Америк эр сугалаанаас $273 саяыг хожих боломжийг олгосон сайн санаат хүнийг хайж байна

2019-03-09 694 0

АНУ-ын Нью Жерсигийн оршин суугч, 54 настай, эрхэлсэн ажилгүй Майк Вэйрски өнгөрсөн Баасан гарагт Mega Millions сугалаанаас $273 саяыг хожсон юм.

Тэрээр өчигдөр хэвлэлийнхэнд хандаж, өөрийг нь саятан болгоход тус болсон сайн санаат хүнийг хайж байгаагаа зарлажээ.

Вэйрски өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагт Филипсбург хотын жижиг дэлгүүрээс сугалааны тасалбар худалдан авсан байна. Гэвч тэр тухайн үед гар утсаараа яриад завгүй байсан тул худалдаж авсан тасалбараа лангуун дээр мартаад явсан ажээ.

Мартсан тасалбарыг нь хэн нэгэн олоод дэлгүүрийн худалдагчид өгч хадгалуулсан байна. Маргааш нь Вэйрски дэлгүүрт буцаж ирэхэд орхисон тасалбарыг нь буцааж өгчээ.

Сугалааг зохион байгуулагчид хэрвээ тэр сайн санаат хүн тасалбар дээр гарын үсгээ зураад өөртөө үлдээсэн бол азтан болох бүрэн боломжтой байсныг баталсан байна.

Вэйрски “Тасалбарыг буцааж өгсөн хүнд би талархлаа илэрхийлэхийг хүсэж байна. Би түүнийг шагнана, гэхдээ нууцыг хадгална” гэж мэдэгджээ.

Олон жилийн турш сугалаанд азаа үзэж байгаа Вэйрски одоо хөл газар хүрэхгүй баяртай байгаа бөгөөд цаашдаа хүссэнээрээ амьдрах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

Тэр $273 саяын хонжворынхоо $162 саяыг бэлнээр авах боломжтой юм. Вэйрский хамгийн түрүүнд өөртөө цоо шинэ Ford Raptor пикап авч, ээждээ бас шинэ машин авч өгсөн байна. Ээжийнхээ байрыг шинэчлэн засварлаж өгөхөөр болж, өөртөө шинэ байр хайж эхэлжээ.

Вэйрски олон жилийн турш гэртээ ажилгүй суусан бөгөөд эхнэр нь ажил хийж түүнийг тэжээдэг байсан гэнэ.

Харин өнгөрсөн оны аравдугаар сард эхнэр нь түүнээс салжээ. Тэд хүүхэдгүй юм байна. Вэйрски сүүлийн жил орчим хугацаанд идэвхтэй ажил хайсан ч ганц ч байгууллага түүнийг ярилцлагад дуудаагүй гэнэ.

“Би өглөө босоод л хүссэн газартаа явж, хүссэн зүйлээ худалдан авч, хүссэн зүйлээ хийдэг болохыг үргэлж мөрөөддөг байсан. Одоо мөнгөтэй болсон тул ингэж амьдрахыг хүсэж байна” хэмээн тэр ярьжээ.

Эх сурвалж: Associated Press

Холбоотой мэдээ