Венесуэль улс мөнгөн дэвсгэртийн тооноосоо 5 тэгийг хасахаар боллоо

access_time 2018-07-27
remove_red_eye 767

Жилийн өмнө Венесуэльд аяга кофе 2,300 боливарын үнэтэй байжээ. Тэгвэл өнөөдөр 2,000,000 боливарын үнэтэй болсон байна.

Уг асуудлыг шийдэхийн тулд Венесуэлийн засгийн газар мөнгөн дэвсгэртийн тооноосоо 5 тэгийг хасахаар болжээ.

Ерөнхийлөгч Николас Мадуро өчигдөр уг шийдвэрийг өөрөө танилцуулж, шинээр хэвлэгдэх дэвсгэртийг үзүүлсэн байна.

Таван тэг хасагдсан шинэ мөнгөн дэвсгэртүүд наймдугаар сард гүйлгээнд орох юм.

Одоогийн дэвсгэртийг “bolivar fuerte” хэмээн нэрлэдэг ба дээрээ 1,000-аас 100,000-ын тоотой байдаг. Уг дэвсгэрт ирэх сараас ашиглагдахаа болино.

Харин “bolivar soberano” хэмээн нэрлэгдэж байгаа шинэ дэвсгэртүүд нэгээс 500-ын хооронд дүнтэй байх юм.

Үүний дараа аяга кофе 20 боливарын үнэтэй болох ажээ.

Гэвч уг арга хэмжээ Венесуэлийн эдийн засгийн бэрхшээлийг засварлаж дийлэхгүй гэж шинжээчид үзэж байна. ОУВС оны эхээр тус улсын инфляцийг 2018 онд 12,870 хувьд хүрнэ гэж тооцоолсон.

Харин энэ долоо хоногт тэд тооцооллоо шинэчилж, 1,000,000 хувьд хүрэхээр байгааг зарласан юм. Ингэснээр Венесуэлийн инфляц 1920-оод оны Герман, 2000-аад оны Зимбабвегийн хэмжээнд очиж байна.

Мадуро тэгийн тоогоо олноор хассан ч нэг ам.долларыг олон сая боливараар авах зах зээлийн ханш хэвээр байгаа юм.

Эх сурвалж: Quartz

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549