах нь их зөв шүү. Нохой, бич сард маш их анхаарах хэрэгтэй. Нохой сар буюу 10 сарын 22-нд баруун, баруун хойд зүг рүү явж болохгүй. Модон суудалд суусан хүн ан гөрөөний мах идэж болохгүй. Ууланд суусан хүмүүс ангийн мах идэх, нойтон мод огтлох, хар малгай өмсөх цээрлэ. Энэ хоёрдугаар сард ам нь цангаад, үс нь унаад лусын хорлолд өртөгдөх шалтгаанууд илэрч байна гэсэн үг. Энэ шинж ууланд суусан хүмүүст илүү их анзаарагдана. Хулганатай эрчүүд жилээ угтаж яваа учраас заслуудаа маш сайн хийлгэх хэрэгтэй.

-Гэрийн эзэн мөрөө гаргачихвал бусад нь хамаагүй, эсвэл аав ээж нь засалаа хийлгэчихсэн байхад болоод явчихна гэдэг. Энэ талаар?

-Манайх нэг хэсэг шашинаа нууж шүтдэг нийгэмд амьдарсан. Ардчилалаас хойш хорих нуух зүйл байхгүй ч учраа олохгүй хэсэг бужигнасан. Одоо бол аав нь мөрөө гаргахад бусад нь сайхан болно гэсэн ойлголттой байж болохгүй. Дөнгөж өнөөдөр төрсөн хүүхдийг цаг тооны бичгээс сөхөөд харахад мэнгэ нь голлосон байна.

-ЭНГИЙН САЙН АРГУУДААР ӨӨРИЙГӨӨ ХАМГААЛААД СУРЧИХ ХЭРЭГТЭЙ-

-Таныг лусын удган гэдэг нь ямар учиртай вэ?

-Нэг талаас лусыг хүссэн бүхэн аргадаж зөөлрүүлж чаддаггүй. Нөгөө талаас хүмүүс өөрийн мэдэлгүй газар лусаа хилэгнүүлж хорлолд өртөж явдаг. Лус гэдэг хий үзэгдэл биш биет амьтан. Долоодугаар сарын сүүлч наймдугаар сарын 20-ны хооронд бүх ургамал газар лусаас эрч хүчээ авч шимээ бүрэн тээдэг. Үүнийг бид тасдана, гэмтээнэ, усыг бохирдуулна. Гэтэл энэ бүхнийг чинь газар лусын эзэд мэддэг юм. Ажил амьдрал нь нэг л болж өгөхгүй, үргэлж муу юм бодоод, цаанаасаа л нэг хазайчихсан олон хүнд би энэ бурууг нь ойлгуулж зассаар ирсэн. Лус тахина гэдэг лусын 81 чанар, лусад 81 бэлэг өргөх үйл юм. Лусыг аргадна гэдэг уйгагүй нарийн жаягтай “ажил” юм.

-Та нэг ярилцлагадаа хараалыг хариулах энгийн аргуудаас зааж өгсөн байсан. Тэр мэдээллээ та дахиад нэг сануулаач?

-Манайхан чинь одоо энэ хараал гэдэг юмаар бие биенээ айлгадаг болсон. Цаад хүн нь сэтгэлээрээ өөрийгөө хараалгуулчихлаа гээд зовдог болчихож. Хэрвээ үнэхээр та ийм байдалд ороод эвгүйцээд байвал сүү буцалгаад уучихаж бай. Эсгий хайчлаад хаалганыхаа зүүн талынхаа хатавчинд хийчих. Бор давсыг гэр байшингаа тойруулаад дөрвөн буланд нь асгачих. Иймэрхүү энгийн заслууд гадны хэл ам, хэрүүл тэмцлийг хааж чаддаг. Ядаж л ийм энгийн сайн аргуудаар өөрийгөө хамгаалаад сурчих хэрэгтэй.

-Засал ном хийлгэхдаа бид өөрсдөө юуг анхаарах ёстой вэ?

-Зурхайн номонд заасан засал номоо л хийлгэчих. Өөрсдөө өөртөө итгэлтэй, уншуулж буй номондоо сүсэг бишрэлтэй байхад л болно. Заавал тэр бүхний нарийн утга учрыг мэддэг байх шаардлагагүй.

-Айл болгонд л янз бүрийн хадаг, арц, рашаан, зүүлт энэ тэр удаан хадгалагдаж байдаг. Энэ бүхнийг яах ёстой бол?

-Хүн болгоноос л очиж янз бүрийн юм аваад тэрийгээ хооронд нь хольж хутгаад хэрэггүй. Үнэхээр тэр үедээ хэрэг болсон бол хадгалчих. Дээрээс нь надад хэрэг болох болов уу гэсэн эргэлзээтэй сэтгэлээр ханддаг бол ямар ч хүнээс юу ч битгий ав.

-Ярилцсанд баярлалаа.

Б.ОТГОНБАЯР

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549