МОНГОЛ ДАХЬ МАНЖЧИЛАЛ

access_time 2018-09-25
remove_red_eye 156

 

Манжизм Монголчуудыг ой санамжийн хувьд үнэхээр хялар болгосон уу?

Манжийн үлдээсэн өв өнөөдөр ч Монголыг ээдүүлсээр байгааг зарим жишээнээс харж болох л доо.

1960-1970- аад оны хөгшчүүд “манжийн арслантай авдар” гэж ярьдагсан.

Говь-алтай аймгийн Дэлгэр сумын өндөр настан 1923 оны МАХН-ын гишүүн Махир хэмээх Шатарбал “манж мөхөхөөсөө өмнө өглөгч болон оодорч айлуудад манжийн бэлгэдэл арслантай авдрыг тарааж хуучин авдрыг нь хурааж авдаг байв.

Манж мөхсөн ч бэлгэдэл нь айл болгоны хойморт байж л байх” гэж хуучлаж байв даа. Тэгэхнээ арслан нь манжийн бэлгэдэл бөгөөд Нийслэл хүрээ, Ховдын амбан, Улиастайн сайд, Хиагт зэрэг газар суусан Манжууд албаны журган буюу социализмийн үеийнхээр контор, ардчиллын өнөө цагийнхаар оффис болох амбаны үүдээ арслангаар сахиулдаг байсан юм.

Үүнийг л Манжизмын үлдэгдэл гэм үү. Богдын үед ч энэ нь заншил болж таван яамны үүдийг арслангаар сахиулж байж. Арслан шүтүүлэх ёс бөхийн цолонд хүртэл Манж амбаны зарлигаар арслан, заан цолуудыг оруулсан нь одоо ч Улсын арслан тэр, аймгийн заан тэр гээд үлдчихэж.

Уг нь Монголчууд бөхийг тэнгэр шүтээний хүчний бэлгэдэл болгон начин, шонхор, харцага, бүргэд гээд дандаа тэнгэрийн жигүүртний цолтой түүндээ тохирсон гараа дэвээтэй байж.

Гэтэл арслан, заан цол олгох болсноор арслангийн урд хоёр хөлийг дуурайлган хоёр гараа дугуйруулан үл дэвэн гүйж гардаг, өрөхдөө шороо авч цацдаг, өрөлгүй шууд дайран барьж авдаг, заан цолтон гүйдэггүй хөлөө тахимаар нугалан ойр ойр гишгэн урагш аажуухан алхаж, дороо эргэцэн гардаг зэрэг үйлдэл гарч байсан гэдэг. Үүнийг Монгол ёс заншил гэх нь хачин.

Тэр бүү хэл ах дүүсээ Манжаар хүндэтгэн нэрлэдэг заншил хаа сайгүй дэлгэрч байжээ. Амбаа(амбан), Даадай(ах), Манжаа(манж), Ажаа(эгч), гээд тоочоод байвал өчнөөн бөгөөд аливаа хэлэнд хөрш улс орнуудын хэл орж баяжуулдаг гэх мэт тайлбараар хаацайлах нь зөв ч юм уу буруу ч юм уу бүү мэддээ. Угтаа энэ Манж ёс Монголынх биш? дарангуйлагч Манжийн бодлогч Канси Энхамгалан хааны үзлийн цаана Хятадын Кунзын сургаал, Түвдийн шарын шашны мунхруулга хоёр байвай.

Манжийн дарлалаас чөлөөлөгдсөний 100 жилийн ойг хөл болгон тэмдэглэхдээ хамгийн гол нь анх яагаад Манжийн дарлалд орчихсон юм бэ? гэдгийг зөв тунгаах хэрэгтэй байлаа. Манжууд Монголчуудыг өөрт нь ямар ч гарз гарлагагүй хоосон цол хэргэм, чулуун жинс, шувууны өд мэтээр өрсөлдүүлж дотор нь атаа жөтөө дэгдээж урвагчдыг төрүүлснийхээ хүчинд санасандаа хүрсэн. Өнөөгийн төр баахан одон тэмдэг, гавьяат, ардын баатар гээд хоосон цол шагнаж Манжийн ёсыг дэглэж, өвлөж байгаа нь үнэхээр эмгэнэлтэй.

Манжийн эзэрхийллийн үед л Манай улс гүрний түүхэнд урьд өмнө хэзээ ч болж байгаагүй аллага хядлага нүүрлэж цөөхөн хэдэн суурин газруудын энд тэндгүй эх орончдын толгой дүүжлээстэй, зарим нь бас л үзэж байгаагүй шорон гяндан гэгчид сонсохоос зүрх шимшрэм есөн эрүү тулгуулж хулсан хадаас хумс руугаа шаалгуулж, хонгор азарга гэгчид нүцгэн бөхийж дөрвөн мөчөөрөө гавлуулж, хайрган дээр сөхрөөн хоёр тахимаа модоор гишгүүлэн талхиулах, цавчаргадуулах, шаахайдуулах, мах таслаж яс гэмтээх хавчуур савслагад өртсөн олон эх орончдын их итгэл хөсөрдсөнгүй Манж мөхөж Монгол мандсан түүх өнөөдрийнх.

Ардчилал, чөлөөт зах зээлийн Либерал үлгэрээр улс үндэстнүүдийг хууран мунхруулж, тухайн улсаас урвагчдийг элсүүлэн өөрсдийн зорилгондоо ашиглагч өнөө цагийн америк доллларын эздийн эзэнт гүрэн ч мөн Манж адил устан мөхөх болно. Монголчууд бид харин эх орончид, эрдэмтэн мэргэд, сэцэдийнхээ хүчинд үүрд мөнх оршин тогтнох болой. Үргэлжлэл бий…

“МОНГОЛ УХААН 9 н ЭРДЭМ” номноос

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549