Болсон явдал. Болох болохдоо….

access_time 2019-03-13
remove_red_eye 463

Энэ хүний өвөг дээдсийн учрыг ялгаж бичих нь хамгийн хорлонтойгоор орооцолдсон утаснуудыг салгахтай адил. 200 жилийн хугацаанд түүнийг төртөл нийт 26 хүний цус оролсон боловч зөвхөн 5 нь л түүний цусан төрөл биш. Түүний хуланц өвөө, эмээ хоёр нь бас хулан өвөө, эмээ нь болдог. Аав нь ээжийнх нь аавтай үеэлүүд. Ээжийнх нь ээж нь аавынх нь дүү. Ээжийнх нь өвөө, аавынх нь ээжтэй ах дүү. Ээжтэйгээ үеэл эгч дүүс, харин аав нь түүний нагац ах нь. Энэ ямар нэг ухаан шалгах бодлого биш. Болсон явдал. Болох болохдоо, жирийн хүнээс дээгүүр гэгддэг өндөр дээд язгууртай гэр бүлд үүссэн “зангилаа”.
Испанийн хаан 2-р Чарлез 1661 онд 4-р Филлип хааны угсгаа залгамжлах ганц хүү нь болж төржээ. Дөрвөн нас хүртлээ үг хэлж сурсангүй. 8 нас хүртлээ хөлд ороогүй энэ хаан нь цус ойртолтын хамаг сөрөг талыг өөрийн жижигхэн бие дээрээ цуглуулсан гэж хэлж болмоор. Хэтэрхий шаамий эрүүтэй байсан болохоор үргэлж шүлс нь савираастай. Тэгээд амандаа чихэлдсэн том хэлтэй болохоор хэл яриа нь авахын аргагүй. 10 нас хүртлээ нялх хүүхэд шиг аягласан энэ хааныг хоёр ч удаа гэрлүүлсэн боловч удам залгах хүүхэдтэй болж чадалгүй байсаар 1700 онд 38 настайдаа үхснийх нь дараа задлан хийж үзэхэд гавлын ясны хөндий нь тархи гэхээсээ илүү усаар дүүрсэн, биед нь нэг ч дусал цусгүй, хушганы чинээ зүрхтэй, төмсөгнүүд нүүрс шиг хар өнгөтэй болж, үрэвсэлсэн байсан гэдэг.

Мэдээж задлан хийсэн эмч гуай хэтрүүлж мэдээлсэн л дээ.Цус ойртох гэдэг зүйл бол удам угсгаанд хортой нөлөөтэй гэдгийг огт мэддэггүй, анзаараагүй болохоороо Хабсбургийн хаад ноёд өөр хоорондоо сууж “ирваатдаг” байсан уу гэхээр бас тийм биш. Эрх мэдэл, хураасан хөрөнгөө гадны хүмүүстэй хуваалцахгүй байх үүднээс л өөр хоорондоо гэр бүл болцгоодог байж.
Ганц Хабсбургийн удмынхан ганцхан ийм харамч тэнэглэл үйлдэж байгаагүй. Эртний Египетийн 18-р гүрний хаан Тутанхамун ч бас цус хэт ойртсноос үүдсэн гажигтай байсан байдаг. Тутанхамуны өвөг эцэг 3-р Аменхотеп нь Египетийн 18-р Гүрний 9-р Фараон байсан бөгөөд түүний хүү болох Анхенатен Фараон болон, охин хоёрын дундаас буюу ах дүү хоёрын дундаас Тутанхамун төрсөн байна.

Тутанхамуны ээжийг үзэсгэлэнт хатан Нефертити байсан байж магад гэж таамаг байдаг. Гэхдээ Египетийн Хаадын хөндийгөөс 1898 онд 35-р булшнаас олдсон “Залуу бүсгүйн муми” дээр хийсэн ДНХ шинжилгээгээр уг “Залуу бүсгүй” нь Тутанхамуны ээж бас 3-р Аменхотепийн охин гэдэг нь батлагдсан. Харин Нефертити хатан нь Аменхотепийн охин гэхэд эргэлзээтэй. Тэгэхээр Нефертити нь Анхенатны нэг хатан нь, бас Анхенатн фараон өөрийн дүү бүсгүйгээр хатан хийж Тутанхамуныг төрүүлсэн гэдэг таамаг нь илүү үнэнд нийцнэ. Египетийн хаадыг ярихаар тэсэхгүй хадуурах гээд байх юм.
Нефертитигийн цээж баримлыг Берлингийн Neues музейд очиж сонирхож болно. 3300 илүү жилийн өмнө бүтээгдсэн энэ цээж баримлыг үзээд бишрэхгүй байхын аргагүй.
Тутанхамуны мумиг судалж үзэхэд бас л 2-р Чарльз хаан шиг “Төгс” гажиг этгээд байж. Мэдээж эхлээд удмынхнаа дуурайсан томоо гэгчийн үүдэн шүдтэй. Тэгээд цус ойртолтын гажиг байх магадлалтай сэтэрхий уруул, хүзүүний үенүүд нь хоорондоо нийлснээс болсон навтгар хүзүүтэй, толгойгоо эргүүлж чаддаггүй, нэг хөл нь хазгар, нуруу нь далий, хөлийн ул нь хавтгай, эмэгтэй хүнийх шиг ташаа гээд олон төрлийн эмгэгтэй нэгэн байжээ.
Цус ойртолт нь дандаа гажигтай үр удам үлдээдэг үү гэвэл үгүй. Зүгээр л цус ойртсоноос болж элдэв гажигтай хүүхэд төрөх магадлал л өсдөг. Учир нь, хүүхэд эцэг эхээсээ яг тавь тавин хувийн удамшлын генийг хувааж авдаг. Харин зарим генүүд нь илүү түрэмгий байдаг бөгөөд аав ээж хоёроосоо авсан хос генийн аль түрэмгий байгаа генийнхээ шинж чанар нь үр хүүхэд дээр нь илэрдэг. Жишээ нь бор нүдний ген нь бусад нүдний өнгийг илтгэдэг генээс илүү түрэмгий байдаг тул ааваасаа ногоон, ээжээсээ бор нүдний өнгөний ген авсан бол хүүхэд нь бор өнгийн нүдтэй төрдөг.

Гэтэл зарим хүний биеийн гажгууд, удамшлын өвчнийг бий болгодог генүүд нь бас эсэргээрээ, “халирамтгай” байдаг. Өөрөөр хэлбэл эхнэр нөхөр хоёрын аль нэгнээс нь удамшлын гажиг үүсгэх генийг хүүхдүүд нь өвлөх боломжтой. Тийм ах дүүс эсвэл эгч дүүсийн дундаас хүүхэд гарвал эцэг эхээсээ нэгэн зэрэг ийм халирамтгай ген өвлөж авч удамшлын гажиг үүсгэх хос гентэй болох магадлал илүү өндөр болно гэсэн үг. Гэхдээ удамшлын гажиг үүсэхгүй олон үе дамжаад явах ч боломжтой.
Манай мэргэжлийн хүмүүс ийм генүүдийг Монгол хэлэнд хэрхэн орчуулан нэрлэснийг мэдэхгүй юм.

Эх Сурвалж:Khulan Ganbat

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549