“Эрдэнэт” үйлдвэрийг худалдаж авсан мөнгөний 72,4 хувь нь төрийнх

access_time 2019-03-04
remove_red_eye 295

 

“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьчлалтай холбоотой Засгийн газрын нууц протоколыг ил болгосонтой холбогдуулан Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нарын гишүүд өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ “Монголиа коппер корпорэйшн” компанийн 49 хувийг худалдаж авсан санхүүгийн схемийг танилцуулсан юм. Тэрбээр УИХ-ын 23 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх үүднээс мэдээлэл хийж байна. “Эрдэнэт”-ийн 49 хувийн хувьцаа худалдан авахад 400 270 000 ам.долларын эх үүсвэр бүрдүүлсэн схемын талаар танилцуулна. Монголбанкнаас өрийн бичиг бичиж, хоёр удаа 200 тэрбум төгрөг авсан, Хөгжлийн банкнаас 71.3, 51.3 сая ам.долларыг, Аж үйлдвэрийн яамнаас 90.3 сая ам доллар, Худалдаа хөгжлийн банкнаас 111.2 сая ам.долларын барьцаагүй зээл тус тус авсан байна.

Монголбанкнаас зузаатгал хийн 160 тэрбум төгрөг авсан. Монголбанк, Худалдаа хөгжлийн банкнаас “Монголиан копер” корпораци руу мөнгө шилжүүлсэн. “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдаж авах санхүүжилтийн 72.4 хувь нь төрөөс, 26.4 хувь нь хувийн компаниас гарсан. Энэ санхүүгийн схемийг хууль хяналтын байгууллага шалгаж, эцэслэн зарласны дараа Засгийн газар “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдан авсан “Монголиа коппер корпорейшн”-той хэлцлийн ширээний ард сууна” гэлээ. Мөн хуулийн байгууллага шалгаж байгаа тодорхой хэсгийг нууцын зэрэглэлтэй үлдээж байгаа бөгөөд хуулийн байгууллага эцэслэсний дараа нээлттэй болгох боломжтой гэсэн юм.

Өнгөрсөн хугацаанд ийм мэдээлэл, асуудал үүссэн байхад хуулийн байгууллага, ялангуяа нийслэлийн прокурорын байгууллага хариуцлагагүй хандсан, олон удаа энэ асуудлыг шалгах хүсэлт өгсөн ч тодорхойгүй шалтгаанаар шалгах үндэслэлгүй гэсэн шийдвэр гаргаж байсан гэнэ. Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн нууцын зэрэглэлтэй материалууд ил болсноор хуулийн байгууллага ажлаа хийх боломж бүрдэж, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнээс ахлуулсан ажлын хэсэг байгуулагдсан байгаа гэдгийг энэ үеэр онцолсон юм. Энэхүү ажлын хэсэг ил болсон эдгээр мэдээллийн дагуу цаашид “Эрдэнэт” үйлдвэрийн асуудлыг хэрхэх талаар ярилцах юм байна.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549